Урлаг спорт
“Фауст” жүжгийг үзэх 5 шалтгаан
ШАЛТГААН №1. “СЭХЭЭТЭН” ЭСВЭЛ “ЭЛИТ” ГЭДГЭЭ МЭДЭРМЭЭР БАЙВАЛ...
“Фауст” жүжгийн тухай дуулаагүй хүн ховор. Өөрийгөө боловсролтой гэж боддог, үгүй ядахнаа боловсролтой хүмүүсийн хүрээнд хамаатуулахыг дотроо хичээж явдаг хэн болов ч “Фауст” тавигдах нь гэсэн зарыг тогтож уншилгүй өнгөрнө гэж байхгүй. Манайд энэ хүрээллийг хуучин цагт “сэхээтэн” гэдэг байв. Одоо цагт бол “элит” гэх болжээ. Энэ хүрээнийхний оюун санааны хэрэгцээ, хэрэглээ нь жирийн дундаж ард олноос дээгүүр байх нь ойлгомжтой. Үгүй ядахнаа тэгж харагдах хэрэгтэй болно. Олонх хүний хувьд цочирдмоор шинэлэг тавилттай, хүний түүхэнд бичигдсэн хамгийн агуу зохиол гэгдсэн “Фауст” жүжиг бол чухам л сэхээтэн гэдгээ хэн нэгэнд, эсвэл өөртөө ч юм уу нотлох сайхан боломж. Мэдээж хүн бүхэн Гётегийн “Фауст”-ыг унших боломжгүй. Уншаад ч ухаж ойлгох нь юу л бол. Гэхдээ л дэлхийн сэхээтнүүд, элитүүд энэ жүжгийг үзсээр ирсэн, үзсээр ч байх бололтой. Тэгэхээр монголчууд юугаар дутахав.
Монголд дээд зэрэглэлийн, сонгодог гэсэн тодотголтой бүхэн хүлээлтэндээ хүрч чаддаггүйг хэн хэнгүй мэднэ. Өндөр хүлээлттэй, байдгаараа гоёж очоод, өвлийн шөнө сэтгэл дундуур даарсхийн харих ямар олиг байх билээ. Анхны тавилтыг нь өндөр хүлээлттэй үзсэн хүний хувьд найруулагч М.Батболдын “Фауст” жүжиг үзэгчээ сэтгэл дундуур гаргахгүй л болов уу гэж найдаж байна. Үзэгчээс ямар нэг зүйл, санаашрал ч юм уу, баяр баясал ч юм уу эсвэл бүр үзэн ядалт ч юм уу танхимдаа авч үлдэх нь уран бүтээлчдийн зорилго байдаг. Манайд сүүлийн үед тавигдсан жүжгүүдээс тэр зорилгодоо хамгийн дөхөж очсон бүтээл бол “Фауст” байж магадгүй. Гэхдээ “магадгүй” шүү!
ШАЛТГААН №2. ХҮН ЧАНАРАА “ЛОМБАРД”-НД ТАВЬСАН ЭСЭХЭЭ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ...
“Фаустын домог” уг нь Ариун библийн Иовын номноос эхлээд хар домч, алхимичдийг хамарсан алдартай домог. Гэхдээ үнэн бодит юм шиг санагддаг цөөхөн домгийн нэг шүү! Хамгийн энгийнээр ойлговол чөтгөрт сүнсээ худалдаж, зүйрлэшгүй шид чадварыг олсон хүний түүх юм. Өөрөөр хэлбэл хүний оршихуйгаас хэтийдэхийн тулд, хүний чадвараас давсан үйл бүтээхийн тулд өөрийн амин сүнсээ чөтгөрт барьцаалсан хүн. Орчин үед буулгаж ойлговол хүн чанараа ямар нэг “ломбард”-нд тавьчихаад хүүнд нь барьцаалагдаад есөн жорын жаргал зовлон туулж яваа хүний түүх.
Европт чөтгөртэй гэрээлсэн санваартны тухай, бүр чөтгөртэй хийсэн гэрээ нь олдсон тухай цуу яриа, инквизаторууд зэтгэртэй гэрээлэгсдийг илрүүлэн устгасан түүх тоо томшгүй олон бий. Тэдний дундаас хамгийн алдартай нь Европыг хэрэн хэсэж амьдарсаар 1540-өөд онд Германы Виттенбергт дуулиантайгаар нас эцэслэсэн Иоханн Фауст хэмээх санваартны түүх юм. Хар домч, алхимичээрээ алдаршсан энэ эрийн чөтгөртэй байгуулсан гэрээ ч олдсон гэлцдэг.
Төд удалгүй энэ түүхээс сэдэвлэж, Шекспирийн үед Шекспирээс ч алдартай байсан Кристофер Марлоу жүжиг бичжээ. Марлоугийн жүжгээс 300 гаруй жилийн дараа Германы их бичгийн хүн Иохан Вольфанг Фон Гёте “Фауст” хэмээх жүжиг бичсэн нь эдүгээ ертөнцийн хамгийн агуу жүжиг гэгдэх болжээ. Гэхдээ сэдэл болсон домгоос нь болж “Фауст” жүжгийг христийн шашинтай хольж ойлговол үнэхээр утгагүй төөрөгдөл болно. Шашинжуулахдаа тулвал, “Чи буддист бол Фаустыг нэн даруй үз, чи итгэгч бол Фаустыг үзэхгүй өнгөрч болно гэж үү?” гэж хэлэх байна.
ШАЛТГААН №3. “АГУУ”, “СОНГОДОГ” ГЭХ МЭТ СҮРЖИН ТОДОРХОЙЛОЛТЫН УЧРЫГ ОЙЛГОХЫГ ХҮСВЭЛ...
Сүнсээ чөтгөрт худалдсан хүний түүх юу нь тэгтлээ сонирхолтой байна гэх асуух хүн гарах байх. И.В.Ф Гётегийн насан туршдаа бодож байж бичсэн гэлцдэг энэ жүжигт зөвхөн дээрх домгийн тухай өгүүлэхгүй.
Зохиолч энэ жүжгээр ёс суртахуун, хүний оршихуйн мөн чанар, хайр дурлал, мөнхийн хайр бий эсэх, цаг хугацаа, үйлийн үр гэж бий юу, хойд насны амьдрал, насны бөгсөнд эд баялаг, эрдэм мэдлэг хоёрын аль нь үнэндээ чухал вэ, аль эсвэл аль нь ч хэрэггүй хог юм уу зэрэг тоо томшгүй асуулт тавьж, түүндээ хариулт эрсэн байдаг. Хүн насан туршдаа өөрөөсөө асууж, өөртэйгээ зөрчилдөж явдаг үр бодлуудыг Фауст хэмээх ухаантны амьдралд сүлжиж орхисон хэрэг. Энэ сүлжээсийг хэрхэн тайлах нь хүн төрөлхтний хувьд гоо зүйн эрэл хайгуул болж үлдсэн. Сонгодог жүжгүүд мөнхөд тоглогдсоор байдгийн гол шалтгаан нь энэ. Сонгодог зохиол гэдэг хариулт, сургаалиудаар дүүрэн биш асуулт, хариулахад хэцүү асуултуудаар л дүүрэн байдаг юм.
Агуу зохиол гэдэг асар олон талтай, сэтгэхүй, үйлдлийн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагчийн хувьд ч, жүжигчний хувьд ч, үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид үнэлэгддэг. М.Батболд шиг залуухан, туршлага багатай найруулагчийн хувьд “Фауст”-ыг тавихаар зориглох нь амиа хорлосноос ялгаагүй хэрэг. Чухам энэ зоригтой сонголт нь урлагийн хүрээний олон хүний сониучирхал, зэвүүрхлийг төрүүлсэн. Үүнийг бичиг ч бас сониу, зэвүү тээсээр анх үзсэнээ нуух юун...
ШАЛТГААН №4. УЛАМЖЛАЛТ ТЕАТРААС УЙДАЖ ЗАЛХСАН БОЛ...
Найруулагч М.Батболд бол Орос ах нарын бүтээгдэхүүн. С.Гэндэн, Л.Ванганаас эхлээд монголын театрын уран сайхны бодлогыг сүүлийн 30 гаруй жилийн турш зангидсан Н.Сувд гуай гээд театрын гол уран бүтээлчид бүгд орос школоор хүмүүжиж, эх орондоо хэрэгжүүлсэн улс. Монголын урлагийнхан 10 гаруй жилийн өмнөөс оросууд өөр болчихож, оросын театр өөрчлөгдөж байна гэх мэтээр жиг жуг гэх болсон. Гэхдээ яаж өөрчлөгдөөд, өөр болоод байгааг нь очиж үзээд, монголдоо авч ирж хэрэгжүүлсэн нь харамсмаар цөөхөн. Хэдийгээр найруулагчдын нэгэн шинэ үе гарч ирж, эрэл хайгуул хийсээр байгаа ч монголын театр үзэгчдийнхээ оюуны хэрэгцээ, таашаалыг хангаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадаж байгаа юу гэвэл үгүй.
Яг ийм нэг сонирхолтой ч юм шиг, уйтгартай ч юм шиг зурвас үед М.Батболд хэмээх шинэ найруулагч театрын ертөнцөд орж ирж байна. Манай үеийнхний гадаадын мэргэжлийн сэтгүүл, цахим орон зайнаас л олж үзэж ирсэн динамиктай, орон зай шаардсан чөлөөт тавилтыг М.Батболдын “Фауст” жүжгээс үзсэн нь таашаал төрүүлснийг нуугаад яахав. Гэхдээ анхны тавилтаа Соёлын төв өргөөнд хийсэн нь учир дутагдалтай байв. Соёлын төв өргөө бол хошин шогийн гараа, концерт хийхэд тохиромжтой болохоос драмын жүжиг тавихад тохиромжгүй тайз юм. Тийм ч учраас М.Батболд найруулагчийн зарим орон зайн шийдэл, тоглолтууд үзэгчдэд хүрэхгүй сарниад байгаа нь мэдрэгдсэн. Харин энэ удаа “The Corporate Hotel and Convention Centre”хэмээх монголдоо л сайнд тооцогдох танхимд тавигдах гэж байгаа нь сонирхол татаж байна.
“Найруулагчийн тавилт” гэдэг энэ үг өөрөө их марзан үг л дээ. Гэхдээ үйл явдал, шийдлийг нь урьдчилан задлахгүйгээр тавилтыг нь базаж дүгнэвэл, үзэгч энэ жүжгээс монголд урьд өмнө нь үзээгүй театрын олон боломж байдгийг олж харах болно.
ШАЛТГААН №5. ХИЙМЭЛ БУС БОДИТ ЖҮЖИГЛЭЛТ ҮЗМЭЭР БАЙВАЛ...
“Фауст” жүжиг гол хоёр дүртэй. Нэг нь ертөнцийн явдалыг бясалгаж, бараг л гэгээрлийн гарман дээр ирсэн Фауст гуай. Манай нийгэмд Фаустархуу дүр байна уу гэж миний бие бодож үзээд, яруу найрагч Д.Урианхайгаас өөр хүн олоогүй. Өөрөөр хэлбэл Фауст бол Д.Урианхай гуайрхуу л ховор хувь хүн, бодьгал гэсэн үг. Энэ дүрд жүжигчин Г.Мягмарнаран, С.Болд-Эрдэнэ нар тоглоно. Хөгшин залуу хоёр жүжигчин нэр дурьдагдахыг үзээд гярхай үзэгч нэгийг тааварлах нь лавтай. Хоёулаа драмын театрын сонгодог, арилжааны, хүүхдийн гээд бүх л жүжгийг нуруун дээрээ үүрч гарч сурсан туршлагатай “тайзны хүмүүс”. Тэдний хослол найруулагч М.Батболдын “орон зайн тавилт” дээр хэрхэн буух нь үзэгчдэд сонирхолтой байх.
Жүжгийн нөгөө нэг гол дүр нь бурхадтай дэнчин тавьж, Фаустын сүнсийг авахаар ертөнцөд бууж ирэх Мефистофел. Хамгийн сонирхолтой энэ дүрд монголын хошин урлагийн оддын нэг “Аглуу” буюу Л.Баттулга тоглоно. Л.Баттулгын тоглолт, жүжигчний ажиллагаан дээр ярих юм их байгаа ч жүжгээ хүлээж буй үзэгчдийг хүндлээд одоохондоо хэлээ хазъя. Ямартай ч энэ жүжигт дүр бүтээж буй жүжигчид өөрийн тогтсон хэв маягаасаа аль болох зайлсхийхийг хичээж байсныг нь дуулгах нь зүйтэй байх. Басхүү жүжигчдийн тоглолтонд сонгодог бүтээлд дүр бүтээж байгаа гэсэн дотоод хиймэл хичээнгүйлэл бага байсныг урьдчилан дуулгамаар байна.
Монгол шинээр тавигдаж буй нэгэн шинэ жүжгийн тухай үзэгчдэд хэрэг болох болов уу гэсэн санаануудаа нуршихад ийм байна. Үүнээс цаашихыг мөнх хөх тэнгэр ч биш, урлагийн бурхан Янжинлхам, Гэгээн Муза ч биш гагцхүү үзэгч таны мэргэн оюун мэдмой!
СУИС-ийн Театрын Урлагийн Сургуулийн багш Я.Баяраа

Урлаг спорт
Нүүдэлчдийн түүхийг орчин цагтай холбон цаг хугацаагаар аялуулж эхэллээ
Чингис хаан Үндэсний музей нь Швейцарын Ритберг музейтэй хамтран “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэнгээ Цюрих хотноо (2025.10.23) дэлгэж нээлтээ хийжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн газрын дарга С.Дэлгэрмаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, Хархорум музейн захирал Т.Баяраа, Швейцарын Холбооны Улс дахь Байнгын төлөөлөгч бөгөөд Элчин сайд Д.Гэрэлмаа болон эрдэмтэн судлаачид, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Коринне Маух, Ритбергийн музейн захирал Aннетт Бхагват болон бусад төлөөлөл 200 гаруй үзэгчид оролцлоо.

Их эзэн Чингис хааныхаа суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилгоор Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн үзэсгэлэн нь ирэх оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл дэлгэгдэнэ.
Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрдэж буй юм. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх 1-14 зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн мянганаар хэмжигдэх өв уламжлал,үндэсний сэтгэлгээний цөмийг орчин цагийн хүмүүнд хүргэх онцгой завшаан болоод Монголын ард түмний түүхийн замнал, урлагийн өв, оюун санааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Соёл нь улс орнуудыг холбодог хамгийн хүчирхэг хэл, үзэсгэлэн нь тэр гайхамшигт хэлний тод жишээ юм” гэдгийг тодотгов.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун “ Монгол орон: Цаг хугацааны аялал үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүхийг бүрэн хэмжээнд харуулахын зэрэгцээ нүүдлийн ертөнцөд биднийг хөтлөн хүргэж илүү гайхамшиг, илүү өндөр технологи, ур чадварыг мэдрүүлэх болно. Ирээдүй болгон гайхамшиг биш, харин өнгөрсөн нь түүнээс ч дутуугүй бишрүүлнэ. Зөвхөн цаг хугацаагаар аялах төдий зүйл биш шинэ мэдлэгийг өнгөрснөөс олж, ирээдүйд илгээх зурвас юу болохыг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан мэдрэх болно” хэмээн онцлон хэллээ. Ритбергийн музей нь Монгол болон Дорно дахины өв соёлын цуглуулгаараа гайхамшигтай Швейцар улсын хамгиийн том урлагийн музей бөгөөд Монголын соёлын өвийг дэлхийн дахинд сурталчлан таниулах үйлсэд бидэнтэй үргэлж хамтран ажилладагт талархлаа илэрхийлье гэв.
Чингис хаан Үндэсний музей нь энэ жил Чех Улсын Прага хотноо “Чингис хаан” үзэсгэлэн, Япоын Осака хотноо “World expo2025” үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний түүхийг харуулсан үзмэрүүдээрээ оролцсон бол, Швейцарын Цюрих хотноо анхны үзэсгэлэнгээ дэлгэж Европийн үзэгчдэд хүргэж байна.

Тус үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан авчирч Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэлтийн ажлыг бүрэн гүйцэтгэв.


Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей
Урлаг спорт
“Бахрейн 2025”: Монголын муайтай спортын тамирчин М.Бямбацогт хүрэл медаль хүртлээ
Азийн залуучуудын наадмын муайтай спортын төрөлд Спортын мастер М.Бямбацогт 54 кг-ийн жинд Хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүллээ.
Түүний жинд 19 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин Палестин, Туркменистаны тамирчдыг ялж, улмаар мөнгөн медаль хүртсэн Камбожийн тамирчин Чонг Висалд ялагдсанаар ийнхүү хүрэл медаль хүртлээ. Алтан медалийг Узбекистаны тамирчин Нурхужаев Мукаффар хүртсэн байна.
Монгол Улсаа төлөөлөн муайтай спортын төрөлд тамирчин М. Бямбацогт, Ч.Есүй, М. Энх-Учрал, Б. Бадам, С. Бямбажав нарын таван тамирчин дасгалжуулагч багш Э. Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлага дор амжилттай оролцож ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.
Урлаг спорт
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э.Батмагнай асаалаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв.
XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.
Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв.
Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.



-
Шударга мэдээ2025/09/03
Зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг арилгуулж байна
-
Шударга мэдээ2024/03/22
Зуслангийн бүс дэх ус их тогтдог байршлуудад өрөмдлөг хийж усны хаялга суурилуул...
-
Цаг үе2021/07/27
КОВИД-19 халдвараар өвдөөд эдгэрсний дараах зөвлөмж
-
Улстөр нийгэм2024/11/27
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг ...
