Шударга мэдээ
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, яндангаа хөөлөөрэй
Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, УБЗАА, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, НМХГ, “Таван толгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төсөл болоод бусад холбогдох байгууллагуудаас хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн.
Уг ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамж, БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяныг есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 2-ны өдрийн хугацаанд зарлаад байна.
Тус аяны хүрээнд:
- Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор уршиг, түүнийг бууруулах, угаарын хий, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах
- Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах
- Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулсан шуурхай штабыг байгуулах зэрэг арга хэмжээг хийж хэрэгжүүлж байна.
Мөн хавар, намрын улиралд гэр байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаарын хийн эрсдэл үүсэх нөхцөл бүрддэг. Иймд иргэд та бүхэн яндангаа хөөлж, гэр, байшингаа дулаалан угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зайг сольж дадах шаардлагатай юм. Түүнчлэн яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин, зуухныхаа бүрэн байдлыг хангаж хайртай дотнын хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлээрэй.




НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Шударга мэдээ
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




-
Үзэл бодол2021/11/08
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг 3-р тунд...
-
Улстөр нийгэм2023/05/01
Нурангинаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль хийлээ
-
Шударга мэдээ2023/01/23
АТГ: Нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг...
-
Цаг үе2023/06/30
НЭМҮТ: “МонПэн санаачилга” Ховд аймагт хэрэгжиж эхэллээ
