Шударга мэдээ
Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 04-ний өдөр нээнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар-Налайх-Чойр чиглэл дэх автозамын барилга угсралт, засвар арчлалтын ажлын явцын талаар цаг үеийн мэдээлэл сонсож, холбогдох үүрэг даалгаврыг өгөв.
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийн өгч буй мэдээллээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Улиастайн гүүрнээс Налайх-Чойр чиглэлд хийгдэж байгаа зам барилга, угсралтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, үргэлжилж байгаа аж. Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрсэн учир асвольт, бетон цутгах зэрэг ажлууд зогссон. Үндсэн хийц нь хийгдсэн замын хэсгүүдэд нэмэлт арчилгаа, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг ажлууд үргэлжилж байна. Төлөвлөгөө ёсоор энэ сарын 28-ны өдөр буюу Нийслэлийн ойн өдрийг тохиолдуулан Улаанбаатар-Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамын хөдөлгөөнийг нээх зорилттой байв. Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн мэдээлэлд үндэслэн тус замын хөдөлгөөнийг энэ өдөр нээхийг хориглож, ард иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан цагтаа нээхийг үүрэг болгов.
Халтиргаа гулгаа ихэссэн, энэ үед өргөтгөл, шинэчлэл хийсэн, байнгын хөдөлгөөний нягтралтай байдаг тус замд нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, анхааруулга зэрэг туслах хэрэгслүүдийг бүрэн хангаж, хөдөлгөөний аюулгүй нөхцлийг бүрдүүлж, жолооч нар, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих ёстойг ажлын хэсгийн гишүүдэд дахин анхааруулав.
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж буй.
Уг төслийн хүрээнд одоогоор 85,730 м3 хөрс хуулалт, 205,800 м3 ухмал, 568,538 м3 далангийн дүүргэлт, 20.26 км хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь, 18,4 км хэсэгт суурь асфальт хучилт, 19 км тусгаарлах хашлага суурилуулах, үлдсэн 2,5 км авто замын суурийн доод үеийн дүүргэлт цементээр бэхжүүлсэн суурь үеийн ажлууд хийгджээ. Дулааны улирал эхэлсэн үед дахин дөрвөн сантиметр асфальтан хучилт нэмж хийх бөгөөд явган хүн, дугуйн зам гаргаж, 2020 оны 7 дугаар сарын 01 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг, замын тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт 900 ширхэг гэрлийн шонг 30 метр тутамд байршуулах юм. Ажлын хэсгийн гишүүд замын нэмэлт ажлуудыг нэг долоо хоногт дуусгах боломжтой гээд ирэх сарын 04-ний өдөр хөдөлгөөнийг нээхээр тогтов.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Цаг үе2025/10/24
Гүйцэтгэлээ биелүүлээгүй түлш тээврийн хоёр ААН-ийн гэрээг цуцаллаа
-
Үзэл бодол2020/03/09
БСШУС-ын сайд теле хичээлийг бичих явцтай танилцлаа
-
Цаг үе2025/05/28
“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ
-
Улстөр нийгэм2022/02/22
Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна
