Үзэл бодол
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахыг зорьж байна

–Таныг Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, том аж ахуйн нэгжийн тэргүүн байхын зэрэгцээ спортод элэгтэй нэгэн гэдгээр нь мэднэ. Спорт Таны төлөвшилд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би сагсан бөмбөг тоглож өссөн. Эмээтэйгээ зэрэгцэж суугаад NBA-ын тоглолт үздэг байлаа. Тухайн үед манай нийгэмд барууны улс, үндэстний тухай ойлголт хомс байхад монголчууд Майкл Жордан гэдэг нэрийг андахгүй мэддэг байсан шүү дээ. Майкл Жордан намайг төдийгүй хүн төрөлхтөнг сагсан бөмбөгт дуртай болгосон тамирчин. Би анх 1993 оноос сагсан бөмбөгчдийн зурагтай карт цуглуулж, NBA-д тоглохыг мөрөөдөх болсон. Спортод хил хязгаар байдаггүй. Хүнийг хүндлэх, хожиж, хожигдож сурах зэрэг олон давуу талыг спорт бидэнд сургадаг. Хожигдсон ч эсрэг багийнхантайгаа гар барьж, баяр хүргэдэгт спортын гайхамшиг оршдог байх. Ер нь спортод элэгтэй болоход гэр бүл маань их нөлөөлсөн.
Аав минь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг 10 орчим жил хашиж, 2006 оны Дохагийн Азийн наадмын багийн ахлагчаар ажиллаж байлаа. Эмээ, өвөөтэйгөө Улаанбаатар хотод амьдарч байхдаа байрны найзуудтайгаа сагс тоглоно. Сагсны талбайд нөхөрлөж өссөн багын найзуудын минь нэг нь Хакүхо М.Даваажаргал. Бид хамтдаа өдөр бүр сагс тоглож өссөн, зэргэлдээ байрны найзууд. Заримдаа том ах нарт шийдээ булаалгачихаад тэднийг хүлээнгээ хоорондоо барилдаж ч явлаа (инээв). Би 11 настайдаа АНУ-д анх хөл тавьсан. Англи хэл сайн мэдэхгүй учраас спортоор л дамжуулж үеийнхэнтэйгээ найз нөхөд болж байлаа. Ахлах сургуулийнхаа 11, 12 дугаар ангидаа сагсан бөмбөгийн багийн ахлагч болж, Сиэтл хотын сургуулиудын 1 хэсэгт шилдэг арван тоглогчийн нэгээр шалгарсан юм. Багийн ахлагч болсон минь бусадтай хамтран ажиллах, зохион байгуулах чадварт суралцахад нэмэр болсон байх гэж боддог. Би одоо ч сагсан бөмбөгөөр хичээллэж, долоо хоногтоо хоёроос гурван удаа сагс тоглодог.

-Тиймээ, Майкл Жордан сонголтод минь том нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч, энэ сургуулийг сонгох илүү академик шалтгаан байсан. Чикагогийн их сургуулиас хамааралтай Нобелийн 98 шагналтан төрсөн байдаг. Эдийн засгийн чиглэлээр хамгийн сайн сургуулиудын нэг байсан нь миний сонголтод нөлөөлсөн. 20 дугаар зууны хоёр дахь хагасын хамгийн нөлөө бүхий эдийн засагч гэгддэг Милтон Фридмэн мөн Чикагогийн Эдийн засгийн сургуулийн бодлогод ихээхэн хувь нэмэр оруулсан хүн байдаг. Өнөөгийн бидний амьдарч буй чөлөөт зах зээл, Laissez-faire эдийн засгийн онол, чөлөөт худалдааны бодлогын давуу талыг гаргаж ирсэн. Laissez-faire гэдэг нь Товчхондоо чөлөөт зах зээлд хувийн салбаруудын хоорондын гүйлгээнд Төрийн нөлөөг бага байлгах тусам эдийн засагт сайн гэсэн үг л дээ.
Үүнээс гадна Милтон Фридмэн Мөнгөний бодлогоор эдийн засагт нөлөөлөх нь зэрэг олон том онолын судалгаа хийж Нобелийн шагнал хүртсэн байдаг. Намайг Чикагогийн их сургуульд сурч байхад профессор багш нар маань Милтон Фридмэн багшийн талаар их ярьж, бахархдаг байсан. Түүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Чикагогийн хуулийн сургуулийн профессор байсан гэдгээрээ сургууль маань олонд танигдсан Одоо Чикагогийн их сургуулийн дэргэд Обама Ерөнхийлөгчийн нэрэмжит номын санг байгуулахаар төлөвлөж байгаа гэж сонссон. Харвардад суралцах замыг тавьсан Чикагогийн их сургуулийг төгссөнөөрөө бахархдаг. Залуучууд дэлхийн нэр хүндтэй сургуульд хэрхэн суралцах талаар их сонирхож асуудаг юм. Тиймээс залуус, дүү нартаа бага ч гэсэн тус болох үүднээс энэ талаар ном бичиж байгаа. Чикагод суралцсан эхний улиралдаа мөн л сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байгаад “За ямар NBA-д тоглох биш дээ” гэж бодоод хичээлдээ илүү анхаарч эхэлсэн (инээв). Тэгээд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
- Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод хоёр жил гаруй боллоо. Таны хувьд хийх хамгийн чухал ажил юу гэж бодогддог вэ?
