Үзэл бодол
О.Оджаргал: Явган хүний зам хамгийн аюулгүй байх ёстой

Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргалтай Улаанбаатар хотын явган хүний зам, дугуйн замын стандартын талаар ярилцлаа.
-Ярилцлагын эхэнд стандартын ач холбогдлын талаарх ойлголтыг хүмүүст өгье. Хотод стандарт яагаад чухал байдаг вэ?
-Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм журам, заавар гэж бий. Эдгээрийг дагалдаж гардаг бас нэгэн баримт бичиг бол стандарт юм. Стандарт гэдэг бол аливаа улс оронд, тухайн хотод иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгдөг гэсэн үг. Хотод амьдрах дүрэм гэж ойлгож ч болно. Тухайн иргэн өглөө гэрээсээ гараад нийтийн харилцаанд орж эхлэхээс орой гэртээ харих хүртлээ мөрдөж дагадаг дүрэм гэж хэлж болно. Нийтийн тээвэрт биеэ зөв авч явах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхаас эхлээд хувь хүний хэм, хэмжээ буюу стандарт эхэлдэг. Хот стандарттай байж улс орны хөгжил яригддаг. Хүмүүс нийгмийн харилцаанд янз бүрийн байдлаар оролцдог. Явган болон дугуйгаар зорчих, машин унаж замын хөдөлгөөнд оролцохоос гадна нийтийн орон сууцанд 22:00 цагаас хойш дуу чимээ гаргахгүй байхаас эхлээд дагаж мөрддөг стандарт олон бий.
Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч буй оюутан, залууст энэ бүх хэм, хэмжээг таниулж, танилцуулна гэдэг чинь хотын стандартыг л таниулж байна гэсэн үг. Тэгэхээр стандарт бол хол хөндий зүйл биш нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ л юм.
-Явган болон дугуйн замын стандартыг онцолж ярилцъя. Эхлээд явган хүний замын стандартын тухай ярихгүй юу?
-Нийслэлд явган хүний замаар зорчдоггүй нэг ч хүн байхгүй. Гэрээс гарч, машинаас буугаад л явган хүний замаар зорчиж, зорьсон газартаа хүрдэг. Тэгэхээр явган хүний замын стандарт хамгийн чухал. Явган хүний зам бол хамгийн аюулгүй орчин байх ёстой. Явганаар зорчиж байгаад гэмтэж бэртэх тохиолдол гаргахгүйн тулд аюулгүйн шаардлага нэн түрүүнд тавигдана. Нөгөөтээгүүр тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан хэсэг заавал байх учиртай. Авто зам, явган хүний замын уулзвар болон өндөржилтийн зөрүүтэй замд налуу гаргахаас эхлээд харааны бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд зорчиход зориулсан стандартыг боловсруулсан. Тэдэнд зориулсан хөтөч хавтан байршуулахаас эхлээд стандартад нарийвчлан заасан байдаг. Хөтөч шар хавтан гэхэд л тасралтгүй үргэлжлэх холбоосоор холбогдсон байх ёстой. Тэгж байж харааны бэрхшээлтэй иргэдэд хөтөч болдог онцлогтой.
Улаанбаатар хотод явган хүний замыг олон төрлийн материалаар хийж байна. Усан суурьт будагтай болон зиг заг хавтан, асфальтан зам гэхчлэн олон төрлийн материалаар хийсэн явган хүний замаар иргэд зорчдог. Тиймээс бид 2020 онд Явган хүний замын стандартыг батлаад Улаанбаатар хотод мөрдөх баримт бичиг болгон гаргасан. Энэхүү стандартын талаарх анхан шатны ойлголт өгөх сургалтуудыг явуулж байгаа. Бүтээн байгуулалтад оролцохдоо аж ахуйн нэгжүүд явган хүний замыг хэрхэн байгуулах вэ гэдэг талаар ойлголт өгч, зөвлөн зааварлаж байна. Энэ хэмжээгээр бүтээн байгуулалтын ажилд орхигдсон, хаягдсан зүйл байдаг бол засаж залж явна гэсэн үг. Хороо, СӨХ, нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд сургалт, мэдээлэл өгч байгаа.
-Дугуйн замын хувьд стандарт боловсруулсан уу?
-Дугуйн замын асуудал сүүлийн жилүүдэд илүү эрчимтэй яригдаж байна. Хүүхэд, залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ чийрэгжүүлэх байдлаар дугуй унах нь элбэгшсэн. Тэр хэрээр дугуйн замын стандартыг хөндөн тавьж байгаа. 2020-2021 онд бид дугуйн зам стандарт нормын дагуу баригдаж байна уу, тэмдэг тэмдэглэгээ байна уу, зорчих урсгалын аюулгүй орчин бүрдсэн үү гэдгийг судалж, шалгасан. Дугуйн зам нь нэг урсгалтай бол дор хаяж 1.5 метр өргөн, эсрэг урсгалтай бол гурван метр өргөн байх ёстой. Мөн дугуйн зогсоол, амрах талбайг бэлдсэн байх ёстой. Хүн багадаа 3-4 км зорчино шүү дээ. Тиймээс хөл цуцах, ядрах нь бий. Ийм үед амрах, утсаар ярих, амны цангааг гаргаж ус уух зэрэг байдлаар түр амсхийх, бусдын хөдөлгөөнд саад болохооргүй зориулалттай зогсоолыг бий болгох учиртай.
Нийслэлд Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам байгуулж байгаа. Энэ ажилд захиалагчийн хяналт тавьж, дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлагад зөвлөгөө өгөх, явцын хяналтыг хамтран хэрэгжүүлэх, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандарт норм зөрчигдөх, орц найрлага нь дутмаг байх юм бол зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах зэргээр ажиллаж байна. Энэ бүхнийг “Дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлага”, “Явган хүний зам талбайн төлөвлөлтөд тавигдах техникийн ерөнхий шаардлага” болон Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/456, 2021 оны А/276 дугаар захирамжийн хүрээнд хийж хэрэгжүүлж байна.
Ирэх жилүүдэд хийж, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд явган хүний болон дугуйн замыг хэрхэн тавих вэ, ямар материал ашиглах уу, тухайн компани техник технологи, хүн хүчний хувьд ямар хүчин чадалтай байх уу гэхчлэн бүгдийг дээрх стандартын баримт бичигт тусгасан.
-Энэ бүх шаардлага, стандартыг хангуулахад тулгардаг бэрхшээл юу вэ?
-Анхан шатанд ажлын зураг гарч, магадлалаар төсөв батлагдаж, үүний дараа сонгон шалгаруулдаг. Хамгийн эхэнд ажлын зураг зөв гарах ёстой. Сонгон шалгаруулалтад зураг төсөвт тусгагдсан даалгаврыг хийж гүйцэтгэх хүчин чадал бүхий компанийг сонгох учиртай. Ингээд тухайн компани ажилдаа ороход зохиогчийн дүгнэлт буюу авторын хяналт маш чухал. Авторын хяналтыг тогтмол хийж, хэрэгжүүлэх ёстой. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол хийж, журнал дээр хөтөлж, баталгаажуулах ёстой. Энэ бүхний үр дүнд стандарт шаардлагад нийцсэн, аюулгүй орчинг бүрдүүлсэн, үр өгөөжтэй ажил болох юм.
-Улаанбаатар хотод стандарт шаардлага хангасан, иж бүрэн тохижуулсан явган хүний болон дугуйн зам хэр олон байна вэ?
-Дээр дурдсан Таван шараас Офицеруудын ордон хүртэлх дугуйн зам бол стандарт шаардлага бүрэн хангасан зам. Хэвтээ тэмдэг, тэмдэглэгээнээс эхлээд стандартын дагуу хийгдсэн. Явган хүний замын хувьд Москва хороолол, Өнөрийн гудамж орчимд зөвшөөрөлгүй гарааш буулгаж, газар чөлөөлсөн талбайд бий болгосон ногоон байгууламж, явган хүний зам стандартын дагуу хийгдсэн.
-Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, газар чөлөөлсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн. Иргэд та бүхэнд хандаж хэрхэн санал, санаачилга гаргах боломжтой вэ?
-Бид стандартын баримт бичгийг нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлэхийн сацуу энэ жил боловсруулсан 22 бүлгийн 97 баримт бичгээ байгууллагынхаа вэб сайт, пэйж хуудсанд байршуулсан. Иргэд тэр бүхэнтэй танилцаж, санал өгөх бүрэн боломжтой. Иргэдийн саналыг судалж, боломжит саналыг бид дараа дараагийн баримт бичгүүдэд тусгадаг.
-Стандартын баримт бичгийг боловсруулахдаа гадаадын улс орны адил төстэй баримт бичгийг давхар судалдаг байх. Энэ талаар сонирхуулбал?
-Монгол цаг уурын хувьд онцлогтой, дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Хийж, хэрэгжүүлж буй ажилд маань дөрвөн улирлын нөхцөлд тохирсон, халуун, хүйтэнд тэсвэртэй байхаас эхлээд чанар, стандартын өндөр шаардлага тулгардаг. Бид бусад улс орны жишгийг харахдаа ижил цаг ууртай, Канад, Швед зэрэг өндөр хөгжилтэй орны туршлагыг судалдаг. Зөвхөн дотоодын үндэсний MNS стандартыг судлахаас гадна өндөр хөгжилтэй орнууд стандартыг юунаас эхэлж байгаа, иргэдэд стандартыг хэрхэн хүргэж байгааг байнга тусгадаг.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Үзэл бодол
Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацын асуудлыг тусгана
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио”-гийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын түүх 1978 оноос эхтэй.
“Энгэрийн яргуй цасан доор зүүдлэхэд
Эхний төл наран наашилж цангинана” гэх
дуу шигээ малчин түмэндээ хоногшиж, хүндлэгдсэн энэ шагнал 2024 онд 46 дахь жилдээ олгогдох юм. Мал сүргээ өсгөн үржүүлэх бодлогын хүрээнд анх санаачлагдаж байсан энэ шагнал улс орон болон дэлхий нийтэд тулгамдаж асуудлыг бодлогодоо тусгаж, цаг үеийн шаардлагаар хувьсан өөрчлөгдөж байна.
1978 онд Монгол Улс 24.0 сая орчим толгой малтай байсан. Харин 2022 оны жилийн эцсийн тооллогоор 71.1 саяд хүрсэн. Мал сүргийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр малчдын амьдрал ахуй, улс орны эдийн засагт нааштай өөрчлөлт гарж байвч нөгөө талаас бэлчээрийн даац хэтэрч, сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. “МҮОНРТ тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн нэг улсын биш, дэлхий нийтийн асуудал. Энэ тал дээр эерэг, зөв өөрчлөлтийг бий болгох нь манай байгууллагын үүрэг, олон нийтийн эрх ашиг мөн гэж бид үздэг” гэж МҮОНР-гийн захирал Д.Бат-Орших ярьсан юм.
Энэ зарчим “Алтан төлийн эзэн” шагналд ч тусгалаа олж байгаа аж. Тогтвортой хөгжлийн уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах 13 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хувьд тулгамдаад буй томоохон асуудал бол бэлчээрийн даац юм. Тэгвэл сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан, мал сүргийн чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулсан, шинэ залуу малчин бэлтгэж, малжуулсан зэрэг өмнөх шаардлагуудаас гадна мал сүргээ бэлчээрийн даацад тохируулсан малчин цаашид “Алтан төлийн эзэн” болно гэдгийг Д.Бат-Орших захирал онцолж байлаа. “Энэ бодлогыг бид үе шаттайгаар тусгаад явна. Эхний шатанд орсон өөрчлөлтүүдийг бид 2024 он гараад шагналынхаа журамтай хамт танилцуулна" хэмээн тэрбээр хэлсэн юм.
Тогтвортой хөгжлийн зарчмууд энэ шагналд тусгалаа олж буй анхны тохиолдол энэ биш юм. Мал аж ахуй бол хамтын хөдөлмөр. Гэтэл ямар нэг шагнал болоход голдуу өрхийн тэргүүн гэдгээрээ гэрийн эзэн нь шагнуулаад өнгөрдөг тухай шүүмжлэлийг тэртээ 1956 онд зохиолч Ш.Гаадамба “Элбэг дээл” өгүүллэгтээ ч дурдсан байдаг. Харин 2022 оноос МҮОНРТ, Жендерийн Үндэсний Хороо хамтран “Алтан төлийн эзэн” тэмдгийг өрхийн эхнэр, нөхөрт хоёуланд нь гардуулдаг болсон юм.
Ер нь малын тоог өсгөхгүйгээр малчид орлогоо өсгөж болох уу? Болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” (АДАПТ) төслийн хүрээнд хийсэн судалгаа харуулж байна. Энэ утгаараа Д.Бат-Орших захирал “Малчин гэхээр орлого багатай, мэдээллээс хоцрогдмол байсан үе нэгэнт ард хоцорсон. Нүүдлийн уламжлалт соёл, ахуйг тээж яваа гэдгээрээ малчид маань одоо өрхийн орлогоо улам нэмэгдүүлэх замаар улс орон, дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах боломжтой. "МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн" шагналаар бид энэ нөлөөллийг бий болгохыг зорьж байна. Энэ зорилго, үзэл санааны төлөө хамтран ажиллахад бид нээлттэй" гэдгээ илэрхийлсэн юм.
Үзэл бодол
П.Эрхэмбулган: Амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
-Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр байна вэ?
-Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногийн мэдээллээр амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар ирж үзүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт амбулаторийн үзлэгийн 5.5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэсэн үг. Энэ нь өмнөх долоо хоногоос бага зэргийн бууралттай, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 6 орчим хувиар буурсан үзүүлэлт.
-Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Эмнэлгийн ор хүрэлцээтэй байгаа юу?
-Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Нийт 2000 орчим ор дэлгэх боломжтой.
-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор хэдэн иргэн хэвтэн эмчлүүлж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд 1067 ор дэлгэгдсэн. Орны дүүргэлт 95 хувьтай байна.
-БНХАУ-д уушгины хатгалгаа нэмэгдсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-БНХАУ-ын хойд хэсгийн бүсэд томуугийн өвчлөл хүндэрч уушгины хатгалгаа болж байгаа мэдээлэл гарсан. Энэ дагуу ДЭМБ-аас Хятадын талд асуулга тавихад “Ямар нэгэн шинэ үүсгэгч биш. Томуугийн үүсгэгчүүд багц хэлбэрээр өвчлөл үүсгэж, энэ нь уушгины хатгалгаанд хүргэж байгаа” гэх мэдээлэл өгсөн. Энэ дагуу ХӨСҮТ мэдээлэл хийсэн. ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд томуугийн тандалт судалгаа хийдэг бөгөөд долоо хоног бүр тандалтын дүнгээ гаргадаг. Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал, халамж сайн тавьж, дулаан хувцаслахаас гадна хоол унданд нь анхаарч, олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших шаардлагатай. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээг тогтмол хийж, гараа байнга угаах, олон хүн цугласан газар хүүхдээ дагуулж явахгүй байх гэх мэтээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
-Томуугийн дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ?
-Хоёр төрлийн дархлаажуулалт бий. Сайн дурын дархлаажуулалтаар 17 мянга гаруй тун вакциныг хийсэн. Зорилтот бүлгийн буюу бага насны хүүхэд, жирэмсэн, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажиллагсдад үнэгүй дархлаажуулалтад хамруулдаг. Энэ дархлаажуулалт 90 орчим хувьтай байна. Нийт 130 мянга орчим иргэн дархлаажуулалтад хамрагдсан.
Үзэл бодол
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 12 дугаар сарын 1-ний өдөр үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян,
Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.
Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэхүү хүнд хэцүү цаг үед гаргасан Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.2 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа нь нэн харамсалтай.
Энэ их зардал, мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их хэмжээний ахиц дэвшил гарч, хүн төрөлхтний хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
Эх байгаль, хүн төрөлхтөн зүй зохистой зэрэгцэн орших нь хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс болохыг Та бид хэзээ ч мартаж болохгүй.
Эрхэм хурлын дарга аа,
Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх дэлхийтэйгээ зохицон амьдрах, онгон дагшинаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай.
Орчин үед техник технологи эрчтэй хөгжиж, хүний амьдралд гүн гүнзгий нэвтрэхийн хэрээр бидний үр хүүхэд амьд байгалиас алсран холдож байна.
Иймээс бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр өөр өөрсдийн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээний амжилтын түлхүүр нь хүн бүрийн зөв хандлага, идэвхтэй оролцоо, улс үндэстэн бүрийн хичээл зүтгэл, үүрэг хариуцлага, улс төрийн манлайлал юм.
Улс орнууд Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх боломж улам багасаж, нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг НҮБ-ын сүүлийн үеийн судалгааны тайланд анхааруулсан байна.
Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Амжилтгүй манлайлал, биелүүлээгүй үүрэг амлалт, асар их алдагдсан боломжоос шалтгаалж ам, ажлын зөрүүний ангал хавцал үүслээ” хэмээн тодорхойлсныг бид анхаарч үзэх учиртай.
Дэлхийн улс орнууд эх дэлхийнхээ сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэн нийлж, хүсэл зорилгоо хамтатган, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадах аваас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл бодит биеллээ олж, тогтвортой хөгжлийн зорилтууд зэрэглээ болон замхрахаас сэргийлж чадна.
Монгол Улс үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо ханган хэрэгжүүлэх хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Ногоон таксономи” зэрэг баримт бичгүүдийг НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн баталсан дэлхийн анхдагч улсуудын нэг болсон.
Энэ хүрээнд Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх зорилгоор “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Эрүүл монгол хүн” зэрэг харилцан уялдаа холбоотой үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой.
Тиймээс энэ удаагийн бага хурлаас гарах “Уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх тунхаглал”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо ба уур амьсгалын үйл ажиллагааны тухай Эмиратын тунхаглал“ санаачилгуудыг Монгол Улс сайшаан дэмжиж, нэгдэн орж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Цаашлаад дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтоо ханган хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг дэмжиж, бодит үр дүнд хүрэх асуудал нэн чухал байгааг цохон тэмдэглэж байна.
Эрхэм хурлын дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газраас 2022 онд гаргасан тайланд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд охид, эмэгтэйчүүд илүү их өртөж байна хэмээн дурджээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.
Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.
Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хүн байгаль хоёр хүйн холбоотойг үргэлж санаж, эх болсон байгаль дэлхийгээ авран хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын төлөө Монгол Улс дэлхийн улс орнуудын хамтаар бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.
Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
-
Улстөр нийгэм2021/01/27
Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт...
-
Улстөр нийгэм2021/11/03
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
-
Цаг үе2021/12/23
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Цаг үе2023/01/18
Нүүрснээс татгалзаж, байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх албан ёсны хүсэлт гарга...
Сэтгэгдэл