Үзэл бодол
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий

"Монголын дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2019" энэ сарын 13, 14-ний өдрүүдэд болж байна. Энэ жилийн чуулга уулзалт "Дижитал шилжилт" нэртэйгээрээ явагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Энэхүү чуулганы үеэр Монголын Радиологийн Үндэсний Чуулганы 2019 оны конгресс президент Д.Бархүүтэй ярилцлаа.
-Өнөөдрийн уулзалтын талаар?
-Өнөөдөр Монголын дүрс оношлогооны нийгэмлэгийн 24-р их хурал болж байна. Монголын бүх аймаг, орон нутгаас ирсэн нийтдээ 400 гаруй эмч, мэргэжилтэн, эмнэлгийн техникч нар оролцсон хурал болж байна. Энэ хурлаараа бид нар "Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал" гэж яригдаж байгаа үед манай салбарын хамт олон бэлэн үү, хэрхэн яаж бэлдэх үү, дотооддоо ямар стандартыг барих вэ гэдгийг хэлэлцсэн сайхан хурал болж байгаа. Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагддаг. Өнөөдрийн уулзалтын хамгийн гол ач холбогдол нь "Дижитал шилжилт" юм.
-Та бүхэн энэхүү уулзалтынхаа үр дүнгээс юуг хүлээж байна?
-Энэ удаагийн уулзалт маань өмнөхөөсөө илүү эко орчинд болж байна. Тухайлбал, цаасан хэвлэлгүй, ном цаасгүй болж байгаа юм. Дижитал хэлбэрт бүрэн шилжсэн. Бүх дүрс оношлогооны эмч нар нэгдсэн нэг системд холбогдож чадаж байгаа юм. Ингэж холбогдсон системээрээ бид нар дотроо нарийн асуудлаа ярилцаж, шийдээд явах бүрэн бололцоог энэ хурал нээж өгч байгаа.
-Энэхүү системд нь улсын болон хувийн эмнэлгийн, хөдөө орон нутгийн эмч нар бүгд оролцож чадаж байгаа юу?
-Монголын бүх хувийн болон төрийн бүх эмнэлэг, анагаахын сургуулиудын эмч, технологич, инженерүүд оролцсон хурал болж байгаа. Хурлаасаа гарсан бүхий л асуудлыг үр дүнд хүргэхийн төлөө хамтарч ажиллана.
-Нэн тулгамдаж байгаа асуудлынхаа талаар?
-Бидэнд нэн тулгамдаж байгаа асуудал бол Монголын төр ба хувийн хэвшлийн түншлэл. Учир нь бодлого нь тогтворгүй. Үүнийг тогтвортой болгож, ойлгомжтой болгох асуудал л нэн тулгамдаж байна. Мөн нийгмийн даатгалын хөнгөлөлтөд өндөр өртөгтэй шинжилгээ орох уу, иргэдийн карманаас төлж байгаа мөнгийг хамгийн их нэмэгдүүлж байгаа нь манай салбарын тоног, төхөөрөмжүүд. Хувийн эмнэлгийн замбараагүй, болдоггүй тэлэлт энэ бүгдийгээ дотооддоо ярилцаж цэгцлэе гээд хуралдаж байна даа. Энэ чиглэлийн бодлого, төлөвлөлт байхгүйн улмаас тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд эмнэлгүүд маш их мөнгө төлж байна. Тоног төхөөрөмжөө хэт их тэлж, олон төрлийн тоног төхөөрөмж суулгаж байгаа нь ирээдүйд манай улс сервис зардал дээр асар их мөнгө төлөх болно. Энэхүү уулзалтаас тодорхой үр дүн, шийдэлд хүрч чадна гэж бодож байна.
-Уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм байна. Өнөөдрийн хувьд олон илтгэл тавигдаж байгаа харагдлаа. Гаднын орнуудаас уригдан ирсэн зочдоосоо танилцуулбал?
-Япон, Хятад, Тайван, Солонгос зэрэг орнуудын эрдэмтэд хүрэлцэн ирж оролцож байгаа. Дотоодын төлөөллүүд мөн гаднын эрдэмтдийн илтгэл тавигдаж байгаа нь олзуурхууштай хэрэг болж байна.
-Өнөөдөр та ямар сэдвээр илтгэл тавив?
-Бид 24-р чуулга уулзалтаа дижитал шилжилт сэдвээр хийж байна. Энэ шилжилтэд манай салбарынхан бэлэн үү, дотооддоо болохгүй байгаа асуудлаа өөрийн илтгэлээрээ сөхөн асуудал хөндөн ярилаа.
