Улстөр нийгэм
Бодлогын хүүг өсгөж 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 3 дугаар сарын 23, 24-ний өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа.
Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байна. Ийнхүү тодорхой бус байдал огцом нэмэгдэж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр байгаагаас энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод байна.
Жилийн инфляц 2022 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарав. Инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлж байна. Инфляц 2 дугаар сараас алгуур саарч эхэлсэн нь өмнөх төсөөлөлтэй нийцтэй байсан хэдий ч олон улсад шинээр үүсээд буй хурцадмал байдалтай холбоотойгоор инфляцын төсөөлөл нэмэгдэж байна.
Цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт суларч худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн хэдий ч хилийн хязгаарлалттай холбоотойгоор уул уурхай, тээвэр, барилгын үйлдвэрлэл буурснаас эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хүлээлтээс бага гарлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.
Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөр дамжин зардлын инфляц бий болох, инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг илүү хурдтай чангаруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн идэвхжил, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн хязгаарлалт, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуудан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно.
Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Цаг үе2022/07/29
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Үзэл бодол2022/06/10
Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн төлөөллийг хүлээн ав...
-
Үзэл бодол2021/09/03
Б.Пүрэвсүрэн: Угаарын хийн эрсдэлүүдийн 95 хувь нь хайхрамжгүй байдлаас үүссэн
-
Урлаг спорт2019/11/19
“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ
