Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авна

Огноо:

,

АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов.

Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм.

Сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкертэй уулзав. Ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шинэ гадаад орчин, нөхцөл байдалд олон улсын дэмжлэгийг олж авахад АНУ манлайлан оролцож, манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж явдагаа уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар илэрхийллээ. Ж.Бейкер нь АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн, гурван Ерөнхийлөгчийн үед Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд, Сангийн сайд, Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1990, 1991 онуудад Монгол Улсад айлчилж байсан.

Мөн өдөр сайд Д.Цогтбаатар Вашингтон хотноо Монгол Улсын Соёлын элч “The Hu” хамтлагтай тоглолтынх нь өмнө уулзаж орчин үеийн урлагийг монгол соёл, уламжлалын онцлогтой хоршуулан олон улсад эх орноо сурталчилж байгаад нь баяр хүргээд АНУ-д хийж буй аялан тоглолтод амжилт хүслээ. Түүнчлэн Вашингтон хотноо суралцаж буй монгол оюутан залуустай уулзалт хийв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Дизайнер Г.Өнөржаргал: Мода Монголоос эхлэх хандлагатай болсон

Огноо:

,

Гоёл-2020 наадмын шилдэг дизайнер Г.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрээр энэ жил өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдардаг учраас тун удахгүй буцах гэж байгаа ажээ.

Ярилцлагынхаа эхэнд Гансүхийн Өнөржаргалын талаар товчхон танилцуулгыг уншигч танд хүргэе. 

– 1999-2006 онд ШУТИС-ийг “Хувцасны зураач-Загвар зохион

бүтээгч” хос мэргэжлээр төгссөн.

– 2011-2016 онд Шанхай хотод “Дунхуа” их сургуульд “Хувцасны загвар зохион

бүтээгч” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

– 2016 оноос Хятадын хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг болох “NE.TIGER” компанид хээ-чимэглэлийн зураач, материалын дизайнераар ажилласан.

– 2017 оноос Монгол-Өвөр Монголын Үндэсний хувцас, өв соёлын нийгэмлэгийн Зөвлөх багшаар ажиллаж байна.

– 2018 онд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод “ЗОРТОЙ” /ZORTO/ брэндийг үүсгэн байгуулж, өдөр тутам, гоёл, үндэсний хувцасны чиглэлээр амжилттай ажиллаж байна.

Уран бүтээл, амжилтуудаас:

– 2010 онд “10 өнгө” хамтарсан үзэсгэлэн гаргасан.

– 2010 онд ОУ-ын Залуу дизайнеруудын үзэсгэлэнд шалгарсан.

– 2013, 2014 онуудад 8, 9 дэх удаагийн “Pheonix Cup” Олон улсын наадмаас- Хүрэл, Алтан цом хүртсэн.

– 2014, 2015 онуудад дэлхийн алдарт “YKK” брендийн нэрэмжит “YKK Cup-9, 10” тэмцээнээс- Тусгай байр, Хүрэл цом хүртсэн.

– 2014 онд “Хятадын Олон Улсын Материалын дизайн” наадмын Тусгай байранд орсон.

– 2016 онд Олон улсын залуу дизайнеруудын “CUORI CUP” наадмаас- Хүрэл цом тус тус хүртсэн.

– “Гоёл-2020” наадмын өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсан.

– Юуны өмнө “Гоёл-2020” наадамд өдөр тутмын хувцасны төрөлд “Шилдэг дизайнер”-аар шалгарсанд баяр хүргэе!

– Баярлалаа.

– Шинэ загварынхаа онцлогоос танилцуулаач?

– Органик гаралтай байгалийн материалуудыг нэгтгэн хэрэглэж, жишээлбэл могойн арьс, цэвэр торгон даавууг хослуулан уламжлалт зээгт намаал, цоолборт хамтгамлын аргыг орчин үеийн технологиор туршин хэрэглэсэн. Монгол үндэсний онцлогоос шингээн өдөр тутамд өмсөхүйц болгон ердийн хэрэглээнд илүү ойртуулахыг хичээсэн.

– Таны танилцуулгаас харахад хувцас загварын салбарт 20 жил болжээ. Анх энэ мэргэжлээ сонгох болсон тухайд сонирхож асуумаар санагдлаа?

– Миний ээжийг Б.Дугармаа гэдэг. Хувцас загварын салбарт анх ЗХУ-д бэлтгэгдэж ирсэн мэргэжилтнүүдийн нэг. Одоо хүртэл энэ салбартаа багшилж байна. Багаасаа ээжийнхээ ажил дээр очиж, оёдлын үйлдвэр дотор тоглож өссөн болохоор их дотно байдаг. Ээжээсээ бага багаар суралцсаар мэргэжилдээ улам дурласан.

– Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Та сүүлийн жилүүдэд гадаадад мэргэжлээрээ ажиллажээ, салбарын ялгаа хэр байна?

– Манай дизайнерууд гадаадад ур чадвараараа илт ялгарч, өндөр үнэлэгддэг. Харин авьяас чадвараа үнэлүүлэх боломж, бүтээгдэхүүнээ нийтэд илүү таниулах менежмент, үйлдвэрлэгч орон биш учраас материал түүхий эдийн мэдээлэл болон олдоц маш хомс юм шиг санагддаг. Хувцас загварын салбарын орчинг илүү нээлттэй, өргөн хүрээнд, харилцан уялдаатай хөгжүүлэх боломжийг тал талаасаа анхаарах ёстой байх.

– Та загварын их хотуудын нэг Шанхайд ажиллаж, амьдарсан тухайгаа хуваалцаач?

– Шанхайд зэрэг ахиулан суралцахын хажуугаар олон улсын дизайнеруудаас суралцаж, өөрийнхөө түвшинг мэдэх үүднээс олон тэмцээн уралдаан, загварын шоунд оролцдог байсан. Бодит талбар дээрээс буюу загварын шоу, тэмцээнүүдээс би их зүйл сурсан. Мөн Хятадын загварын томоохон төлөөгчдийн нэг, урлагийн одод болон улс төрийн томчуудын хувцсыг тусгайлан урладаг NE-Tiger брэндийн Шанхайн салбарт ажиллах боломж олдсон нь хамгийн том туршлага болсон.

– Гадаадад нэрээ гаргаж яваа дизайнеруудаас дурдвал?

– Бүр хүүхэд наснаасаа хамтдаа энэ салбарт суралцаж, хийж бүтээж яваа хүмүүс гэвэл дизайнер Овдогмэд Италид, дизайнер Хонгорзул Германд өөрийн брэндийг үүсгэн амжилттай яваа, мөн Биндэряа гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гадаадад өндрөөр үнэлэгддэг. Үүний нэг жишээ нь Баярсайханы Ганчимэг загвар өмсөгч, фото моделиор баруунд ажиллаж байгаад одоо Холливудын хэмжээнд хүрсэн байна. Эндээс Монголын загварын салбарынхан чадварлаг гэдэг нь харагдаж байна.

– “Мода Монголоор дуусдаггүй” гэдэг үгтэй санал нийлдэг үү?

– Мода Монголоор дуусахгүй, харин ч Монголоос эхлэх хандлагатай болсон гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх. Монголын хувцас загвар өөрийн гэсэн онцлогтой, тэрийг нь дэлхий олж харчихаад байгаа. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон загварын шоунуудад Монгол хувцасны элементүүд хүчтэй орж ирсэн. Энэ оны хамгийн сүүлийн China fashion week-д Монгол дээл бүтэн коллекциор гарч ирлээ. Яг энэ үед нь зах зээлээ тэлэх боломж байгааг илүү анхаарч ажиллах ёстой болов уу.

– Таны бодлоор ингэж анхаарах эхний алхам юу вэ?

– Хүмүүсийн дунд дизайнер буюу загвар зохион бүтээгч гэж зөвхөн зураг зураад сууж байдаг гэсэн ойлголт түгээмэл. Үүнийгээ дагаад хувцас загварын салбарыг их амархан гэж ойлгох гээд байдаг. Дэлхий нийтийн одоогийн хандлага дизайнер бол бүтэн төслийн зохиогч, эхлэл гэдгийг маш сайн ойлгодог. Энэ хандлагаараа тухайн төсөл амжилттай болж, удаан өгөөжтэй үргэлжилдэг. Төслийн хэмжээнд ойлголтоо өөрчлөх нь хамгийн эхний чухал алхам.

– Сүүлийн үед шинэ брэнд, загварын салонууд маш олон болсон. Бүтээгдэхүүний чанар болон үнэ нь маш зөрүүтэй байх юм.

– Энэ бол аливаа салбарын зах зээлд байдаг л зүйл. Хэрэглэгчдэд сонголт их байна гэдэг нь нэг талаараа зөв. Мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь хийсэн бүтээлээрээ ялгарчихдаг. Гэхдээ мэргэжлийнхний хажуугаар сонирхогчдыг ч орхигдуулахгүйгээр хөгжүүлэх нь зүйтэй. Бүгд хамтдаа зүтгэж салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа.

