Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, хүйтэн салхитай байна.
2019 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 15-20 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм хүйтэн байна.
2019 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 3, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2023/09/14
Австралийн парламент дахь Австрали-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүү...
-
Улстөр нийгэм2021/01/03
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна
-
Шударга мэдээ2024/09/05
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асууд...
-
Улстөр нийгэм2022/09/20
УИХ-ын дарга Г.Занданшатар “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022&...

