Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?

Огноо:

,

“Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 17 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Мөнгө угаах гэмт хэрэг гэж юу вэ?” зурагт хуудас №17-ийг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан гэрэл зураг, архивын үзэсгэлэн 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ

Огноо:

,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнгийн нээлт 2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Монголын үндэсний музейд боллоо.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа үзэсгэлэнг нээж нийт зочдод Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсан 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн түүхэн хөгжил, туулсан замыг эргэн санах, ирээдүй хойчдоо таниулахаар үндэсний ой санамж болох архивын баримтуудыг ийнхүү дэлгэж байгааг тэмдэглэлээ.


Тэрбээр “Монголчууд өнө эртний баялаг түүх соёл, төрт ёсны уламжлалтай ард түмэн. Түүхийн хугацаанд төр улсаа төвхнүүлж, бүс нутаг болон дэлхий дахинаа алдар суугаа мандуулахын сацуу түүхийн зурвас үед гээсэн тусгаар тогтнолоо эргэн сэргээн мандуулж, төр улсаа хадгалж ирсэн. Эрдэм ухаант, эрэлхэг зоригт тэмцэгч өвөг дээдэсийн маань халуун сэтгэл, мятаршгүй тэмцэл, гавьяагаар улсынхаа тусгаар тогтнолын төлөө нийгмийн бүх давхарга нэгдэж, тэмцэн 1911 оны Үндэсний хувьсгалаар Манжийн засгийг халж, Богд Хаанаа өргөмжилсөн. Улмаар энэ тэмцлийн үр дүнгээ 1921 оны Ардын хувьсгал ялалтаар бэхжүүлэн, төрийн үйл хэргийг ард түмэн өөрсдөө эрхлэн мэдэх ардын засаглал, Бүгд Найрамдах Улсыг 1924 онд анх удаа хуульчлан баталгаажуулсан.




Монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж улс орныхоо тусгаар тогтносон бүрэн эрх, төрийн байгуулал, иргэдийн эрх, эрх чөлөө, нутгийн захиргаа зэрэг нийгмийн суурь харилцаануудыг анхдугаар Үндсэн хуулиар зохицуулж, баталгаажуулсан нь тухайн цаг үедээ үнэхээр шинэ содон зүйл байв” хэмээлээ. Үргэлжлүүлэн тэрбээр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлаас 2024 оны эхээр байгуулсан болохыг дурдан “Ажлын хэсэг энэ хугацаанд эрдэм шинжилгээний хурал, Үндсэн хуулийн ач холбогдлыг сурагчдад таниулах ажлууд, мөн өнөөдрийн үзэсгэлэн, хүндэтгэлийн чуулган зэрэг олон арга хэмжээ төлөвлөсөн. Улс орон бүр Үндсэн хуулиараа, төрт ёсны түүх, соёлоороо бахархдаг. Монгол Улс өнө эртнээс улбаатай төрт ёсны түүх, соёлтой” хэмээн тэмдэглээд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхээ бататган, тэмдэглэхийн учир утгыг нээлтээ хийж буй энэхүү “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт үзэсгэлэн илэрхийлнэ гэлээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан үг хэлэв. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд тус яам хамтран ажиллахын зэрэгцээ 11 дүгээр сарыг энэ сэдвээрх соёлын бүтээлч сар болгон зарласан болохыг дурдаж байв.


Монгол Улсын үе үеийн Үндсэн хуулийн ач холбогдол, түүх соёлын талаарх “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөг дахь 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудын талаарх баримтуудыг орчин цагийн уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй зохион байгуулж буйгаараа онцлогтой юм. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Иргэд, олон нийттэй харилцах газрын дарга Х.Мөнхбилэг хэлэхдээ “1924 онд монголчууд анхдугаар Үндсэн хуулиа боловсруулж, батлахдаа юу туулж, юу мэдэрч, ямар ирээдүйг мөрөөдсөн гэдгийг 100 жилийн дараа бид хараад зогсож байна. Тэгвэл өнөөдөр сахин тунхаглаж буй Үндсэн хуулиараа бид ирээдүйд, дараагийн 100 жилд ямар чиг баримжаатай, хэрхэн амьдрах вэ гэдгийг бодох учиртай юм. Иймээс Үндсэн хуулиа бид өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээст харуулахаар “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг дэлгэж байна. Ард түмэн ирээдүйн төсөөллөө Үндсэн хуульдаа шингээдэг юм байна, Үндсэн хууль бидний ирээдүйн зорилгыг тодорхойлдог юм байна гэдгийг энэ танхимд дэлгэгдсэн анхдугаар Үндсэн хуулийн төслийг боловсруулж эхэлсэн 1922 оны түүхэн баримтаас эхлэн өнөөдрийг хүртэлх баримт, бүтээлүүдээс харах боломжтой” гэлээ.  




Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын суурь зохицуулалтуудыг мөрдлөг болгосон 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулиудыг таниулах зорилгоор архивын бичиг баримт, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг дэлгэн олон нийтийн хүртээл болгож байгаа юм. Мөн шинэлэг, өвөрмөц уран бүтээлүүдээрээ Үндсэн хуулийн ач холбогдол, зүйл заалтуудыг хүүхэд, залууст таниулан хүргэж буй орчин цагийн залуу уран бүтээлч, гэрэл зурагчдын төлөөлөл Ё.Чанцалдуламын бүтээлүүдээс дэлгэсэн байна. 





Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан. Энэ дагуу Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэх юм  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” эрдэм шинжилгээний хурал болов

Огноо:

,

Нийгмийн эрүүл мэндийн жил болон нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, судалгааны ажлын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

Тус эрдэм шинжилгээний хуралд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, зонхилон тохиолдох болон зоонозын халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд судалгааны ажлаа танилцуулсан юм.

Хурлын үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийгмийн эрүүл мэндийн нэн чухал ажил бол халдварт өвчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, хянан судлах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хот коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчин, улаан бурхан өвчний дэгдэлт, үерийн гамшиг, шалтгаан нь тодорхойгүй химийн хордлого, угаарын хийн хордлогын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг сорилттой тулгарсан хэдий ч амжилттай даван гарсан.

Дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар ихсэх хандлагатай байгаа өнөө үед халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах асуудал чухлаар тавигдсаар байна” гэлээ.

Эрдэм шинжилгээний хурлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ, Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит анагаах ухааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Огноо:

,

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр "Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн. Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм10 цаг 37 минут

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлг...

Улстөр нийгэм10 цаг 42 минут

“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлг...

Улстөр нийгэм10 цаг 49 минут

ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүй...

Улстөр нийгэм10 цаг 53 минут

Үндсэн хуулийг түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр эхэл...

Цаг үе11 цаг 5 минут

Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 ...

Цаг үе11 цаг 12 минут

“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэм...

Цаг үе11 цаг 22 минут

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар ...

Цаг үе11 цаг 26 минут

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа

Улстөр нийгэм11 цаг 31 минут

Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын ...

Цаг үе11 цаг 37 минут

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Санал болгох