Үзэл бодол
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн асуудлаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо
УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл” сэдвээр танилцуулга, мэдээлэл хийлээ.
Манай улсад 2-5 насны 305783 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2021-2022 оны хичээлийн жилд 233090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, 3 настнуудын 73 хувь байгаа бол 2 настнуудын 53.9 хувь л цэцэрлэгт хамрагдаж байна. Үүнээс үзвэл Улаанбаатар хотод 38538, орон нутагт 334159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.
Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг байгаагаас төрийн 276, хувийн хэвшлийн 398 цэцэрлэг бий. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна. Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхэд авах хүчин чадал ч өнөөдрийн байдлаар 77 мянга орчим хүүхэдтэй байна. Энэ онд нийслэлд 28 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан гэдгийг Л.Энх-Амгалан сайд танилцууллаа.
Тэрбээр, “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсан зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.
Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн 8 нь орон сууцны 26 шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ.
Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн. Салбарын яамнаас 3 хүртэлх настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Сургуулийн өмнөх боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэхэд хоёр настай хүүхэд бүрт хувьсан зардлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн тогтолцоогоор сугалаагаар цэцэрлэгт орсон хүүхдэд л хувьсан зардлыг олгож байгаа. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардлыг олгодог болох асуудлыг судалж, тооцооллыг хийсэн гэдгийг онцлов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Т.Доржханд, Г.Амартүвшин, Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Э.Бат-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдээс цаашид төрийн бус өмчийн цэцэрлэгийг дэмжих бодлого баримталж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах, тойргийн бус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд болон түрээсийн байранд ажиллаж буй цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхийн чухлыг тодотгож байв. Мөн цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүйгээс ажил, орлогогүй гэртээ сууж буй эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг барих газар болон дэд бүтцийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн барилгыг нэгдсэн стандарттай болгох шаардлагатай байгааг хэллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
