Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Доод танхимын дарга Ом Бирла бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын хууль тогтоох дээд байгууллага болох Парламентын Доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла бараалхлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Энэтхэг Улсыг “гуравдагч хөрш” төдийгүй бүс нутаг дахь итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв.
Тэр бээр Парламентын Доод танхимын дарга Ом Бирла-тай 2023 онд Монгол Улсад уулзаж байснаа эргэн дурсаж, түүний айлчлал нь ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, цаашдын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьсан гэдгийг онцоллоо.

Дарга Ом Бирла Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Энэтхэг Улсад дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэ төрийн айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсын Их Хурал болон Энэтхэг Улсын Лок Сабха хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болж буйг тэмдэглэлээ.
Тэрбээр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны парламент, парламент дахь найрамдлын бүлгийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Энэтхэг, Монголын найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд Энэтхэг Улсын Парламент хамтран ажиллана гэдгийг илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн талын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон гэдгийг онцоллоо.
Энэ төслийг төлөвлөсөн хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Парламент анхаарч, тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд монголын ард түмэн нэн талархаж байдгийг тэмдэглэлээ.
Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд барих юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн.
Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье.
Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
Мөн орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын улаан загалмайн нийгэмлэг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийг бууруулах агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, байгалийн гамшгийн аюулыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад орших юм.
Санамж бичгийн хүрээнд олон нийтэд экологийн боловсрол олгох, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэх зан үйлийн өөрчлөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
-
Цаг үе2023/08/15
Төр, хувийн хэвшлийн хүрээнд автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна
-
Улстөр нийгэм2021/04/19
Цэцийн шийдвэрээр дахин нэр дэвших эрхгүй болсондоо боож үхээд МАН-ыг тараана гэ...
-
Улстөр нийгэм2021/10/11
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Шударга мэдээ2020/07/23
Нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг нээлттэй болгоно
