Шударга мэдээ
Сургууль орчимд тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгч хяналтын камер суурилууллаа
Өнөөдөр БГД-ийн ИТХ-ын дарга буюу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүн Б.Сэмжидмаа дүүргийн Ерөнхий боловсролын 13 дугаар сургуульд ажиллалаа.
Дүүргийн ГХУСАЗСЗ тус сургуулийн өмнөх авто замын гарцанд хөдөлгөөнийг хянах, дугаар илрүүлэгч камер суурилуулах ажлыг зохион байгуулсан. Тэрээр “Зам тээврийн осол гэмтэлд явган зорчигчид, тэр дундаа сургууль орчмын бүс нутагт сурагчид өртөн ам нас, эрүүл мэнд нь хохирдог сэтгэл эмзэглүүлсэн асуудал буурахгүй байна. Тиймээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд биечлэн анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран эрсдэл бүхий 11 сургуулийн судалгааг гаргасан.

Энэ ажлын хүрээнд бид хүүхэд багачуудаа эрсдэлгүй, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх, явган зорчигч гарц орчимд зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогчид анхан шатны тусламж үзүүлэхгүй хэргийн газраас зугтдаг жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд хяналт тавих зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар илрүүлэгч хяналтын камер суурилуулж байна. Нэн тэргүүнд хүүхэд багачуудаа осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, дүүргийн нутаг дэвсгэр дэх 13, 40, 46, 141 дүгээр сургуулиудад энэхүү камеруудыг байршуулж эхэллээ.
Хойшид 19, 38, 22, 70, 96, 113 дугаар сургуулийн орчмыг шат дараатайгаар камержуулах болно. ГХУСАЗСЗ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газартайгаа нягт хамтран ажиллаж байна. Бидний хамтын хичээл зүтгэл олон гэр бүлийн эрүүл, аюулгүй амьдрах эрх, хамгаалагдах шаардлагад чухал нөлөө үзүүлнэ. Хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө сэтгэл зүтгэл нэгтэй ажилладаг эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамир: 2020 онд Зам тээврийн хэрэг, ослын улмаас улсын хэмжээнд 560 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэн, 64 хүүхдийн амь нас хохирсон судалгаа бий. Түүнчлэн 2021 оны эхний 4 сарын байдлаар хөл хорио тогтоон, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч энэ хугацаанд улсын хэмжээнд 74 хүүхэд зам тээврийн осол гэмтэлд өртөж, хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэн, 11 хүүхдийн амь нас хохирсон. Эдгээ 74 хүүхдийн 80 орчим хувь нь явган зорчигч байлаа. Бага насны хүүхдүүд СӨБ, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрийн дагуу “Ногоон гэрэл, цагаан шугам” сургалтад хамрагдаж хэвшсэн учраас гарцаар гарч заншсан.

Гэсэн ч зарим жолоочийн санамсар болгоомжгүй байдлаас осол хэрэг гарч, хүүхэд хохирох байдал бууруулахгүй байгаа юм. Дүүргийн нутаг дэвсгэрт 2020 онд эхний 5 сард гарц орчимд 10 осол гарч, 10 хүүхэд гэмтсэн, 2021 оны эхний 5 сард 6 осол гарч 7 хүүхэд гэмтсэн статистик гарсан. 13-р сургуулийн захирал Б.Саранчимэг: Манай сургуулийн 3340 сурагч энэ орц, гарцаар гардаг. “Сургуулийн цагдаа” хоёр ээлжээр замын хөдөлгөөнд зохицуулалт хийж ажилладаг ч хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудал бол цаг үргэлж анхаарал шаарддаг ажил. Энэ чиглэлд маш том асуудлыг шийдэж өгч буйд баяртай байна. “Камер тавигдлаа гээд бид бүх зүйлээ үүнд даатгаж болохгүй, эцэг эхчүүд, жолооч нарыг мэдээллээр хангаж, осол хэргийн газраас зугтах боломжгүйг сануулах, сэрэмжлүүлэх мэдээлэл байршуулах тухай зөвлөмжийг тань ажил хэрэг болгох болно” хэмээн онцоллоо.

Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэглэнэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.
Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийт 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7,000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ байгуулжээ.
Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүй байна. Үүний улмаас наймдугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1,200-2,000 ам.долларт хүрчээ.
Иймд дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулахын тулд гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг салбарын сайд танилцуулсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч Монгол Улс уг хоригт хамрагдахгүй гэдгийг онцоллоо. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна.
Тэрбээр шатахууны нөөц, түгээлтийн мэдээллийг иргэдэд ил тод хүргэж, 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулахын барилгын ажлын явцыг Засгийн газар болон олон нийтэд тогтмол мэдээлэхийг үүрэг болгожээ.
“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл тэг хувиар тогтоолоо.
Мөн газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах, гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх, шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг түргэн шийдвэрлэх, шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