- МҮОХ-д орж ажиллаад Олимпизмын хөдөлгөөн нь нийгмийг эерэг чиглэлд хандуулах асар их ач холбогдолтойг илүү их ойлгох болсон. Энэ оны эхээр ОУОХ-ны Маркетингийн комиссын хуралд оролцоод ирлээ. Хурлын үеэр ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах илтгэл тавихдаа олимпизмын үнэт зүйл нь хүмүүсийн амьдралын философи, зөв зарчим, зөв бодол, эв нэгдэл, бие биенээ хүндэлж амьдрахад оршино гэж хэлсэн. Мөн Томас Бахын ярианд өнөөгийн бидний амьдарч буй цаг үед зөв зарчим, эв нэгдэлд тулгуурлан харилцан зөвшилцөж шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолсон.
Өнөөдөр дэлхийн олон оронд дэлгэрээд буй эв зүйгээ олж чадахгүй байгаагийн шалтгаан нь хүн хоорондын харилцаа багассан, хоёр талаас зөвхөн өөрсдийн эрх ашгаа л тулгадаг, хэт туйлширсан байр суурь баримталдагт байна гэж судлаачид тайлбарлах болсон.
Голдоо уулзаж, харилцан буулт хийж чадахгүй байгаагаас асуудал үүсч байгаа гэсэн дүгнэлтийг энэ хурлын үеэр хийж байсан. 19 дүгээр зууны сүүл үеийн нийгэм бас л өнөөдрийх шиг тогтворгүй, өөр хоорондоо учир зүйгээ ололцож чадахгүй болсон үе байсан. Чухам тэр л үед Пьер де Кубертен өөр хоорондоо эв зүйгээр учир зүйгээ олдог нийгмийн төлөө Олимпизмын хөдөлгөөнийг дахин эхлүүлсэн. Олимпын наадмын үеэр л дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид болон улс орнуудын удирдагчид гээд нийгмийн бүх төлөөлөл нэг хотод цуглан эв найрамдалтай байх боломжийг бүрдүүлсэнээрээ ач холбогдолтой. Өнөөдрийн нийгэмд ч гэсэн бид энэ түүхээс суралцах хэрэгтэй гэж бодож байна.

-Бадминтоны олон улсын тэмцээнийг Монголд 2015 онд зохион байгуулахад анх ивээн тэтгэгчээр нь оролцсон юм. Улмаар энэ спортод илүү сонирхолтой болж, Монголд хөгжүүлье гэсэн мөрөөдөлтэй болсон. Бадминтон бол Азийн нэрийн хуудас болсон спорт ч манайд төдийлөн дэлгэрээгүй. Тиймээс олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж, улсынхаа болон холбооныхоо нэр төрийг бэхжүүлж, оролцоог нэмэгдүүлэхийг хичээж байна. Бусад спортын холбоод ч энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа байх. Одоогоор монголчууд спортын 8-9 төрлөөр л олимпод оролцож байгаа. Бид унадаг дугуй, бадминтон зэрэг спортын төрлүүдээр ойрын хугацаанд олимпод оролцох боломжтой. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд баг тамирчид оролцох боломж байгааг Олимпын Хорооны бас нэг зорилго болгон ажиллаж байна. Монголоос сагсан бөмбөгийн спортоор олимпод орно гэдэг итгэхэд хэцүү байсан үе саяхан байсан.
Тэгэхээр энэ бол маш том амжилт юм. Энэ ажлынхаа хүрээнд саяхан Бээжин хотод зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрейс Загклистай уулзаж санал солилцсон . Энэ төрөлд Монгол Улсын баг Азидаа хоёрт, эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын онооны нийлбэрээр дэлхийд шилдэг тавд эрэмбэлэгддэг. Тиймээс дэлхийд өндөр эрэмбэтэй эмэгтэй юмуу эрэгтэй шигшээ багаа аль нэгийг Токиогийн олимпод оруулах асуудлыг баталгаажуулахаар Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой нягт харилцаатай ажиллаж, Олимпын наадмаас өмнө аль болох олон тэмцээн уралдаанд оролцох нь чухал юм. Мөн Монголд өвлийн спорт хөгжүүлэхийг дэмждэг. Бид дөрвөн улиралтай улс атлаа өвлийн олимпод хоёр гуравхан тамирчин оролцуулж байна гэдэг хангалтгүй санагддаг. Ер нь эх орондоо олимпын спортын тэмцээн уралдаанууд болон олимпод оролцох спортын төрөл, тамирчдын тоогоо нэмэх боломж бий.
-Токио 2020” олимпын багийн ахлагчийн хувьд гадаад хамтын ажиллагааны тал дээр түлхүү анхаардаг уу?
-Их спорт болон тамирчид маань олон улсын тэмцээн уралдаануудад үзүүлж буй амжилтаараа Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж байна. Сургуулиа төгсөж ирснийхээ дараа Монголын бизнесийн төдийгүй нийгэм, спортын салбарт хувь нэмрээ оруулахыг зорьж, Олимпын хорооны сонгуульд оролцохоор шийдэж, олимпын хорооны гишүүдийнхээ итгэлийг хүлээж, тэдний саналаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Мөн “Токио 2020” олимпын багийн ахлагч болсон. Олон улсын олимпын хороо нь 26 салбар коммистой. Тэдгээр салбарын нэг болох Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдсоноо нэр төрийн хэрэг гэж боддог. Хүн спорттой нэг л холбогдвол сэтгэлээ зориулж, чадах бүхнээ хийхийг эрмэлздэг юм байна. Би спортод хайртай учраас эдгээр сонгуульт ажилдаа идэвхитэй зүтгэдэг. Гэхдээ спортын холбоодуудын бие даасан үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Харин дэмжлэг үзүүлж, туслахыг хичээдэг. Мөн олимпыг угтаж, үндэсний шигшээ багийн тамирчиддаа дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах бодолтой байна.

–Олимп бол хүн төрөлхтний баяр. Энэ үеэр спортоор дамжуулж эх орноо сурталчилах боломжтой юу?
-Харвардад хамт суралцсан найз Анжела Ругиеро маань Олон улсын олимпын хорооны тамирчдын комиссын даргын албыг найман жил хашиж, ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн байсан. АНУ-ын алдартай хоккейчин энэ бүсгүй намайг олон спортын зүтгэлтнүүдтэй ажил хэргийн шугамаар холбож өгсөн. Анжела Пёнчаны өвлийн олимпын үеэр биднийг АНУ-ын хауст зочлохыг урьсан юм. Тэнд Америкийн тамирчдыг танилцуулж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах оролцсон том арга хэмжээ болж байсан. Мөн Пёнчанд байгуулсан Японы хауст зочилсон.
Тамирчидаа танилцуулж, хүндэт зочид хүлээн авч, улс орноо сурталчилдаг олимпын хаус нь улс орныхоо нэрийн хуудас төдийгүй дэлхий нийтэд том сурталчилгаа болдог. Тиймээс Токиогийн олимпын үеэр Монгол хаус байгуулахаар 2018 онд Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайд, Японы олимпын хорооны дарга нартай уулзаж ярилцсан. Манай Элчин сайд энэ саналыг дэмжиж, хэд хэдэн газар сонгоод байгаагийн нэг нь Токио цамхагийн дэргэд бий. Бид монгол гэрээ барьж, эх орноо сурталчилах ажил гэрээний шатандаа байгаа. Энэ саналыг Ёкозуна Хакүхо маань дэмжиж, Монголын сүмочид очиж, эх орноо сурталчилж болно гэсэн. Бид Токиод Монгол хаус байгуулбал, дэлхийн томоохон хэвлэлүүдээр өндөр төлбөр төлж гаргуулдаг нэвтрүүлгээс илүү сурталчилгаа болох юм.
-“Олимпын өвөө” гэгддэг Ш.Магван гуай Хуан Антонио Самаранчтай нөхөрлөж явснаараа бахархдаг. Та Олон улсын олимпын хорооны гишүүдтэй хэр холбоотой байна вэ?
-Хуан Антонио Самаранчийн хүү болон ачтай ажлын шугамаар танилцаж, холбоо тогтоосон. Олон улсын спортын хурал зөвлөгөөн болон үйл ажиллагаанууд дээр эх орноо төлөөлөн аль болох идэвхтэй ажиллахыг эрмэлздэг. Дэлхийн бадминтоны холбоонд орсноор олон хүнтэй танил боллоо. Ер нь олимпын спортын удирдах зөвлөлд байх нь хурал, цуглаанд оролцохоос эхлээд монголоо таниулах, ойлгуулах боломж их олгодог юм байна. Энэ шугамаар Олон улсын Сэргээшийн эсрэг байгууллагын /WADA/ ерөнхийлөгч Дэлхийн Бадминтоны холбооны ерөнхийлөгч асан Сэр Крейг Ридитэй холбоо тогтоон ажиллаж байгаа. Түүнтэй Бадминтоны ДАШТ-ний үеэр уулзахдаа Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагынх нь талаар санал солилцсон. Спортод допингийн асуудал анхаарал төвд байгаа үед түүний туршлагаас сонсох нь чухал ач холбогдолтой байсан.
Мөн 2017 онд “Токио 2020” олимпын багийн ахлагч болсныхоо дараа Японд очсон юм. Тэр үеэр Токиогийн олимпын зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Ёширо Моритой уулзсан. Японы Ерөнхий сайд асан энэ эрхэм Монголын сүмочдыг ихэд хүндэтгэж явдаг ба рагбигийн спортыг сонирхдог юм билээ. Дүү маань рагбигийн спортоор хичээллэдэг байсан тухай халуун дотно яриа өрнүүлсэн. Ер нь спортын зүтгэлтнүүдээс аль болох их туршлага судлаж, түүнийгээ монголдоо хэрэгжүүлэхийг хичээж байна.

-Олон улсын олимпын хороонд улсынхаа дуу хоолойг хэрхэн хүргэж байна вэ?
-Маркетингийн комисст олон нөлөө бүхий гишүүд байдаг. Нэгэн хуралдааны үеэр би “Монгол Улсын төлөөлөгч байна. Өнөөдөр манай улсын гол асуудлуудын нэг нь агаарын бохирдол. Агаарын бохирдлын тодорхой хэмжээг автомашинаас ялгарах утаа эзэлдэг. “Тоёота” компани бол олимпын алтан түнш. Тиймээс Тоёота компани байгаль орчинд ээлтэй цахилгаан машин үйлдвэрлэдэгээрээ алдартайгийн хувьд олимпын үеэр ямар санаачилга гаргаж байгааг тодруулсан. Тэгээд их сайхан хариу сонссон. Токиогийн олимпын үеэр “Тоёота” компанийн байгальд ээлтэй автомашинуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглах юм билээ. Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос спортоор дамжуулж хүүхдийг хүмүүжүүлэх боловсролын хөтөлбөр зохиосон байдаг. Энэ OVEP (Olympic Values and Education Program) хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гуайтай ярилцсан. Мөн олимпын нээлтийн үеэр Монгол Улсын далбааг эмэгтэй тамирчнаар бариулах санал дэвшүүлэх санаатай байгаа. Зуны олимпын түүхэнд туг барьж алхсан Монголын эмэгтэй тамирчин байдаггүй юм билээ. Жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага тэргүүтэй их спортоор дэлхийн хэмжээнд танигдсан, бахархал болсон эмэгтэй тамирчид манай улсад олон бий. Гэхдээ энэ асуудлыг олон хүнтэй зөвшилцөж, МҮОХ албан ёсоор шийдвэрлэх байх.
-Энэ олон ажлыг зэрэг амжуулах амаргүй биз?
-Нэг талаас мультитаскинг буюу олон ажил зэрэг амжуулдаг ч нөгөө талаар нэг чиглэл дээр төвлөрөх гэж хэлж болох байх. “Emart”, “Скайтел”, “Монголын Үндэсний олимпын хороо” гээд олон ажил амжуулж, олон хүнтэй хамтрах хэрэгтэй болдог. Гэхдээ хаана ч очсон нэг чиглэлээ барьж, нэг төрлөөр мэргэшиж, түүндээ анхаарлаа хандуулж ажиллахыг хичээдэг. Би эдгээр газруудад түншлэл буюу гадаад харилцаа, стратеги, санхүүжилт босгох талаар анхаарлаа хандуулж ажилладаг. Чикаго, Харвардын их сургууль, “Морган Стэнли”-д ажиллаж байхдаа танилцаж байсан хүмүүстэйгээ одоо ч сайн харилцаатай байдаг ба тэдэнтэйгээ санал солилцож, зөвлөгөө, санаа авч ажилладаг.
МҮОХ-ын Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсондоо баярладаг. Энэ ажил нь орон тооны бус бөгөөд олон улсын спортын зүтгэлтнүүдтэй хамтдаа хурал зөвлөгөөнд оролцон эх орондоо олимпизмын үзэл санаа, спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх ажилд хүч нэмрээ оруулахын сацуу хувийн салбарын ажлаа хийх боломж олддогт баяртай байдаг. Мөн 2016-2018 оны хооронд Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн орон тооны бус гишүүнээр ажиллах боломж гарсан. Ер нь би өдөр бүр нэг ажлын байранд нэг зүйл хийж суухаас илүү олон зүйл сонирхон судалж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийгэмд тустай ажлууд хийхийг илүүд үздэг. Жишээлбэл, “Монголд Та хэрэгтэй” ТББ-ыг үүсгэн байгуулж, жил бүр 25-30 оюутан менторшип хөтөлбөрт хамруулан 10 оюутан шалгаруулан тэтгэлэг олгодог. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ хөтөлбөртөө 108 оюутан хамруулж, 30 гаруй оюутанд тэтгэлэг олгоод байна. Мөн Имарт, Скайтел компаниуд маань ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийдэг.
- Баярлалаа. Хамгийн сүүлийн асуултаа асуугаад энэ ярилцлагаа өндөрлөе. Спортын салбар, нийгмийн хариуцлагатай ажил хийж байгаа санаануудаас Монголдоо хэрэгжүүлж болох, ирээдүйд ажил болгох ямар хамгийн чухал санаа юм уу зөвлөгөө юу байна?
Спорт бол нийгмийн том бүтэц л дээ. Ойрын хугацаанд Монголд хэд хэдэн томоохон спортын тэмцээнүүд зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байгаа.
Томоохон хэмжээний тэмцээн уралдаануудыг Монголдоо зохион байгуулах нь нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд нэмэр болох боломжийг бүрдүүлнэ гэж бодож байна. Олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулсанаар олон улсаас дэд бүтэц, тамирчдын зардал зэрэг гээд олон зүйл дээр дэмжлэг авах боломжийг бүрдүүлдэг юм билээ. Ийм хэмжээний том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бол тамирчдын хотхоноо хотын ойролцоо бариад тэр хотхоны байруудаа “affordable housing” буюу хямд өртөгтэй орон сууцны төсөл болгож, бага хувийн хүүтэй ипотекийн зээлээр айл өрхүүдийг орон сууцжуулах бас нэг боломж байгаа байх аа.
Эцэст нь хэлэхэд нь утааны асуудал нийгэмд хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүн бүрийн оролцоо дэмжлэг чухал юм. Манайх шиг хөгжиж буй оронд зохион байгуулах боломжтой тэмцээний нэг нь ОУОХ-ноос зохион байгуулдаг Залуучуудыг олимпын наадам юм. Энэ наадам өнгөрсөн 2018 онд Аргентин улсад болсон, 2022 онд Сенегал улсад зохион байгуулагдана. Люзань хот 2020 онд Залуучуудын өвлийн олимп зохион байгуулахаар ажиллаж байгаа. Эдгээрээс туршлага судалж, зөвхөн спортын салбарынхан гэлтгүй төр засаг, олон нийтийн байгууллагууд хамтран ажиллах нь зөв болов уу.

Үзэл бодол
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Үзэл бодол
Б.Ариунаа: Бид зумба бүжгийг зохиомол бус олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу заадаг
“Зумба дасгалт бүжгийн холбоо”-ны тэргүүн, олон улсын зумба бүжгийн багш, эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зөвлөх Б.Ариунаатай ярилцлаа.
-“Зумба дасгалт бүжгийн холбоо” хэдэн онд өрхөө татаж, үүдээ нээсэн бэ. Холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Манай холбоо 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод зургаа, орон нутагт буюу Өвөрхангай, Сэлэнгэ, Замын-Үүд, Эрдэнэт, Цогтцэций, Дорноговь, Говь-Алтай зэрэг арван аймагт төдийгүй сумдад салбартай.
Бид зумба заахаас гадна олон улсын хэмжээний багш бэлтгэдэг. Эхний ээлжид Монгол дахь багшаа бэлдэж, улмаар тухайн багшийн идэвх зүтгэл, шавь нартай болж буй эсэхээс шалтгаалан олон улсын сертификат олгодог. Хэрэв тухайн багш маань гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэвэл бид чиглүүлж өгдөг. Тэгэхээр “Зумба дасгалт бүжгийн холбоо” маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай холбоо гэсэн үг.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас танай клубийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Нэгдүгээрт, зумба бүжгийг зохиомол хөтөлбөрөөр бус харин олон улсын стандартын дагуу заадаг. Тодруулбал, АНУ дахь Зумба бүжгийн холбооноос боловсруулан гаргасан хөтөлбөр, чиглэлийн дагуу хичээлээ ордог. Холбооны гишүүн улс орны холбоо болгон сар бүр нэг ижил бүжиг заана гэсэн үг. Жишээлбэл, энэ сард эдгээр 20 бүжгийг заагаарай гэсэн чиглэл ирвэл манай бүх салбар тэрхүү хөтөлбөрийн дагуу л хичээллэдэг. Ингэснээр холбооны гишүүд маань аль ч улс оронд очсон хэлний шаардлагагүйгээр зумба бүжгээ дагаад бүжиглэчихдэг. Ийм том давуу талтай. Хоёрдугаарт, эрүүл зөв хооллолтод нэлээд анхаарч, хувь хүнд нь болон нийтэд нь зөвлөмж зөвлөгөө өгдөг. Гуравдугаарт, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, хэвшүүлэхэд түлхүү анхаардаг.

Ер нь бол зумбагаар хичээллэснээр хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Жишээлбэл, эрт унтаж, эрт босдог болно. Өдрийн ажлаа зөв зохион байгуулалттай хийж эхэлдэг. Ажлаа хэрхэн яаж үр дүнтэй хийх үү, гэр бүлдээ хэзээ яаж цаг зав гаргах уу, баяр ёслолыг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгээ төлөвлөж, зохицуулж сурдаг. Бид дасгал хөдөлгөөн, бүжиг зааж, эрүүл зөв хооллолтын хичээл орохоос гадна уур бухимдлаа хянах, өөрийгөө гомдлоос суллаж чөлөөлөх, эхнэр, нөхрийн харилцаа хандлага гэх мэт сэтгэлзүйн талын хичээлийг ч мөн зааадаг.
