Үзэл бодол
Х.Баттулга оффшор компаниа татан буулгасан ч, Ерөнхийлөгчийн тангарагаасаа няцсан үйлдлээ залруулж чадахгүй

Түүнийг 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед нь “Х.Баттулга Монголын баялгийг харийнхантай нийлж оффшорт нуусан” гэх агуулга бүхий баримт, мэдээллийг нэр бүхий хүмүүс дэлгэн тавьж, хэвлэлүүд ч мэдээлж байлаа.
Тухайн үед Х.Баттулга нэр дэвшигч өөрийн нэр холбогдсон оффшорын асуудлаар ямар ч тайлбар хийж, өөрийгөө өмгөөлөөгүйн учиг нь өнөөдөр албан ёсоор баримтаар, тодорхой болж буйг хэлэх нь зөв байх.
Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур улсад байгуулсан компаниа 2020 оны сүүлээр буюу шинэ оны өмнөхөн татан буулгасныг баталгаажуулсан баримтыг IKON.MN сайт Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сангаас татан авч, олон нийтэд мэдээлээд байна.
Сингапурт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг www.bizfile.gov.sg сайтаас 5.5 сингапур доллар төлж авах боломжтойг тодотгоё.
Сануулахад, "Зууны мэдээ" сонины 2021 оны нэгдүгээр сарын 4-ний даваа гарагийн № 1 (6478) дугаарт “Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн охиноороо дамжуулан оффшорт бүртгэлтэй “Женко Холдингс Пи-Ти-И” буюу Jenco Holdings PTE компанийг 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл эзэмшиж байсан мэдээ саяхан Сингапур улсын албан ёсны бүртгэлийн байгууллагад байгаа нь ил болсон. Мөн Х.Баттулгын ДXXXXXXX дугаартай дипломат паспорт дээр нь үүнээс гадна хэд хэдэн компани байсан нь ил боллоо. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” буюу MCB Holdings PTE компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байсаар байжээ. “Money Come Back” буюу MCB Holdings гэх энэ оффшор компанийн нэр бас удахгүй өөр асуудалд холбогдон гарч ирнэ” гэхчлэн бичсэн байсан.
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байсан. Улмаар 2013 онд охин Б.Намууныхаа нэр дээр компанийн эзэмшлийн хувийг шилжүүлсэн. Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталсан талаар IKON.MN сайтын мэдээлэлд дурджээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт бүртгэлтэй компаниа нуун дарагдуулсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж буйг хэвлэлүүд сануулан мэдээлж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 326 дугаар тогтоолд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэн батлахдаа, жагсаалтын 46 дугаарт Сингапур улсыг оруулсан байдаг.
Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын компани 2020 оны арванхоёрдугаар сард татан буугдсанаас үзэхэд тэрбээр 3 жил гаруйн хугацаанд ард иргэдээ хууран мэхэлжээ.
Өнөөдөр ч түүний хууран мэхлэлт үргэлжилж байна.
Мөн тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөөр байгааг ч хэвлэлүүд сануулсаар байна.
Уг хуулиар Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосон.
Холбогдох хуулиар тогтоосон болзол, шалгуурын дагуу сонгогддог, эсхүл сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаалд нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд нэр дэвшихэд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлэх үүрэгтэй. Энэ хуулийн 101.2 дахь хэсэгт заасан нэр дэвшигч албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон тохиолдолд тухайн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол 3 сарын дотор дараахь арга хэмжээг авч, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ гэхчлэн заасан байдаг.
Тэгэхээр Х.Баттулга Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд зөрчсөн гэдэг нь харагдаж байна.
Ерөнхийлөгч Үндсэн хуулиар тогтоосон тангарагийг УИХ-д өргөхдөө Монгол Улсынхаа хууль, дүрэм, журмыг зөрчихгүй, шударга байхаа ард түмнийхээ өмнө тангарагладаг.
Х.Баттулга Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон, 2017 оны долоодугаар сарын 10-ны өдөр Төрийн ордны их танхимд тангараг өргөж, ард түмэндээ хандан хэлсэн үгнээс эшлэн сануулъя.
Тэрбээр:
Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ энд бас онцлон хэлье.
Хууль ёсыг уландаа гишгэсэн, хуйвалдаанч түшмэдийн бодлогыг дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг, аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.
Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.
Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Би эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.
Би экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.
Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч орон, үйлдвэрлэгч улс, хамтрагч үндэстэн байлгахын төлөө, ажилдаа шуурхайлан орно оо.” хэмээн тангараг өргөсөн билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч тангарагаасаа няцвал хэрхэх вэ гэдэг асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дараах байдлаар тусгажээ.
7 дугаар зүйл. Ерөнхийлөгч ажлаа хариуцах
1.Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна.
2.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ гэж заасныг тодотгоё.
Үзэл бодол
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа
Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.
Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ. Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.
Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форумд ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.
Үзэл бодол
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт Улаанбаатар хотод болно
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, хүрэх явцыг түргэвчлэх ажилд хувь нэмэр үзүүлэх зорилгын дагуу АНУ-ын Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сангаас жил бүр Азийн бүс нутагт “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж иржээ.
Өнгөрсөн жилийн БНСУ-д болсон чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа нар үндсэн илтгэгчээр оролцож байв.
Энэ жил Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мүн сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтыг 2023 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэж байна.
Чуулга уулзалтад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төвийн захирал Жи Вүк Шин болон БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуулийн ерөнхийлөгч Юн Ми Ким, Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр нарын нийт 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирэхээр болжээ.
Мөн Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, “Боловсролын олон улсын харьцуулсан судлал”, “Олон улсын боловсролын бодлогын шинжилгээ” магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка, Япон Улсын Шига мужийн Отсу хотын дарга асан, OnBoard компанийн үүсгэн байгуулагч Наоми Коши, Тайланд Улсын Таммасат Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны профессор Чалидапорн Сангамфан, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн Судалгааны төвийн дэд захирал, Япон судлалын хөтөлбөрийн захирал Киёотерү Цүцуй, Бүгд Найрамдах Филиппин Улсын Конгрессын гишүүн, Филиппиний Эмэгтэйчүүдийн Их сургуулийн үүсгэн байгуулагч Хосе Ф.Б.Бенитес, Индонезийн Их сургуулийн Жендэр судлалын сургуулийн профессор Миа Сискавати, Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун-Шил Ким нарын эрдэмтэн, судлаачид тус чуулга уулзалтад илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцоно.
Тухайлбал, Стэнфордын Их сургуулийн Боловсролын дэд профессор, магистрын хөтөлбөрийн захирал Кристин Мин Вотипка боловсролын салбар дахь жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавина. Мөн Эва Их сургуулийн Эмэгтэйчүүд судлалын төвийн профессор Юун Шил Ким тогтвортой хөгжил, жендерийн тэгш байдал хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллана. Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид болон бусад улс орнуудын эрдэмтэд Жендерт суурилсан хүчирхийлэл, Хөдөлмөрийн зах зээл дэх жендерийн тэгш байдал сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцож илтгэгч, чиглүүлэгчээр оролцох юм.
Монгол Улс энэхүү чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна. Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг 2016 оноос эхлэн бодлогын баримт бичгүүддээ тусгаж, хүний амьдралын тав тух, хөгжлийн боломжийг хангасан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн цогц бодлогыг баримтлан ажиллаж ирсэн юм.
Тогтвортой нийгэм, ирээдүйг бүтээхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч гэж үздэг ч жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байсаар байна. Улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж байгаа бол эмэгтэйчүүдийн манлайллын замналд ахиц дэвшил гаргах хэрэгтэй гэж үзэж байна. Тиймээс олон улсын төвшинд нэр хүндтэй нөлөө бүхий илтгэгчид дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангахад тулгараад буй саад бэрхшээл, охид, эмэгтэйчүүдийг дэмжих ажлыг түргэвчлэх бодлогын шийдлүүдийг судлан ярилцана.
Мөн энэ үеэр Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаар салбар хуралдаан болж, Алтай дамнасан орнуудын соёл, түүх, уламжлал, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэлийн талаар хэлэлцэх ажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Үзэл бодол
Саудын Арабын хаант улсын Гадаад хэргийн сайд ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд, Эрхэм дээд Ханхүү Файсал бин Фархан Аль-Саудтай тавдугаар сарын 25-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны болон улс төрийн зөвлөлдөх уулзалтын тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, анхны улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс Булангийн орнуудтай хөгжүүлж буй гадаад бодлогын хүрээнд Саудын Арабын Хаант Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Энэ хүрээнд уул уурхай, эрчим хүч, хөдөө, аж ахуйн салбарт Саудын Арабын хөрөнгө оруулалтыг татах, манай улсаас мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх, аялал жуулчлалыг харилцан дэмжих, оюутан солилцох сонирхолтой байгааг илэрхийлээд ногоон хөгжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавив.
Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад идэвхижүүлэн хөгжүүлэхийн чухлыг онцлоод, хоёр улсын ГХЯ-д хоорондын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг ийнхүү тавьж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
-
Цаг үе2021/06/10
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын 50 цэг ажиллана
-
Улстөр нийгэм2022/05/30
“Зорчигч тээврийн нэгтгэл” болон “Зорчигч тээвэр III”-ын...
-
Цаг үе2023/05/19
“Тэрбум мод” сангаас 34 төсөлд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт...
-
Үзэл бодол2019/08/22
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах ...
Сэтгэгдэл