Урлаг спорт
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл өнөөдөр ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм.
Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

“Монгол” пянзны нээлтийн үйл ажиллагаа 07:00-09:00 цагийн хооронд үргэлжлэх бол 11:00 цагаас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Нар угтсан өглөө” арга хэмжээ зохион байгуулна. 1921 оны наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байв. Үүнээс улбаалан тус өдрийг Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Монгол Улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Энэ жилийн хувьд залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан тус арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
Урлаг спорт
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна. Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана.
Тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон Иймд 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжилэх бөгөөд тус маршрут нь
Офицеруудын ордоноос -Нарантуул-Дүнжингарав худалдааны төв хүртэлх хамаарна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

