Улстөр нийгэм
Монгол Улс “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баримтална
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдийн сургалт өнөөдөр боллоо. “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээж үг хэлсэн юм. Тэрбээр, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нарийвчилсан үнэлгээ хийж байгааг онцлов. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар тусгасан бодлогын талаарх мэдээллийг өглөө.
Харин ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн энэ чиглэлээр үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг буууруулах инноваци, олон улсын туршлагын талаарх мэдээллийг танилцууллаа. Гамшиг болсон үеийн хариу арга хэмжэнээс гадна эрсдэлийг бууруулахад хэрхэн бэлдэх, ямар стратеги баримтлах вэ гэдэг нь чухал. Монгол Улсын хувьд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг цаашид барьж ажиллана. “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг цаашид хэрэгжүүлж ажиллана гэдгийг тэрбээр хэллээ. Тодруулбал, аливаа гамшиг тохиоход тухайн орон нутгийн иргэдийн 90 хувь нь өөрийгөө болон ойр байгаа бусад хүнийг эрсдэлээс хамгаалж чадах хэмжээний мэдлэгтэй болгох тухай ойлголт аж.
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн олон улсын зөвлөх Жианг Пин Ян, Мигель Кульер нар гамшгийн эрсдэлийн үнэлгээ, олон улсын чиг хандлага, сайн туршлага, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах олон улсын туршлагын талаарх мэдээллийг өгөв.
Сургалтаар мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажиллах журмыг боловсронгуй болгох, нийслэл дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нийслэлийн гамшгийн өнөөгийн нөхцөл байдал, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, оролцогчдын саналыг сонсов.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2022/10/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/10/08
Гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав
-
Улстөр нийгэм2025/10/16
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Д...
-
Улстөр нийгэм2020/03/30
Шинэ коронавирус (COVID-19)-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал
