Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Э.Түвшинчулуун: Эрчим хүчний шугамын гэмтлийг богино хугацаанд засварлаж, хэвийн горимд шилжүүллээ

Огноо:

,

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Хүчтэй салхи шуурганы улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон мянган мал хорогдон, байшин барилга нурж, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсны улмаас зарим аймгууд тог цахилгаангүй болоод байсан юм.  Бид энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай уулзаж тодрууллаа.

-Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхины улмаас хичнээн газар цахилгаангүй болоод байна вэ?

-Нийт нутгийг хамарсан хүчтэй салхи шуурганаас шалтгаалан улсын хэмжээнд 12 аймгийн 89 сумын эрчим хүчний хангамж тасалдсан. Эдгээрийн зарим нь түр тасралт бөгөөд шуурганы дараа шугамыг хүчдэлд залгаж хэвийн болгосон. Зарим сумдын өндөр хүчдлийн тулгуурууд унасан гэмтэл гарсныг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж хэвийн болгоод байна.

-Увс аймагт томоохон гэмтэл гарсан, цахилгааны тулгуур унаж баруун гурван аймаг цахилгаангүй болсон. Одоо хэвийн болсон гэж ойлгож болох уу?

-Хүчтэй салхи шуурганы улмаас Баруун бүсийн эрчим хүчний системийн эзэмшлийн Хандгайт-Улаангомын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тулгуур унаж Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид эрчим хүчээр хязгаарлагдсан. Энэ хугацаанд дээрх аймгуудын 1-р зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр ханган ажилласан. Гарсан гэмтэл саатлыг  богино хугацаанд арилгах талаар Эрчим хүчний яамнаас шуурхай арга хэмжээ авч, “ББЭХС” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ний хамт олон мэргэжлийн өндөр түвшинд ажиллан үйл ажиллагааг хэвийн болгож Баруун бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангаж байна.

-Баруун бүсийг эрчим хүчээр хангаж байгаа шугам, дамжуулах станцуудад байн байн томоохон гэмтэл гардаг. Энэ шугам нь хэзээ ашиглалтад орсон бэ?

-Өмнө нь Увс аймагт болсон хүчтэй салхи шуурганы улмаас 1998, 2008, 2018 онуудад  Хандгайт-Улаангомын 220 кВ-ын  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарсан, томоохон хэмжээний гэмтлүүд гарч байсан. “ББЭХС” ТӨХК-ийн эзэмшлийн ОХУ-ын Хандгайт-Улаангомын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам нь 1995 онд ашиглалтад орсон бөгөөд ОХУ-аас импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулж баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах  зориулалттай юм.  Энэ шугамын зураг төслийг 1988 онд ОХУ-ын Ленинградын “Энергосетьпроект” байгууллага хийж, барилга угсралтын ажлыг Дарханд байрлаж байсан эрчим хүчний барилга угсралтын “ЛЭП Строй” гэдэг байгууллага хийсэн байдаг.

-Хүмүүс сүүлийн үед салхи гарангуут унаад байдаг шугам гэж шүүмжлээд байгаа. Үнэхээр чанаргүй баригдсан байна уу? Эсвэл тооцоо буруу хийгдэв үү? Мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна?

-Миний хувьд барилга угсралтын ажлын чанар, материал, хийцтэй холбоогүй байх гэж боддог. Яг ийм цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг Монгол Улсын эрчим хүчний системд ашигладаг, 50 гаруй жил ажиллаж байгаа агаарын шугамууд ч бий. Эдгээр гэмтэл нь агаарын шугамын чанараас илүүтэй, байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор гарч байгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн шугамын тооцооны механик ачааллаас давсан хөндлөн хүч буюу салхины хурд анхны тооцсон тооцооноос илүү гарсан байж болно. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” норм дүрмээр манай улсын газар нутгийн салхины тооцооны хамгийн их хурдыг 1-4 бүсчлэлд хуваасан байдаг.

Дээрх норм дүрмээс харахад Увс аймаг 2-р бүсэд хамаарагдахаар байна. Тэгэхээр 10 жилд нэг удаа тохиолдох салхины хамгийн дээд хурдыг 25 м/с-ээр тооцсон байх магадлалтай. Гэтэл бодит амьдрал дээр салхины хурд 30-34 м/с, зарим тохиолдолд  түүнээс ч илүү байх тохиолдлууд байна. Тэгэхээр цаг уурын энэ онцгой нөхцлүүдийн давтамж магадлалыг тооцох шаардлагатай болж байна. Ер нь цахилгаан дамжуулах агаарын шугамын механик тооцоог хийхдээ 10 жилд нэг удаа тохиолдох салхины дээд хурд, дамжуулагчийн хөндлөн огтлол, жин, мөстөлтийн зузаан, тухайн бүс нутгийн хамгийн их болон бага, дундаж температураар тооцдог. Нэг газарт байн байн ийм гэмтэл гарч байгаа учраас тулгуур хоорондын зайг багасгах, өөр төрлийн тулгуураар солих гэх мэт арга хэмжээ авч ажиллаж байна.

-Та сая зөвхөн баруун аймгуудын агаарын дамжуулах шугамын талаар ярьлаа. Ер нь бусад бүс нутагт иймэрхүү гэмтлүүд гардаг уу? Энэ талаар нарийвчилсан судалгаа байдаг уу?

- Судалгаа байлгүй яахав. Бусад бүс нутагт ч ийм тохиолдлууд гарч байсан. Байгалийн гэнэтийн үзэгдлээс шалтгаалж 1993 онд Эрдэнэт-Улаанбаатарын 220 кВ-ын шугамын 5  тулгуур, 2001 онд  Эмээлт орчимд тус шугамын 4 тулгуур, 2005 онд Цайдамын хөндийд 21 тулгуур, 2011 онд  Дарханд  220 кВ, 110 кВ-ын нийт 17  тулгуур, 2013 онд Бор-Өндөр-Өндөрхааны 110 кВ-ын шугамд 14  тулгуур, 2017 онд Эрдэнэт-Булганы 110 кВ-ын шугамын 13 тулгуур, 2018 онд 110 кВ-ын Хархорины шугамын 7  тулгуур унаж байсан. Байгалийн гэнэтийн хүчтэй үзэгдлүүд тохиолдож зөвхөн эрчим хүч бус айл өрх, мал амьтан, эд хөрөнгийн их хэмжээний хохирол гарч байсан.

-Энэ гэмтлүүдийг засварлахын тулд багагүй хөрөнгө мөнгө шаарддаг нь мэдээж. Эрчим хүчний системд гарсан ийм гэмтлүүдийг засварлах, сэргээн босголтын ажил хийхэд хэр их хугацаа шаарддаг вэ?

-Нэг тулгуур унахад цаана нь олон мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болох эрсдэлтэй байдаг.  Эрчим хүчний салбар хүнд байсан цаг үед буюу 1998 онд Баруун бүсэд гарсан гэмтлийг дөрвөн сар гаруй хугацаанд ажиллаж хэвийн болгож байсан. Тухайн үед сэлбэг материалын нөөц байхгүй байсантай холбоотой. 2001-2011 оны хооронд гарсан томоохон гэмтлийг арилгахад тусгай зориулалтын автомашинууд хүрэлцэхгүйгээс хувийн автокрануудыг хөлсөлж ажиллуулж байсан. Хамгийн гол нь 22-43 м өндөртэй тулгууруудыг уулын бартаатай нөхцөлд угсарч босгоно гэдэг цэвэр мэргэжлийн ур чадвар шаардсан ажил байдаг.

Эрчим хүчний компаниудыг 2012 оноос тусгай зориулалтын машин механизмаар хангах ажлуудыг эрчимтэй хийсэн. Үүний үр дүнд гэмтэл саатлыг богино хугацаанд засварлаж байна. Мөн манай инженер техникийн ажилтнуудын ур чадвар ч бас сайжирсан. Өмнө нь баруун бүст томоохон хэмжээний гэмтэл саатал гарахад  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануураас мэргэжлийн хүмүүс очиж хамтын хүчээр сэргээн босголтын ажлыг хийдэг байсан бол сүүлийн үед “ББЭХС” ТӨХК-ийн хамт олон өөрсдийн хүчээр гэмтэл саатлыг арилгаж байгаа.

-Дарханд шугамын мөстлөг болж, агаарын шугамууд хугарч унаж байсан гэж сонссон?

-Монгол Улсын хувьд агаарын чийгшил харьцангуй бага мужид байдаг учраас дамжуулагч утасны мөстлөгийн зузааныг 5 мм-ээр тооцдог. Одоогоос 10 жилийн өмнө Дарханд агаарын шугамын томоохон гэмтэл гарсан. Энэ үед утасны мөстлөгийн зузаан 50 мм хүрсэн. Үүнийг онцгой нөхцөл гэж үздэг юм билээ. Манай улсад ийм тохиолдол урьд нь гарч байгаагүйг мэргэжлийн хүмүүс, ахмадууд ярьж байсан.

-Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахын тулд цаашид юуг анхаарах ёстой вэ? Та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Сүүлийн үед ганц манай улс ч биш дэлхий даяар байгаль цаг уурын нөхцөл байдал огцом өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид одоо мөрдөгдөж байгаа стандарт норм дүрэмд шаардлагатай шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй. Эрчим хүчний салбарын хувьд цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын түвшинг улам сайжруулах, эргүүл үзлэгийг тогтмол хийж илэрсэн зөрчлийг цаг тухайд нь арилгах, шугамын хөндлөвчүүдийн холбоосыг чангалах, зэврэлтээс хамгаалах, будах гэх мэт ажлуудыг хугацаанд нь чанартай хийж байх хэрэгтэй. Сая гарсан томоохон гэмтэл саатлын үед Дөргөний усан цахилгаан станц хүчин чадал нь бага ч гэсэн үүргээ маш сайн биелүүлж ажиллаа. Баруун бүсийн цахилгаан хангамжийг найдваржуулахад Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яаралтай барьж ашиглалтад оруулах нь чухал юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох