Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүл багасна. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Орхон голын хөндийгөөр 17-22 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
2021 оны 07 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Цаг үе
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаг үе
Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээрэмджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна.
Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