-Таны илтгэлийг сонсож байхад та "Солонгын долоон өнгө" гэж ярьсан. Энэ талаараа уншигчдад сонирхуулбал?
-Монгол улс гуравхан сая иргэнтэй. Гэтэл манайх шиг оронд бол 2-3 төрлийн брэндийн аппарат байхад болох асуудал. Гэвч бид нар 7 түүнээс дээш төрлийн брэндийн аппарат орж ирж байна. Энэхүү брэнд болгоны ард хүн хүч, хөрөнгө яригддаг. Жишээлбэл, 10 томографикийн сервесийг хариуцахад тэрний зардал буурдаг. Харин гурав, дөрвөн аппаратын зардал өндөр байдаг. Ингээд ирэхээрээ иргэдийн нуруунд ачаалал ирж байгаа юм. Тийм учраас бид цөөхөн брэндийн чанартай тусламж үйлчилгээг хамгийн бага зардлаар хүргэх асуудлыг дэвшүүлж байгаа.
-Техник технологи нь хөгжихийн хэрээр эмч нар нь хариугаа сайн унших асуудал сөхөгдөх болсон. Энэ тал дээр монгол эмч нар хэр зөв, оновчтой уншиж чаддаг вэ?
-Энэ асуудлыг маш их ярьдаг. Хариуг манайхан дэлхийн түвшинд уншиж чаддаг болсон. Харин үүнийгээ иргэдэд зөв ойлгуулж, хүргэх тал дээрээ учир дутагдалтай байгаа. Тэрнээс нийгэмд яригддаг шиг аппаратынхаа оношийг уншиж чаддаггүй юм байна лээ гэдэг зүйл бол худлаа. Харин хөдөө орон нутгийн нарийн мэргэжлийн эмч нар дотроо олон салчихсан байдаг. Үүнийг хөдөөний эмч нар бичиж чадахгүй. Буруу хүлээлгэх хэрэггүй. Харин хотынхоо эмч нартай яаж, хэрхэн холбож ажиллах вэ гэдгээ ярилцсан. Аль хэдийнээ холбоод хувийн хэвшлийнхэн энэ үүргээ гүйцэтгээд эхэлчихсэн байгаа. Одоо гол нь стандарт, нэгдсэн зөв зохион байгуулалтад ороход л шийдэгдэх асуудал. Суурь нь хэдийнээ тавигдчихсан байгаа юм.
Сүүлийн 3-4 жилийн дотор эмч нар MRI хариугаа сайн уншдаг болсон.
-Улсын эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө эдлэх гээд хэдэн сараар иргэд хүлээж байж MRI хийлгэж байна. Харин хувийн эмнэлэг дээр мөнгөтэй хүмүүс нь авахуулчихдаг гэдгийг бид бүхэн мэддэг. Гэтэл цаана нь нэн яаралтай MRI хийлгэх хэрэгтэй мөртлөө төлбөрийн чадваргүй хүн хаана, хандаж яаралтай хийлгэх ёстой вэ. Энэ асуудлыг та бүхэн ярилцаж байна уу?
-Монголд байгаа нийт аппаратуудын гуравны нэг нь улсынх. Гуравны хоёр нь хувийн хэвшилд байгаа. Тэгэхээр улсын эмнэлэгт байгаа аппаратаар үйлчлүүлэгчид даатгалаас мөнгө авдаг. Хүн мэдээж үнэгүй учраас тэнд үзүүлэх гээд очер дараалал үүсгэчхэж байгаа юм. Гэтэл хувийн хэвшлийн нэг ч эмнэлэг даатгалаас мөнгө авдаггүй. Үүнийг авна гэвэл нийгмийн даатгал нь ачааллаа дийлэхгүй. Энэ асуудлыг гаднын өндөр хөгжилтэй оронд нэн яаралтай амь насанд заналхийлсэн эмчилгээг хувийн эмнэлэгт даатгалаараа хийлгэдэг.
Энэ тогтолцоог нэвтрүүлчихвэл асуудал шийдэгдэх боломж бий. Тухайлбал, Солонгос улсад тархины MRI-г бүх иргэд нь аль ч хувийн эмнэлэгт даатгалаар хийдэг. Яагаад гэвэл хүн гэнэтхэн тархиндаа цус харваж болно. Улсын эмнэлэг очерловол цаг хугацаа хүрэлцэхгүй. Тиймээс гэрийнхээ ойрхон байгаа эмнэлэгт MRI-ээр онош тодорхой болгоно. Хэдий чинээ хурдан оношлогдон төдий чинээ үр дүнтэй.
Монгол улсад үүнийг зохицуулах боломж бололцоо нь бий. Энэ бүгдийг бид ярина.
-Одоогийн байдлаар манай улсад нэвтэрсэн техник технологийн дэвшил нь ямар түвшинд явагдаж байна?
-Монгол хангалттай MRI-тай болчихсон. Хөдөө орон нутагт ганцхан бий. MRI өөрөө өндөр технологи шаарддаг. Дэлхийн түвшний бүх аппарат Монголд суугдчихсан. Ямар ч асуудалгүй.
-Монголд нэвтэрсэн бүх MRI нэг хариу өгнө гэдэгт та итгэлтэй байна гэсэн үг үү?
-Бидний энэ удаагийн уулзалтын бас нэгэн чухал асуудал. Тухайн өвчтөнд хүндрэл учруулахгүй, иргэдийн төлж байгаа карманаас гарч байгаа мөнгийг нөгөө эмнэлэгт очихоор нь буруу байна дахиж манайх өөрсдөө авна гэдэг асуудлыг байхгүй болгохын тулд аппарат, эмч нартаа стандарт тавья гэдгийг энэ хурлаараа шийдэж байгаа ач холбогдолтой хурал болж байна.
-Төр засгаас ямар нэгэн оролцоог хүлээж байна уу?
-Эрүүл мэндийн яамны бодлогын хүмүүс хуралд сууж байгаа. Маргааш бид нар нээлттэй хэлэлцүүлэг явуулна. Өөрсдийн санал хүсэлтээ бодлого явуулж байгаа яам руугаа явуулж харилцан уялдаа холбоотой энэ асуудлыг шийдэх бүрэн бололцоотой.
Үзэл бодол
С.Эрдэнэболд: Парламент хүний эрхийг тогтолцооны төв болгохоор ажиллаж байна
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Хүний эрхийг хангах, хамгаалахад манай эрх зүйн орчин ямар байна вэ?
-Би 2024 оны 10 дугаар сарын 22-нд Дэд хорооны даргаар сонгогдсон. Түүнээс хойш хүний эрхийг зүгээр нэг нийгмийг доргиосон, шуугиан тарьсан үед хөндөж яриад өнгөрдөг бус, эрх зүйн орчинд тогтвортой, тасралтгүй анхаарч шинэчлэл хийх шаардлагатайг ойлгосон. Хууль тогтоох байгууллагын хувьд бид зөвхөн хууль батлаад зогсох биш, түүний хэрэгжилт, хүний эрхэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих үүрэгтэй.
-УИХ энэ бүрэн эрхийнхээ хугацаанд бүх үйл ажиллагаагаа “хүн төвтэй” байхаар тодорхойлж, стратегиа баталсан, энэ хүрээнд хүний эрхийн чиглэлд ямар ахиц гарч байна вэ?
-Энэ стратеги бол парламентын үйл ажиллагааг илүү чадавхжуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гарч буй шийдвэр бүр хүний эрхийн шалгуурыг давах ёстой гэдэг хатуу үзэл баримтлалтай. Өнгөрсөн намрын чуулганаар л гэхэд 100 орчим шийдвэр, хууль, тогтоол гарсан. Улсын Их Хурлаас гарч буй аливаа шийдвэр хүний эрхийг зөрчихгүй байх зарчмыг бид баримталж ажиллаж байна.
-Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай байнгын уулзалт зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ механизм хэр үр дүнтэй байна вэ?
-Хүний эрхийн дэд хороо 2024 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гарагт төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, судлаачидтай хамтран, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сэдэвчилсэн уулзалт-хэлэлцүүлгийг хийж байна. Бодлогын түвшинд санал дэвшүүлж, хэлэлцдэг. Үүний үр дүнд хүний эрхийн чухал асуудлуудыг нийгмийн олон талт оролцоотойгоор хэлэлцэж, гарц шийдэл гаргаж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны 12 дугаар сард UPR буюу НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илгээх Монгол Улсын тайлангийн талаар, энэ оны 1 дүгээр сард НҮБ-ын зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, 3 дугаар сард хүүхдийн хорих ангийн нөхцөл байдлыг, 4 дүгээр сард Байгаль орчны холбогдох хууль тогтоомж дахь хүний эрх хэрэгжилтийн талаар, 5 дугаар сард гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, гарц шийдлийн талаар онцлон, хэлэлцсэн байна.
-Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар алхамууд хийгдэж байна вэ?
-Хамгийн энгийн жишээ гэхэд төрийн байгууллага хоорондын уялдаа муу, мэдээллийн зөрүү нь хүний эрхийн асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг асуудлаар байгууллага бүр өөр мэдээлэлтэй, нэг сэдвийн талаар өөр ойлголттой ажиллаж байна. Хууль тогтоогчдын зүгээс үүнийг төрийн байгууллага хооронд уялдаагүй байдал, тогтолцооны хийдэл гэж үзэж байгаа.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 2000 гаруй журам нийгмийн харилцааг зохицуулж, тэдгээрт хүний эрхийг хязгаарлаж, зөрчсөн заалтууд байх нь түгээмэл байна. Бид энэ байдлыг өөрчилж, хүний эрхийг хязгаарлах бол зөвхөн хуульд үндэслэн, байж болох хамгийн бага хэмжээнд хязгаарладаг болох эрх зүйн шинэчлэл хийх зорилттойгоор шат дараалсан ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна.
Парламентын гишүүн “…иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, … Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж…” гэж тангараг өргөдөг бөгөөд энэ агуулгаараа “хүний эрхийг хамгаалах” тангарагтай гэсэн үг. Бид тангарагаа сахиж, ажил хэрэг болгохын тулд парламентын хяналтын чиг үүргээ илүү эрчимжүүлж, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай.
-Улсын Их Хурал энэ бүрэн эрхийнхээ хугацаанд "хүн төвтэй" стратегийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүний эрхийн асуудал нь ямар нэг даргын пи ар, эсвэл сонгуулийн үеэр ярьдаг сэдэв биш. Энэ бол чөлөөт, ардчилсан нийгмийн суурь, үнэт зүйл. Хүний эрхийг хамгаалах нь Улсын Их Хурлын гишүүн бүрийн, төрийн байгууллага бүрийн, төрийн бүх шатны байгууллагын үүрэг юм.
Парламентын үнэт зүйл нь олон хууль баталснаараа бус, баталсан хуулиуд нь амьдрал дээр хүний эрхийг бодитойгоор хангаж, хамгаалж чадсан эсэхээр хэмжигдэнэ. Иргэн бүрийн жижиг мэт санагдах асуудлыг ч томруулж харж, хамгаалж, шийдвэрлэх нь парламентын хариуцлага юм.
Үзэл бодол
Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр
Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.
Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.
НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.
1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!
Үзэл бодол
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.
Тус төсөл нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Эрчим хүчний яам болон Монгол-Оросын хамтарсан экспертийн ажлын хэсгээс төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа. Уг төсөл Байгал нуурын биологийн олон янз байдал, дэлхий цэвэр усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн шалтгаанаар олон жил гацсан.
“Дэлхийн өвийн хороо, ОУБХХ-ноос “Эгийн голын УЦС төслийг дангаар хэрэгжүүлэх нь Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд мэдэгдэхүйц нөлөөлөл үзүүлэхгүй” болохыг тэмдэглэжээ. Гэхдээ төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКО-ийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна.
Энэ хүрээнд 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Салбарын сайд нар төслийг хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд судалгааны ажлуудад шаардлагатай санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн ажиллахаа илэрхийлсэн юм.
Төслийн нөлөөллийн бүс дэх иргэд буюу Хантай, Баянгол багийн иргэд энэхүү төслийг ажил хэрэг болохыг 35 жил хүлээсэн, бүрэн дүүрэн дэмжиж байгаа, уг төслийг урагшлуулахын тулд төлөө ажиллаж Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжихээ хэлж байлаа.
Мөн иргэд энэ уулзалтын үеэр өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө Ерөнхий сайд танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэйгээр Эгийн голын УЦС төслийг бүс нутагтаа хэрэгтэй, нэн яаралтай хэрэгжүүлэх ажлын нэгдүгээрт эрэмбэлснийг дурдаад улс орны эдийн засагт ач холбогдолтой мега төслийг нэгдсэн ойлголтоор дэмжиж байгаа нутгийн иргэдэд талархал илэрхийлэв. Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана гэлээ.
-
Шударга мэдээ2024/03/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв
-
Цаг үе2021/05/27
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын суурин 56, явуулын нэг цэг ажиллана
-
Цаг үе2024/07/18
Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болно
-
Улстөр нийгэм2023/01/25
Эрдэнэт-Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүнд Люкс вагон аялж...