Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана

Огноо:

,

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээ төлөвлөсөн” гэдгийг тодотголоо. 

 Эдгээр ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны гишүүд, төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо. Цаашлаад бүсүүдийн хөгжлийн зорилтот хөтөлбөр болон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан холбогдох хуулиудыг  шинэчлэн боловсруулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулах шаардлагатайг сануулав.
 
2025 онд бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, олон талт арга хэмжээг зохион байгуулах хүрээнд;
  • Бүсийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн татвар, хөрөнгө оруулалтын  эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх бодлогын санал зөвлөмжийг боловсруулах;
  •  
  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн салбарын бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх;
  •  
  • “Бүсийн хөгжлийн зорилтод хөтөлбөр”-ийн төсөл боловсруулахад салбарын хөгжлийн зорилт, арга хэмжээг бүс бүрээр тодорхойлох;
  •  
  • Бүсүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төслийг хийж гүйцэтгэх;
  •  
  • “Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан"-ыг бүс тус бүрд зохион байгуулах, Ингэхдээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг тухайн бүсэд зохион байгуулж, бүсийн хөрөнгө оруулалтын төслийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулах; 
  •  
  • Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд салбар хоорондын болон гадаад хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах;
  •  
  • “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг салбар хоорондын уялдааг хангах, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хянах орон зайн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, удирдлагын нэгдсэн цахим платформ хөгжүүлж, олон нийтэд хүргэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хуралдаанд Үндэсний хорооны гишүүд, Шадар сайдын Ажлын алба болон аймгийн Засаг дарга нар, тамгын газрын холбогдох албан тушаалтнууд цахимаар оролцлоо. 



Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр (2026.09.07) эхэллээ. Ээлжит бус чуулганы нээлт 10.02 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 64.3 хувийн ирцтэй болов.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт улсын төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч буйг онцолсон юм. Тэрбээр, геополитикийн нөхцөл байдал, дайн байлдааны үр дагавар нь дэлхийн улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж, эрчим хүч, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнээр дамжин улс орон, айл өрх, хүн бүрийн амьдралд сөргөөр нөлөөлж буй энэ эгзэгтэй цаг үед бидэнд улс төржсөн төсөв бус, улсаа бодсон хариуцлагатай төсөв, өнөөдрийг аргацаасан зохицуулалт бус харин маргаашийн тогтвортой байдлыг хамгаалсан бодлого хэрэгтэй гэлээ. Хувийн хэвшлийн орон зайг тэлж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг олгосон шиг олгох, амласан амлалт, баталсан хуулиндаа эзэн болоход анхаарахыг Улсын Их Хурлын дарга уриалаад, аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулан хэлсэн юм.
Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сагийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.  Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний долоон сарын байдлаар 7.6 хувиар өсөж, экспорт 12 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 57 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлтийг айл өрх, ард иргэдийн амьжиргаанд шингээх зорилгоор 435 мянган ахмад настны дундаж тэтгэврийг 250 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 1.2 сая төгрөгт хүргэх, 149 мянган төрийн албан хаагчийн цалинг 20-50 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар тооцсон байна гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.

Ерөнхийлөгч В.В.Путин уулзалтын эхэнд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр талын харилцаа өнө эртний түүхтэй. ОХУ-ын хувьд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг тэмдэглэлээ. 

Мөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах өргөн хүрээний асуудлаар санал солилцсоныг онцлов. “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” хэмээн хэлэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг ахлан ажилласан бөгөөд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гаалийн тариф тэглэх, бууруулах, хөнгөлөх зэрэг эдийн засгийн нэн чухал эерэг зохицуулалт тусгасан байна. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,  ОХУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.  

Мөн хоёр улсын өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хоёр улсын Төрийн тэргүүн нарын түвшинд ярилцсан аливаа асуудлыг ажил хэрэг болгоход Ерөнхий сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллах болно гэв.

Талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. 

Монгол, Оросын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны цахилгаан станц-3, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиров. 

Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.

Уулзалт ажил хэрэгч уур амьсгалд өрнөж, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Улсын Их Хурлын Дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй Улсын Их Хурал болон Засгийн газрын гишүүд, бусад албаны төлөөлөл оролцов. ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Шадар сайд А.Л.Оверчук, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев, Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга А.А.Козлов, Тээврийн сайд А.С.Никитин, Эдийн засгийн хөгжлийн сайд М.Г.Решетников, Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв, Төв банкны орлогч дарга А.Г.Гузнов болон “Оросын төмөр зам” ХК, “Росатом” улсын атомын эрчим хүчний корпорац, “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлага зэрэг албаныхан байлцлаа.

Цаашид хоёр тал хамтран ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох