Шударга мэдээ
Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна
Цар тахлын улмаас дэлхий даяараа зогсонги байдалд ороод байсан аялал жуулчлалын салбар сэргэх цаг үе ирж, монголчуудын хувьд аялал жуулчлалаа сэргээх тал, талын оролдого хийж буй. Тэгвэл энэ удаад Өмнөд Солонгосын аялал жуулчлалын тусгай бүсийн төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. Чежү бүс зөвхөн аялал жуулчлалыг тусгайлан хөгжүүлсэн гэдгээрээ дэлхийд ч алдартай.

Дэлхий даяараа аялал, жуулчлал хэсэг хугацаанд зогсоод байсны дагуу Чежү мөн адил энэ зургадугаар сарын 1-нээс аяллаа сэргээж байгаа. Харин Монгол Улс руу өчигдөр буюу зургадугаар сарын 22-нд анхны шууд нислэгээр Өмнөд Солонгосын зочид ирсэн юм. Тэд зөвхөн зочлох бус аялал, жуулчлалын чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөн Монголын талаас Аялал жуулчлалын хөгжлийн төв, Өмнөд Солонгосын талаас Чежүгийн тусгай бүсийн аялал жуулчлалын холбооныхон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ жилийн хувьд Чежү рүү таван удаагийн шууд нислэг хийхээр төлөвлөөд байгаа. Цаашид ч шууд нислэгийн тоогоо нэмэгдүүлснээр хоёр талын аялал, жуулчлал илүү хөгжих боломжтой гэж Чежүгийн тусгай бүсийн аялал, жуулчлалын холбооны тэргүүн ноён Dongе-Seok Boo онцолж байлаа.

Тэрээр өмнө нь Монголд хоёр удаа ирж байсан. Монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг. Чежүгийн аялал, жуулчлалын холбоо 1962 онд байгуулагдсан. Жилдээ гэхэд 3 сая орчим жуулчин хүлээн авдаг. Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч Kim Ae Sook Монголд анх удаагаа ирж байгаа, цэлмэг хөх тэнгэр нь маш их таалагдсан, цаашид хоёр орны аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр амжилттай хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ.

Ноён Dongе-Seok Boo гийн хэлснээр Чежүгийн хүн болгон шахуу Монголын тухай мэддэг, ирэх хүсэлтэй байдаг. Харамсалтай нь шууд нислэг цөөхөн учраас нөхцөл бололцоо хязгаарлагдмал байдаг. Гэхдээ цаашид хамтрын ажиллагаагаа улам сайжруулах боломжтой. Тухайлбал Аялал, жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран ажилласнаар маш олон ажлуудыг хийх боломжтой гэж онцолж байлаа. 60 жилийн түүхтэй Jeju Tourism Association 3 салбар, 19 дэд хороотой, тус тусгай бүсэд аялал, жуулчлалын 156 агентлаг, жуулчны 50 зочид буудал, амралтын 17 газар ажилладаг аж.
Аялал, жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ энэ жилийн хувьд аялал, жуулчлалын чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус төвийн захирал С.Бат-Эрдэнэ Өмнөд Солонгос, тэр тусмаа Чежү тусгай бүсийнхэнтэй бүх талаар хамтран ажиллана гэлээ.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Цаг үе2023/05/25
Эрүүл Монгол хүний төлөө арилжааны банкнууд нэгдэж байна
-
Үзэл бодол2022/10/05
Б.Баярдаваа: Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөнгөний бодлог...
-
Улстөр нийгэм2025/11/24
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгу...
-
Цаг үе2019/08/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
