Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 28-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Худалдааны яамны Хятад, Монголын асуудал хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч, ноён Алан Терли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад АНУ-ын Худалдааны яамны төлөөлөлтэй уулзсандаа баяртай буйгаа илэрхийлэв.
Ноён Алан Терли УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд АНУ-Монгол улсын хооронд худалдаа арилжааны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АНУ-ын худалдаа, бизнесийн салбарын хөрөнгө оруулагчдын төлөөллийн хамтаар уулзаж байгаагаа онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Америкийн Нэгдсэн Улс нь бидний хувьд чухал Стратегийн түншлэл бүхий “гуравдагч хөрш” бөгөөд ардчилал, хүний эрх, улс төр, эдийн засгийн ойрын түнш мөн. Технологи үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч улс, худалдааны том тоглогч, гадаадын хөрөнгө оруулалтын арвин эх үүсвэр болдог АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэхийг бид чухалчлан үзэж байгаа. Нөгөө талаар Ази-Европыг холбосон хамгийн тохиромжтой, дөт байх боломжтой зам Монгол Улсаар дамжин өнгөрдөг. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Ази-Европыг холбох гүүр нь болж байсан “Торгон зам”-ын түүхэн уламжлал бидэнд бий. Хоёр улсын улс төр, нийгмийн салбарын харилцаа хурдацтай хөгжиж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа энэ түвшинд хараахан хүрээгүй ч цаашид өргөжих бололцоо бий. Монгол Улсын газар зүйн байршлын онцлогийг ашиглан хоёр хөрштэй хийх экспортоо нэмэгдүүлэх боломжтой. Эдийн засгийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засаг онцгой анхаарал хандуулдаг. Нэн ялангуяа газрын тос, хийн хоолой болон мэдээллийн урсгалыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах замаар Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх сүлжээ бий болгох нь онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээн тэмдэглэлээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, ноос ноолуур, сүлжмэл эдлэл, уул уурхайн салбарын нөөц боломж ихтэй ч сүүлийн үед нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүчний салбарт ахиц дэвшил гарч байгаа учраас хөрөнгө оруулагчдад хамтран ажиллах боломж нээгдэж байгааг ч тэрбээр дурдав.
Уулзалтын үеэр талууд хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, “саарал жагсаалт”д орсноос үүдэн гарах нөхцөл байдал, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдах зөвлөлийн дарга Ойбек Халилов, гүйцэтгэх захирал О.Адъяа болон албаны бусад хүмүүс байлцав.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2021/07/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Улстөр нийгэм2021/09/28
Гэмт хэргийн шинжтэй 92 гомдол, мэдээллийг шалгав
-
Шударга мэдээ2020/03/02
Улаанбаатар руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 06:00 цагт нээнэ
-
Цаг үе2022/12/14
Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ
