Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
Цаг үе
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Цаг үе
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

-
Шударга мэдээ2023/01/23
Налайх дүүрэгт өдөрт дунджаар 120-150 тонн сайжруулсан түлш түгээдэг
-
Шударга мэдээ2024/07/19
30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина
-
Цаг үе2021/01/20
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Цаг үе2024/10/30
МЭДЭГДЭЛ: 2025.04.01-ний өдрөөс эхлэн шинэчилсэн IBAN дансны дугаарлалтыг ашигла...
