Улстөр нийгэм
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан болж, даргалагчаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо
Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна” гэж заасан байдаг.
Энэ дагуу Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдааныг өнөөдөр зохион байгуулсан юм. Энэхүү төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан. Улмаар 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс энэхүү бүтэц бүрдэж байгаа юм. Анхдугаар хуралдааны чиглүүлэгчээр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажилласан юм. Харин хуралдаан даргалагчийг төлөөлөгчид илээр санал хурааж сонгосон бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан олонхын саналаар сонгогдлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр төлөөлөгчдөн хандан хэлсэн үгэндээ дээрх чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх Төлөөллийн байгууллагын гишүүн болж сонгогдон хамтран ажиллах Аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр мөн “...Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан үндсэн хууль. Үндсэн хуульд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно…” гэдгийг тодотгов. 1992 оноос хойш 30 жилд нийт 8 удаагийн хурал байгуулагдан ажилласан.
Өдгөө 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар мөн төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Түүнчлэн төлөөллийн байгууллагын орон тоог баталж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Эцэст нь Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчийн үгэнд гарч буй саналуудыг нэгтгэх юм. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх ач холбогдолтой юм.
Улстөр нийгэм
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Улстөр нийгэм
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой
Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
Улстөр нийгэм
Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.
Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.
Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
-
Улстөр нийгэм2022/11/25
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2020/07/30
Азийн хөгжлийн банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
-
Шударга мэдээ2022/03/10
Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулна
-
Цаг үе2022/05/05
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