-Долоо хоногт хэдэн удаа цагийн ямар сонголтоор хичээллэх боломжтой вэ?
-Манай өглөөний анги 06:00, 07:30, 10:00, оройн анги 19:00, 20:00 гэсэн цагийн сонголттой. Эдгээр цагийн дагуу өдөр бүр хичээллэдэг учраас тухайн хүн долоо хоногт хэдэн удаа явахаа өөрөө шийдэж, түүндээ нийцүүлэн төлбөрөө төлөх боломжтой. Сүүлийн үед албан байгууллагууд оффис дээрээ хичээл заалгадаг болсон байна. Энэ нь бас нэг ахиц дэвшил шүү.
-Жишээлбэл, би өглөөний 07:00 цагийн ангид явъя гэж бодоход, тухайн нэг цагийн хугацаанд ямар хөтөлбөрийн дагуу хичээллэх вэ?
-Та 07:00 цагаас өмнө ирээд өөрийгөө бэлдчихсэн байх ёстой. Тэгээд эхний таван минутад таныг аппаратад оруулж, жин, өөхлөлт, бэлхүүсний тойрог гэх мэт биеийн шаардлагатай үзүүлэлтийг хянаж, өмнөх өдрүүдэд гаргасан үр дүн эсвэл алдаа дутагдлын талаар ярилцаж, зөвхөн танд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Тэгээд 45 минутад иога, дасгал, “belly dance”, бачата зэрэг олон бүжгийн хөдөлгөөнийг хийнэ. Зумба өөрөө бүх төрлийн бүжгийн техникийг оруулсан дасгал шүү дээ. Харин үлдсэн 10 минутад нийтэд нь буюу бүх хүмүүсийн дунд эрүүл, зөв хооллолтын тухай хичээлийг заадаг. Ингэхдээ бодит үр дүнд хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж, бусдадаа урам зориг өгөх жишээтэй.

-Ер нь зумбагаар хэдий хэр хугацаанд хичээллэж байж үр дүнд хүрэх вэ?
-Cарын хугацаанд 20 кг жин хассан хүн бий. Гэхдээ энэ бол нэлээд чанга дүрэм. Харин зөөлөн дүрмээр бол хүн өдөрт 300 грамм хасдаг гэж тооцож болно. Гэхдээ ер нь бол тухайн хүний өөрийн сахилга батаас л бүх зүйл шалтгаална. Зөвлөгөө зөвлөмж өгөөд байхад хөргөгчин дахь хүнс, идэж уух зүйлсээ өөрчлөхгүй л бол үр дүн хүлээх хэрэггүй. Мөн эрт унтахгүй бол бас үр дүн гарахгүй. Хүний амьдрал баялаг учраас хөдөө гадаа явах, баяр наадамд очих ч гэдэг юм уу юу ч тохиолдож болно. Гол нь ийм үед багшдаа хэлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
-Та бүхэн “Зумба фестиваль” зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэхүү фестиваль нь сонирхогч хүмүүст нээлттэй юү?
-Бид олон улсын хэмжээний “Зумба фестиваль”-ийг есдүгээр сарын 6-нд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивальд Япон улсаас олон улсын зумба бүжгийн дэглээч багш, мөн БНСУ-аас нэг багш, зургаан хамтрагч багштайгаа ирж оролцоно. Зумба гэж ямар дасгал бүжиг байдаг, түүний ач холбогдол гэх мэт цогц ойлголтыг өгч, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж байгаа учир хүссэн хүн бүрд нээлттэй. Гэхдээ тодорхой хэмжээний такстай. Холбооны салбар болон гишүүдийн дунд мөн сонирхогчдыг татан оролцуулсан тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зохиомол хөтөлбөрөөр хичээллэдэг зумбачид олон улсын том фестиваль дээр очоод хамтран ойлголцож хийж чаддаггүй. Харин олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэсэн хүмүүс бол хаана ч, хэзээ ч хамтдаа нэгэн зэрэг бүжиглэж чаддаг.

-Ер нь бүх л төрлийн бүжиг, дасгал хөдөлгөөн өөр өөрийн давуу тал, ач холбогдолтой байдаг болов уу. Зумба бүжгийн тухайд та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн хийж л байгаа учраас тодорхой хэмжээнд жингээ хасна. Хоёрдугаарт, хүний сэтгэлзүйг тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжмийн аянд бүжиглэдэг учраас тухайн хүнийг зөөлөн сэтгэлзүйтэй болгодог. Гуравдугаарт, аз жаргалын гармон ялгаруулдаг. Дөрөвдүгээрт, өөрийнхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чаддаг. Жишээлбэл, та зумбагаар хичээллэж байгаад тэдгээр төрлөөс иог хийх эсвэл монгол бүжиг бүжиглэхэд илүү дуртай байвал түүн рүү нь бид чиглүүлж өгдөг. Гурван сарын хугацаанд зумбагаар хичээллэсэн хүн монгол бүжигт дурлан хичээллэдэг болох жишээтэй. Ер нь бол манай клуб зөвхөн жин хасахад төвлөрдөггүй. Харин өөрийгөө олж мэдэрч, эрүүл амьдралын хэв маягтай болгоход илүү анхаардаг.
-Ажил, амьдралаа зумбатай холбосон таны түүхийг хуваалцъя?
-Би 2015 онд элэгний вирустэй гэдэг онош сонссон. Энэ нь удамшсан байх магадлалтай. Яагаад гэвэл, миний эмээ, ээж болон нагац талын олон хүн элэгний өвчнөөр нас барсан. Тиймээс би хувь тавилантайгаа эвлэрч, ер нь бол бууж өгч байсан. Гэсэн ч эмч маань надад урам зориг, хүч өгч намайг урагш түлхсэн. Тиймээс би эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралыг эрэлхийлж явсаар 2018 онд өөрийгөө олсон. Өөрөөр хэлбэл, тэр цагаас хойш зумбатай ажил, амьдралаа холбож Ингээд би тухайн үед 82 кг-аас 60 кг жинтэй болж чадсан. Түүнээс хойш энэ жингээ тогтмол барьж байгаа.

-Эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралд уриалдаг, томоохон төлөөллийн хувьд та манай уншигчдад товчхон зөвлөгөө өгөөч?
-Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Гол нь та өглөө 05:00 цагт “зомби” шиг сэрж байна уу эсвэл үнэхээр аз жаргалтай сэрж байна уу гэдэг нь амьдралын хэв маяг. Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ. Миний өглөө 22:00 цагт унтахаас эхэлдэг. Хэрэв, би 00:00 цагт унтвал өглөө “зомби” шиг сэрнэ. Харин 02:00 цагт унтвал би өөрийгөө унтаагүйд тооцдог. Дараагийн анхаарах зүйл бол мэдээж хооллолт. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс би энийг иднэ, тэрийг идэхгүй гээд таваг дээрх хоолоо ялгаж эхэлдэг. Бас хоолоо сойж, юу ч идэхгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Харин ч эрүүл мэндэд илүү их эрсдэлтэй. Тиймээс хооллолтын хувийн зөвлөхтэй болох хэрэгтэй. Учир нь, “Тэр зумбагаар хичээллээд тураад гоё болчихсон байна, би бас явна” гээд л шийдээд явчихдаг. Гэтэл үнэндээ тэр хоёр хүний сэтгэлзүй, бие махбодь харилцан адилгүй, ялгаатай байдаг учраас тэр хэрээр хооллолт ч мөн өөр байна шүү дээ. Тиймээс бидэнтэй нэгдэн хувийн өмгөөлөгчтэй, хувийн хүүхэд асрагчтай болдог шиг таныг анхаарах хооллолтын зөвлөх дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд анхаарах дасгалжуулагчийг манайхаас сонгоорой,өөрийгөө олж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж бас уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
Үзэл бодол
Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "РОБОКОН 2025" Олон улсын роботын тэмцээн 2025 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа. Багуудын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар ШУТИС-ийн МХТС-ийн Электроникийн тэнхмийн багш Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
“ABU Робокон 2025 ” олон улсын тэмцээн удахгүй болох гэж байна. Энэ тэмцээнд оролцох багууд бэлтгэлээ хэр хангаж байна бэ?
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцсон. Олон улсын тэмцээнд гаднын томоохон улс орны аваргууд оролцох учраас догдлол, бага зэргийн айдастай байна. Туршилтын роботуудаар бэлтгэлээ боломжийн хангаж байна.
-Энэ удаагийн тэмцээнд 14 орны баг оролцож байгаа. Өрсөлдөгч багуудаа хэр судалсан бэ?
-Бид Япон улсын Робокон тэмцээнийг очиж үзсэн. Япон багууд бол үнэхээр сайн юм байна лээ. Мөн Тайланд, Хонконг, Вьетнам улсын үндэсний тэмцээний бичлэгийг үзсэн. Эдгээр улсын багуудын тоглолтын стратегийн талаар ерөнхий ойлголтыг авсан. Бид хэрхэн тоглох стратеги төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ хийж байна. Олон улсын тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учраас оролцогч оюутнуудын маань хувьд нутгийн тэнгэр ивээнэ гэдэгт итгэж байна. Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч ажилласан.
-Тоглолтын үед техникийн саатал гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа хэр хангаж байна?
