Улстөр нийгэм
Төв аймгийн Эрдэнэ суманд 15 ортой Эрүүл мэндийн төв барьж эхэллээ
Төрөөс нийгмийн салбарын байгууллагуудын хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэн, бүтээн байгуулалт хийж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг бодлого хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байна.
Төв аймгийн хэмжээнд 2021 онд 6 суманд Эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг сайжруулах, өргөтгөл засвар хийх ажлууд үргэлжилж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Эрдэнэ суманд 15 ортой эрүүл мэндийн магадлан итгэмжлэлийн стандартад нийцсэн барилгыг улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.
Уг барилгын гүйцэтгэгчээр "Барилга менежмент" ХХК шалгаран, 2022 оны 7 дугаар сард түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ашиглалтад хүлээлгэж өгөхөөр болсон талаар эх сурвалж онцоллоо.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Орон нутагт цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан дархлаажуулалтыг дэмжих зорилгоор ЭМЯ-аас вакцины зөөврийн хөргөгч, хүйтний хэлхээний тоног төхөөрөмж шийдвэрлэснийг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Түүнээс гадна Төв аймгийн удирдлагууд 5 суманд яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмжийн багц олгох ажлын хүрээнд Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд шаардлагатай багц, "Шүдний кабинет"-ийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.
Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ
Улстөр нийгэм
Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
“Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун ухаан, энтертэйнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Улстөр нийгэм
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/48 дугаар тушаалаар баталсан бөгөөд ажлын хэсгийн эхний уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Ажлын хэсэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Батлан хамгаалахын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, мөн актуарч, холбогдох судлаач нар зэрэг өргөн бүрэлдэхүүн багтсан.
Хурлыг ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан, Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүд холбогдох саналаа илэрхийллээ.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, үйл ажиллагаа, засаглал ил тод байх, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төсөлд тусгасан.
Ажлын хэсгийн гишүүд тус хуулийн төслийн ерөнхий агуулгад санал нэгдэж, хуулийн төслийн үзэл баримтлалыг нэн яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны намрын мод тарих арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар аравдугаар сарын 4-26-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
2024 оны намрын байдлаар 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага нийт 559802 мод, бут, сөөгийг тарьж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад байна.
Гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьжээ. Мөн нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, 19851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд 5 байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онуудад нийт 3.369.619 ширхэг мод бут таригдаж, 95 хувийн амьдралтай байгаа билээ.
2024 оны намрын байдлаар дараах байршлуудад мод тарьжээ.
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн - 8267
- Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас - 10570
- Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”- 1671
- Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”- 1292
- Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”- 13846
- Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”- 256
-Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам - 1680
-Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА-Мод үржүүлгийн газар"- 30460
-
Улстөр нийгэм2021/03/05
Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна
-
Шударга мэдээ2021/03/15
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 23:0...
-
Шударга мэдээ2021/08/16
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна
-
Урлаг спорт2021/11/06
1241 онд байгуулагдсан Ханновер хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдав