Улстөр нийгэм
“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам” гаргана
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг энэ сарын 03-ны өдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Тус төслийн хэрэгжилт 30 хувьтай байна. Цар тахлаас улбаатай элдэв саад бэрхшээл тохиолдож буй ч улс орны эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэг хоног, нэг цагаар ч болов хойшлох, саатах ёсгүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Ковид-19 цар тахлаас үүдэж Тяньжин, Эрээний боомтод Энэтхэгээс ирсэн ачаа тээвэр саатаж, тээвэрлэлттэй холбоотой үнийн хөөрөгдөл үүссэний зэрэгцээ гадаад, дотоодын ажиллагсдыг удаан хугацаагаар тусгаарлах, хот хоорондын зорчих хөдөлгөөний хязгаарлах зэрэг хүндрэлтэй асуудал байгаа ч төслийн ажил зогсолтгүй үргэлжилж байна. Цаашид түүхий эдийн хангамжийн асуудал буюу Давст XXXI талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах асуудлыг шийдвэрлэх болон үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг яаралтай бэлтгэх зэрэг тулгамдсан асуудал байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
“Аливаа томоохон төсөл хөтөлбөрийн цаана зөвхөн эдийн засгийн өсөлт, санхүү мөнгөөр хэмжигдэхгүй нийгмийн үр өгөөж үлэмж их байдаг. Ялангуяа, стратегийн чухал ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг оролцоо чухал учраас илүү хичээж ажиллах хэрэгтэй. Төслийн ач холбогдолтой харьцуулахад дээрх тулгамдсан асуудлууд бол шийдвэрлэх боломжтой ажил. Тиймээс тээвэрлэлттэй холбоотой асуудлууд болон Хөгжлийн банкны зээлийн хүү, үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлуудыг энэ сард багтаан шийдвэрлэж, төслийн ажлыг урагшлуулах ёстой” хэмээн Шадар сайд хуралдааны төгсгөлд өгсөн үүрэг даалгавартаа онцоллоо.
Мөн “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