-Тоглолтын үед гарч болох томоохон эвдрэл, гэмтэл саатлаа гаргахаас урьдчилан сэргийлэх сэлбэг хэрэгслээ бэлдэн ажиллаж байна.
-Энэ жилийн тэмцээний онцлог нь сагс бөмбөг учраас хөдөлгөөн шидэлт нэлээд их хийгдэнэ?
-Үндэсний тэмцээн болон бусад орны тэмцээнүүдийг харахад Роботуудын эвдрэл их ажиглагдаж байна. Залах үед, хурдтай явж байгаад мөргөлдөх үед эвдрэл гэмтэл гарах тохиолдол ажиглагдаж байна.
- Роботод бүтээх явцад хүндрэлтэй зүйл гарч байсан уу. Роботоо бүтээхэд хэр их хугацаа зарцуулсан бэ?
-Үндэсний роботын тэмцээнд оролцох бэлтгэлээ есөн сараас эхэлж хангасан. Роботуудаа 11 дүгээр сараас хойш эхлэн бүтээж 7-8 төрлийн робот бүтээн туршсан. Робот бүтээж туршиж үед бидний хүссэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд дараа санаагаа хэрэгжүүлж ажилласан. Үндэсний аваргад оролцохдоо 7-8 робот бүтээж туршсан бол олон улсын тэмцээнд зориулж 10 орчим робот бүтээж туршсан байна. Олон улсын багууд маш хурдтай хүчтэй, технологийн шийдэл нь сайн зүйлүүд ажиглагдаж байгаа. Бид ч гэсэн дутахгүй өрсөлдөнө гэж төлөвлөж байна.
-Роботоо бүтээхдээ тоног төхөөрөмжөө яаж шийддэг бэ?
-Оюутнууд өөрсдийн роботын бүтээж байгаа учраас багш нараас зөвлөгөө авч роботын шийдлээ өөрсдөө олж бүтээдэг. Манай сургууль электроник програмчлалын сургууль учир роботын механик шийдлийг бүтээж туршихад хугацаа их зарцуулдаг. Сүүлийн жилүүдэд “Робот ба Хиймэл оюун ухаан” механик, электроник, хиймэл оюун ухаан нийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир энэ дутагдлыг нөхөж чадаж байгаа гэж үзэж байна. Робот бүтээхэд хөрөнгө санхүүгийн зардал мөш их гардаг. Зарим тохиолдолд үүнээс үүдэн рбоботын шийдлээ турших боломжгүй тохиолдол ч байдаг. Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын хувьд дөнгөж мэргэжлийнхээ хичээлтэй танилцаж байгаа учраас роботуудаа хялбар, энгийн шийдлээр бүтээсэн. Үндэсний аварга шалгаруулах тэмцээний роботоо сайжруулаад оролцож байна. Харин нөгөө баг маань 3-4 курсийн оюутнууд байгаа учраас ахисан түвшний шийдлүүдийг роботууддаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Өрсөлдөгч багтай тоглох тактикаа боловсруулж байгаа биз дээ?
-Тодорхой хэмжээнд боловсруулж байна. Япон улсын роботод тохолт хийдэг. Бидний хувьд тохолт гэхээс илүүтэй шидэлтүүд дээр анхаарч тоглоно. Мөн хамгаалалтаа сайн хийж тоглоно. Тухайн үед тоглолт явц хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Амжилт гаргахын төлөө хичээнэ дээ. Алдаа бага гаргаж хугацаа сайн тооцоолох, багийн гишүүд хоорондоо сайн ойлголцож, тоглох ёстой. Өмнө зохион байгуулагдаж байсан робокон тэмцээнд спортын чиглэл байгаагүй. Талбай дээр уралдаж, янз бүрийн зүйлийг байрлуулдаг байсан. Энэ жилийн тэмцээний хувьд спортын чиглэл, хоорондоо хөдөлгөөн хийж тоглох учраас нэлээд өвөрмөц болно. Бидний хувьд өөрсдөө сагс тоглож үзээд роботын хөдөлгөөн ийм байх ёстой гэдэг тооцооллоо хүртэл гаргаж байгаа.
-Тоглолтын хугацаа ямар байх вэ?
-Тоглолтын хугацаа 2 минут 40 секунд, нэг удаагийн довтлогын хугацаа 20 секунд байдаг Бидний хувьд 4-5 удаагийн довтолгоондоо нэлээд сайн оноо цуглуулахаар хичээж байна.
-Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн хоёр баг амжилттай оролцож тэргүүлсэн?
-Нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын баг буюу “Түвшин электроник” баг тоглолтын бэлтгэлээ маш сайн хангасан. Харин нөгөө багт ахлах курсийн оюутнууд байсан. Роботын шийдлүүд нь арай өөр байсан учраас роботоо бүтээхэд их хугацаа зарцуулж тоглолтын бэлтгэлээ арай бага хийсэн нь үндэсний тэмцээний явцад ажиглагдсан.