Г.Энх

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа

Огноо:

,

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

КАПИТАЛ БАНКИНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН МӨНГӨН ХӨРӨНГӨ БАЙРШУУЛСАН ТУХАЙ:

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулан харилцах болон хадгаламж хэлбэрээр мөнгөн хөрөнгө байршуулж эхэлсэн. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө 2012 онд 31.4 тэрбум төгрөг, 2013 онд 126.5 тэрбум, үүнээс хадгаламж нь 105.0, 2014 онд 209.4 тэрбум, үүнээс хадгаламж нь 190.0, 2015 онд 238.0 тэрбум, үүнээс хадгаламж нь 185.0, 2016 онд 224.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 180.0, 2017 онд 228.1 тэрбум, үүнээс хадгаламж нь 20.0,  2018 онд 105.3, үүнээс хадгаламж нь 2.4 тэрбум төгрөг тус тус байсан.

НДЕГ нь 2016 оны наймдугаар сараас Капитал банкинд мөнгөн хөрөнгө нэмж байршуулаагүй бөгөөд 2017-2018 онд хугацаа дууссан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-г сунгалгүй мөнгөн хөрөнгийг хадгаламжаас харилцах дансанд шилжүүлсэн болно.

Тодруулбал, Капитал банкинд байсан 79.0 тэрбум төгрөгийн Мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 26-нд дууссан тул гэрээг сунгалгүйгээр мөнгөө буцааж татах зорилгоор зарлагын гүйлгээ хийлгэх төлбөрийн хүсэлтийг удаа дараа  хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй.

Гэрээ сунгагдаагүй байх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт шийдвэр гаргах ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Байнгын хорооноос чиглэл өгсөн болно.

Байнгын хорооноос өгсөн чиглэлд “...банкуудын хадгаламжийн дундаж хүүг баримтлан нэн даруй байршуулах, харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх”, “...хүүгийн орлогыг нэмэгдүүлэх, хадгаламжид байршуулалгүй харилцахад байршуулж байгаагаас учирсан хохирлыг шийдвэрлэх арга хэмжээ авах”  гэж заасан байсан.

Энэ чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд 2018 оны зургадугаар сард хугацаа дуусч  харилцах дансанд шилжүүлсэн 79.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлэн 15.2 хувийн хүүтэй, есөн сарын хугацаатай байршуулах, ингэхдээ хүүг дөрөвдүгээр сарын 1-нээс тооцон нөхөж авах нөхцөлтэйгээр гэрээг сунгасан. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг тухайн банкны дотор данс хооронд шилжүүлсэн.

Дээрх 79.0 тэрбум төгрөгийн хадгаламжийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд гэрээг сунгаагүй тул мөнгөн хөрөнгө  харилцах дансанд шилжсэн. Энэ хугацаанд НДЕГ-аас Капитал банкинд удаа дараа  төлбөрийн хүсэлт хүргүүлж зарлагын гүйлгээ хийхийг шаардсан боловч шаардлагыг хангахгүй байсаар 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банк татан буугдсан болно.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд арилжааны бүхий л банктай хамтран ажиллаж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг тухайн банкаар үйлчлүүлдэг тэтгэвэр авагчдын тоо, тэтгэврийн зээлийн дүнгээс хамааруулан байршуулж ирсэн.

Энэ хүрээнд 2018 оны нэгдүгээр сард ХААН болон Төрийн банктай, гуравдугаар сард тэтгэвэр олгодог бусад банктай “Хамтран ажиллах гэрээ”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан 12 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгон бууруулсан.

Тухайн үед Капитал банкаар 38038 иргэн тэтгэврээ авч, 11 815 тэтгэвэр авагч 26.5 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан бол Худалдаа хөгжлийн банкаар 551 хүн тэтгэврээ авч, 114 тэтгэвэр авагч 0.3 тэрбум төгрөгийн  зээлийн үлдэгдэлтэй, Чингис хаан банкаар 251 иргэн тэтгэвэр авч, 194 тэтгэвэр авагч 0.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Голомт  банкаар 1559 иргэн тэтгэвэр авч, 320 тэтгэвэр авагч 1.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Улаанбаатар хотын банкаар 3290 хүн тэтгэвэр авч, 1899 тэтгэвэр авагч 4.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Капитрон банкаар 2321 иргэн тэтгэвэр авч, 1170 тэтгэвэр авагч 3.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, Үндэсний  хөрөнгө оруулалтын банкаар 107 иргэн тэтгэвэр авч, 80 тэтгэвэр авагчийн зээлийн үлдэгдэл 0.3 тэрбум төгрөг тус тус  байсан.  

Дээрх зээлийн судалгаа, тэтгэвэр авагчийн тооноос хамааруулан Капитал банкинд тэтгэврийн зээлийн хүү бууруулах эх үүсвэрт зориулан 2.4 тэрбум төгрөгийг хугацаа дуусч харилцах дансанд шилжсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлэн гэрээг байгуулсан болно.

Өөрөөр хэлбэл, тухайн банкаар үйлчлүүлэгч тэтгэвэр авагчдын тоо, мөн тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэдийн тооноос хамаарч зээлийн хүү бууруулах эх үүсвэрийг ялгаатай тогтоож байршуулсан.

Түүнээс биш хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичиж байгаа шиг Капитал банкинд зориудаар мөнгөн хөрөнгө нэмж байршуулсан, давуу байдал олгож бусад банкнаас илүү их хөрөнгө байршуулсан зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой

Огноо:

,

АТГ-ыг зөвхөн хүн барьж хорьдог, мөрддөг, шалгадаг байгууллага гэх ойлголт түгээмэл ажээ. Нийгмийн оюунлаг хэсэг хүртэл ийм өрөөсгөл ойлголт, өнгөц бодолтой байдгийг өдөр тутам тааралдах мэдээллийн урсгалаас төвөггүйхэн харж болохоор байна. Тэгвэл авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах нь АТГ-ын хуулиар хүлээсэн үндсэн 3 чиг үүргийн нэг нь л юм. Цаана нь өөр хоёр том чиг үүрэг бий. Энэ бол авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах ажил юм. Дэлхийн улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил байдаг. Яагаад мөрдөн шалгах ажил биш урьдчилан сэргийлэх ажил нь чухал юм бэ гэж уншигч Та асууж магадгүй. Тэгвэл би Танд зөрүүлээд нэг асуулт тавья.

Хувь хүн дээр авч үзэхэд өвчин туссаны дараа эмчлүүлэх нь чухал уу, харин өвчин тусахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь илүү чухал уу? Бас дахиад нэг асуулт тавья. Гал гарсны дараа гал аюултай гэдгийг ойлгох нь чухал уу, аль эсвэл гал аюултай гэдгийг мэдэх учраас гал гаргахгүй байхад анхаарах нь илүү чухал уу? Маш энгийн ухамсрын түвшинд тавигдах дээрх хоёр асуултын хариултаар авлигаас урьдчилан сэргийлэх ба соён гэгээрүүлэх ажлын ач холбогдлыг тодорхойлж болох юм.

Та өвчин тусахгүйн тулд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, галын болзошгүй осол, гамшгаас сэрэмжилж аюулгүй ажиллагааны дүрэм баримталдагтай яг ижил. Авлига нь нийгмийн хорт хавдар гэдгийг өнөөдөр иргэн бүр мэдэх болсон. Тиймээс хэн нэг албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдэхийг нь хүлээн сууж, үйлдсэнийх нь дараа барьж хориод шийтгэхээс илүүтэй тэднийг гэмт хэрэг үйлдүүлэхгүй байх орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь авлигаас урьдчилан сэргийлэх ажлын гол чиглэл байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нэг хүнийг шийтгэх, гэмт хэрэг үйлдэх эрсдэл бүхий 1000 хүнийг эрсдэлээс хамгаалахын аль нь илүү далайцтай вэ гэдэгт уншигч Та бас хариулт болгооно биз ээ.

Энэ үүднээс авлигатай тэмцэж амжилтад хүрсэн улс орнууд авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх үйлсээ болгон, иргэдийнхээ тархи толгой, оюун санаа руу нь бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлсэн байдаг. Монголын АТГ ч мөн энэ зорилт, чиглэлийг баримтлан ажиллаж байгаа. Гэхдээ тэдний хувьд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн буруу зөрүү ойлголт, дутуу хагас дэмжлэг дор хүнд бэрх зам туулан хэрэгжүүлж байгаа.

