Улстөр нийгэм
Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй 1.2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж, “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт үүрэг болголоо.
Уг журмаар Монгол Улсын 0-18 хүртлэх насны иргэн бүрт хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, бүртгэх, хуримтлалаас мөнгөн хэлбэрээр олгох асуудлыг зохицуулах юм.
Журам хүчин төгөлдөр хэрэгжих эхлэхээс өмнө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Халамжийн нэгдсэн санд бүртгэлтэй буюу хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан 1.2 сая хүүхдийг хуримтлалд шууд хамруулна.
Коронавируст халдварын цар тахлын нөлөө бүрэн арилаагүй өнөөгийн нөхцөлд бага, дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсэлт гаргавал хүүхдийн мөнгөн хуримтлалаас тодорхой хувийг сар бүр бэлнээр авах боломжтой. Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах явцыг иргэдэд чирэгдэл багатай зохион байгуулна.
Иргэд ehalamj.mn цахим хуудас, ebarimt гар утасны аппликейшн ашиглан хүсэлтээ гаргана. Цахимаар гаргах боломжгүй бол харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс эсвэл хүүхдийн нэрийн данс байрших арилжааны банкны салбарт хандаж болно.
Хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргахдаа дараагийн саруудын хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах сонголтоо урьдчилан гаргаж болно. Хүүхдийн мөнгөн хуримтлалын тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хүчингүй болголоо.
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Улстөр нийгэм2021/04/21
ТББХ: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ...
-
Улстөр нийгэм2020/04/02
ЗГ: Тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ
-
Цаг үе2021/12/06
Даваа гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
-
Үзэл бодол2020/12/02
УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын удирдлагуудтай цахим уулзалт хийлээ
Сэтгэгдэл