АТГ-аас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд оюутнуудад лекц уншуулах арга хэмжээг түүхэндээ анх удаа зохион байгууллаа. Энэ удаад сургуулиа төгсөн амьдралд хөл тавихаар бэлтгэж буй 3000 залуусыг UB Palace концертийн их танхимд урин цуглуулжээ. АТГ-ын комиссарууд оюутнуудад лекц уншсан эрхэм хүмүүсээ “Үзэл санааны удирдагч” хэмээн нэрийдсэн бөгөөд Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажлыг хойшдоо ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байгаа юм байна. Анхны удаагийн лекцийг “Үнэт зүйлийн боловсрол” ерөнхий сэдвийн хүрээнд хийв. АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням арга хэмжээний зорилгыг товчоор илэрхийлэхдээ “Зөв амьдралын үнэт зүйлсийг мэдэрч, хүсэл тэмүүллээ шударгаар залж өөрийгөө хөгжүүлэн, шударга зан үйлийг өөртөө төлөвшүүлж шударга замаар хамтдаа алхах”-ыг оюутнуудад чухалчлан тодотгож байлаа. 

“АТГ 3000 оюутанд лекц уншуулна” хэмээн мэдээлэхэд муусайн оюутнуудаар яахав дээ, авлигачиддаа л наад лекцээ уншаач, хийх юмаа олж ядах юм гэсэн сэтгэгдлүүд сошиал орчинд давамгайлж байв. Өнөөх л өрөөсгөл ойлголт. Магадгүй, мэдээний гарчиг төдийгөөр яаран дүгнэдэг хүмүүсийн хандлага ч байх. Мэдээж, оюутнууд бол авлигачид юм аа гээд бай онилоогүй нь тодорхой. Харин өнөөгийн оюутнууд улс орны ирээдүйн эзэд гэдэг утгаараа тэдэнд одооноос зөв зан үйлийн тухай яриа ухуулга хийж, эрүүл саруул уураг тархинд эрүүл саруул үзэл санаа суулгаж, хойшдын шулуун шударга иргэн болгон төлөвшүүлэхийг АТГ чармайж байна. Үүний тулд оюутан залуусын хүндэтгэлийг хүлээсэн, үлгэрлэж чадах, бахархан дуурайх эрхэм хүмүүсийг сонгон авч, тэднээр оюутнуудад лекц уншууллаа.

Хамгийн эхэнд Удирдлагын академийн профессор, доктор М.Мөнхболд “Үнэт зүйлийн ойлголт, хандлага” сэдвээр лекц тавихдаа “Бидний үнэт зүйл бол мэдлэг, боловсрол юм. Бид мэдлэг, боловсролоо нэмэхийн хэрээр илүү ёс зүйтэй болдог, илүү их гэгээрдэг. Тиймээс мэдлэг, боловсролоо улам бүр дээшлүүлцгээе” хэмээн оюутнуудад уриалав. “Андра академи”-ийн захирал, топ модель, мисс Х.Бадамгэрэл эерэг хандлага, гоо зүйн тухай илтгэв. Тэрээр залууст зөв харилцааг үүсгэснээр таатай орчин бүрдүүлэх, хандлагаа эерэг болгох, өөрийгөө илэрхийлэх, хувь хүний биеэ авч явах соёлыг эзэмших талаар зөвлөж ярилаа. Нийгмийн ухаан, урлаг судлаач, продюсер Б.Наранзун “Бид ирээдүйд ямар байх ёстой вэ” лекцээ төгсгөхдөө "Авлигаас болж улс орон маань хүнд хэцүү байна. Энэ муухай үзэгдлийг таслан зогсоох хүч нь залуус та нарт байгаа" гэхэд оюутнууд шүгэлдэн дэмжиж алга ташицгааж байв.

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч, доктор Ж.Галбадрахын илтгэл “Амьдралд сурсан, сураагүйн л ялгаа гардаг” гэсэн нэртэй бөгөөд тэрээр “Сурах нь маш их тэвчээр шаарддаг. Сэтгэл зүрх, эрүүл бие, сайхан сэтгэл, саруул ухаан хамгаас чухал. Хүн сурч боловсрохын хэрээр эх орныхоо өмнө хүлээх үүрэгтэй болдог” хэмээн залууст сургаж байв. “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа анх 100 мянган төгрөгийн цалингаар эхэлсэн, одоо сард 15 сая төгрөгийн цалин орлоготой болсон тухай ярихад оюутнууд танхим дүүрэн дуу алдав. Програмист мэргэжлээр төгссөн Гантуяа үргэлж суралцаж, өөрийгөө хөгжүүлж явсаар бизнесээ өргөжүүлсэн туршлагаа ярилаа. Тэрээр гэнэт баяжих, хялбар амьдарна гэх ойлголт байж болохгүй, Монголд цалингаараа амьдарч болдог юм шүү гэдэгт яриагаа голлосон юм. Хамгийн сүүлд “Эм Эн маркетинг консалтинг”-ийг үүсгэн байгуулагч Г.Нямхүү “Амжилттай оюутан-Ирээдүйн манлайлал” сэдвийн хүрээнд өөрийгөө таних, амжилтыг бүтээх, хувь хүний брэндинг, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, бүтээлч байдлыг хөгжүүлэх зэрэг оюутан залууст урам зориг өгөхүйц илтгэлийг өөрийнхөө ажил, амьдралаас жишээлэн танилцууллаа.

Оюутнуудад лекц уншуулсан арга хэмжээний тухай хэвлэлийн албан мэдээнээс илүү дэлгэрэнгүйгээр энд бичиж байгаагийнх, АТГ-аас хийгддэг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар хувийн товч дүгнэлтээ хавчуулъя. Соён гэгээрүүлэх ажил гэдэг нь маш товчхондоо авлигыг жигших үзэл санааг иргэдийн ухамсарт суулгах ажил юм. Ингэж хэлэхэд “Угаасаа л монголчууд авлигыг жигшиж байгаа шүү дээ” гэж эсэргүүцэх хүн олон байж магадгүй. Гэвч олон улсын болон үндэсний түвшинд хийдэг удаа дараагийн судалгааны дүнгээр манай иргэд авлигад хэдийн дасчихсан байгаа нь харагддаг. Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой. Тиймээс соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй, шаталсан дараалалтай хийх ёстой. Энэ үйл ажиллагааг сургалт, лекц, яриа, ном, кино, жүжиг, дуу, шүлэг зэрэг соёл, урлагийн олон төрлөөр зохион байгуулдаг. Соён гэгээрүүлэх нэг арга хэмжээний цаана маш олон удаагийн төлөвлөлт, уулзалт, яриа хэлэлцээ, нуралт, бүтэлгүйтэл байдаг. Тэр бүх бэлтгэл ажил бол мөсөн уулын ёроол нь, харин 4 цагийн арга хэмжээ бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь байх жишээтэй. Энэ жишээгээр авч үзвэл 3000 оюутанд зориулсан лекц уншуулах арга хэмжээний бэлтгэлд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд бүтэн сарын хугацаа зарцуулжээ. Оюутнуудыг цуглуулахын тулд 13 их, дээд сургуулийн удирдлагуудтай нэгбүрчлэн уулзах, үзэл санааны удирдагчдыг сонгох, сэдвээ тохирох, илтгэлийн агуулгаа зөвшилцөх, заал танхимаа бэлтгэх гэх мэт олон тооны ажлуудыг хийсэн. Бүтэн сарын бэлтгэл ажлын үр дүнд 4 цагийн арга хэмжээ амжилттай болж өнгөрдөг. Гэхдээ соён гэгээрүүлэх ажлын эцсийн үр дүн богино хугацаанд гардаггүй. Энэ бол урт удаан хугацаа шаардсан ажил байдаг.

Энэ бүхнийг заавал дурдахын учир АТГ-аас анх удаа оюутнуудад зориулан лекц уншсан арга хэмжээгээр дашрамдуулан соён гэгээрүүлэх ажлын утга учир, ач холбогдлыг иргэд, олон нийтэд ойлгуулах гэснийх юм. Одоогийн ойлголт, үзэл санаа, хандлагаа өөрчлөн, нийтээрээ авлигыг жигшиж, АТГ-ын соён гэгээрүүлэх үйл ажиллагааг дэмжин, үргэлж хамтран оролцохыг энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд том үсгээр тэмдэглэмээр санагдав. Продюсер Б.Наранзун “АТГ яагаад өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм бэ. Тэд ирээдүйн төлөө санаа тавьж байгаа учраас ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Ирээдүй гэдэг чинь энд цугларсан оюутнууд та нар болон та нарын үе тэнгийнхэн шүү дээ. АТГ-т ирээдүй яагаад хамаатай юм бэ. Яагаад гэвэл өнөөгийн нийгэм авлигатай байна. Харин ирээдүйд авлига байх ёсгүй” гэж хэлсэн нь АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын утга учрыг илүү тодоор илэрхийлсэн дүгнэлт байлаа.   

Т.МӨНХТУНГАЛАГ

 2019.11.23
Дэлгэрэнгүй унших

Санал болгох