Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

Огноо:

,

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ?

-Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.  

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Нийтийн тээврийн парк шинэчлэл бол түгжрэлийг бууруулах нэг л шийдэл. 11-11 төвд ажиллахад иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг богино хугацаанд хийх, соёлтой, боловсон, цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээврийг нэвтрүүлэх хүсэлтийг маш их тавьж байна. Бид наймдугаар сарын 20-ны дотор 591 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Улсын төсвийн санхүүжилтээр тодорхой хэсгийг шийднэ. Мөн цаг хугацаа хэмнэх үүднээс хувийн хэвшил болон олон улсын түншлэл, гадаад, дотоодын эх үүсвэрээр зохицуулж байгаа. Сангийн яамны зүгээс гааль, НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай. 2009 оноос хойш дорвитой, томоохон шинэчлэлийг нийтийн тээвэрт хийгээгүй. Нийслэлийн иргэдийн тоо 1.6 саяд хүрсэн. Тиймээс түгжрэл бол бүх нийтийн асуудал болсон. Нийтийн тээвэр тохилог, тухтай, орчин үеийн, шаардлагад нийцсэн байх ёстой. Бид ч ийм шаардлага тавьж байгаа. Мөн маршрутыг зөв төлөвлөх ёстой. Мөн RFID буюу мэдрэгчтэй төхөөрөмжийг 169 гэрлэн дохионд суурилуулах ажил эхэлсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хот тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголтоо өөрсдөө хийдэг байх ёстой. Тэгэхгүй бол тээврийн хэрэгслийн тоо тодорхой бус байна. Бүртгэлжүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зохицуулалт, бүртгэл, хяналт шалгалтаа хийх бололцоо бүрдэнэ.

-Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг буюу LRT барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай. Хотын тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шуурхай, хурдтай шийдэхгүй бол 2024 онд тэг зогсоход хүрнэ. Үүнээс сэргийлэх үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Эхний шийдэл гэсэн үг. Ухаалаг систем нэвтрүүлж RFID мэдрэгч тавьж буй нь бас нэг шийдэл. Мөн авто зогсоолуудыг ухаалаг системтэй холбож,  шийдлийг гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлэх юм. Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого чухал. Улаанбаатар хотын иргэдийн өөрсдийн нэр дээрх тээврийн хэрэгсэл 385-400 мянга байгаа болов уу. Үлдсэн нь хотын иргэний нэр дээрх орон нутгийн иргэдийн машин байгаа болов уу гэж таамаглаж байна.

Төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, дэд төвүүдээ тойрог хурдны замаар холбох, ингэснээр хотын төвийн Их тойруу, Бага тойруугийн авто замын ачааллыг бууруулах ажлыг хийнэ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын дэргэд байгуулах дагуул хот бол Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шийдэл байх юм.

-Хөнгөн галт тэрэг барьж байгуулах ажлыг Олон улсын валютын сангаас болиулсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Энэ бол ташаа ойлголт байна. 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Улаанбаатар хот дотоод хүч, нөөц бололцоо, бусад эх үүсвэрээр хөнгөн галт тэргийг концессын болон бусад дараа төлбөрт санхүүгийн нөхцөлөөр барих бүрэн бололцоотой. Тиймээс Улаанбаатар хотын орлогыг хөрөнгө оруулалт дэмжих эх үүсвэр болгон үлдээвэл бидэнд дэмжлэг болно. Нөгөө талаас Тавантолгойн нүүрсний борлуулалт,  газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбарууд руу шилжих ёстой юм. Улсыг өрөнд оруулахгүйгээр, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр хөнгөн галт тэрэг болон тойрог хурдны замын төслүүдийг хэрэгжүүлэх тооцооллыг гаргачихсан байгаа.

Хөнгөн галт тэрэг бол олон улсын хэмжээнд шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл. Эхний ээлжид барих 18.1 км замын нийт барилга байгууламж, газар чөлөөлөлт, магадлашгүй зардалтайгаа нийлээд 926 сая ам.доллар гэсэн зардал ТЭЗҮ-д тусгагдсан. Бодит өртгөөр тооцвол 960 сая ам.доллар. Энэхүү ТЭЗҮ-д тусгасан тооцооллыг бууруулах бололцоотой. Наад зах нь гааль болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөхөд  70 сая ам.долларыг хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр энэхүү төслийг жадлан эсэргүүцээд байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Хотын түгжрэлийг бууруулах гол зангилаа нь хөнгөн галт тэрэг шүү. Нөгөөх нь тойрог хурдны зам. Хоёр төсөлд оролцох инженер, техникийн ажилтнууд хэдийнээ Улаанбаатарт ирчихсэн байна. Ажлын зургаа хийгээд Монгол Улсын Засгийн газар болоод Улаанбаатар хотын дэмжлэг, байр суурийг хүлээж байгаа.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн 591 автобусны хэдэн хувийг төрөөс, хэдэн хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлэх вэ?

-Нийтийн тээврийн ачааллыг төр үүрч явах ёстой юм билээ. 2015 оноос эхлэн смарт карттай болсноороо 53 тэрбум төгрөгийн татаас 180 тэрбум гаруй болж нэмэгдсэн. Смарт карттай болсноороо нийтийн тээврийн салбарын татаасыг 130 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар санхүүгийн шалгалт оруулъя гэхээр тооцоо судалгаа, дата нь Солонгос руу явчихдаг учраас шалгаж болдоггүй. Улаанбаатар хотын тээврийн бүх статистик БНСУ руу явдаг болсон байна. Тиймээс смарт картыг хотын нийтийн тээврээс хална. Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Хэмнэлтийн горимд шилжиж, технологийн дэвшлийг үндэсний компаниудаар хийлгэнэ. Парк шинэчлэл, хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам гэхчлэн бүгдийг ухаалаг шинэчлэл малгай дор багтаана.

-Туул гол дагуух 16 байршилд тохижилтын ажил хийнэ гэсэн. Энэ ажил юу болсон бэ?

-Эхний ээлжид иргэд, олон нийтийн дунд зургаан байршилд тохижилтын ажлын уралдаан зарласан. Бага тэнгэрийн ам, Баянзүрхийн гүүр, Дугуй цагаанд зургийн дагуу ажил нь эхлэхэд бэлэн болсон. Заримынх нь ажил эхэлсэн. Гурвыг нь энэ жил ашиглалтад оруулах бол үлдсэн гурвын ажлыг энэ жил эхлүүлж, ирэх жил дуусгахаар төлөвлөсөн.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах эрхтэй болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бонд, үнэт цаас гаргах, концесс хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа явуулахад Сангийн яамтай заавал зөвшилцөх зохицуулалттай. Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээ хийх ажил долдугаар сараас эхэлж, есдүгээр сар гэхэд дуусна. Үнэлгээ гарсны дараа бондын асуудлыг Сангийн яамтай ярилцаж, Засгийн газарт танилцуулна.

-Эхний ээлжид ямар чиглэлээр бонд гаргах талаар төлөвлөж байна вэ?

-Дэд бүтцийн бонд гаргах хүсэлтэй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд боллоо.

Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:

“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,

Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно

Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.

Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.

Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.

Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.

Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.

Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.

Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.

УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.

Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.

Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.

Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа.

Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.

Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.

Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.

Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.

Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ.

Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.

Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.

Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.

Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.

Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.

Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.

Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,

Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.

Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.

“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруу дахь эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумд оролцож, “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажиллаж буй төрийн албан хаагчидтай өнгөрсөн нэг сарын хугацаанд уулзсан. Харин өнөөдөр  сүүлийн 30 жилд нийслэлд хуримтлагдсан алдаа дутагдал, ирэх 30 жилд хийгдэх хөгжлийн концепцоо хэлэлцэж, хамтран шийдэхээр нийслэлийн есөн дүүргийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж байна. Сүүлийн 30 жилд хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс даац хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлоготой холбоотойг Ерөнхий сайд дурдлаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг Улаанбаатар хот эзэлдэг. Гэтэл хотын төвийн Бага тойруу хэсэгт төрийн 70 гаруй байгууллага ажиллаж, түгжрэл, төвлөрлийн гол шалтгааны нэг болж байна. Бага тойрууд байгаа эрх мэдлийн төвлөрлийг задлахгүйгээр нийслэлийн түгжрэл буурахгүй. Бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Бид суурь реформ дээрээ хандлага, харах өнцгөө өөрчлөх цаг болжээ. Төр, захиргааны байгууллагууд манлайлал үзүүлэх ёстой гэдгийг мөн хэллээ.
Улсын Их Хурлын сонгуулийг  энэ жил анх удаа бүсчилсэн тойргоор явуулахаар болж, Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ форум Улсын Их Хурлын сонгуулийн өмнө болж байгаа нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр илүү прагматик байхад, мөн мэдээллийн хувьд тэгш гараанаас эхлэх, бодлогын мэтгэлцээнд тулгуурлах тал дээр чухал ач холбогдолтой гэж үзэж байна.   
Хорооны Засаг даргад төсвийн эрх мэдэл байхгүй. Хуулиар эрх мэдлийг нь нэмэгдүүлж, төсөв захиран зарцуулах эрх олгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсныг Ерөнхий сайд тэмдэглэв.

Форумын үр дүнд үндэслэж, Засгийн газар бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, бодитоор хэрэгжүүлж шинэ төвлөрлийн бүс, эдийн засгийн олон тулгуур, орон нутагт эдийн засаг тэлэх суурь бий болж, Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, түгжрэл зэрэг тулгамдсан асуудал шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой

Огноо:

,

Дэлхийн дөрвөн улсын метроны төсөлд ажиллаж байсан туршлагатай, одоогоор Египет улсын метроны төсөлд ажиллаж буй “OC Global” компанийн транзит инженер Т.Мөнхдалай өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар хотын метроны төслийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ.

Тэрбээр “Дэлхийн бусад улс ч метроны төсөлдөө зөвлөх үйлчилгээг авдаг. Улаанбаатар хотын метроны төсөлд  зургаан жилд 54 сая ам.доллар төсөвлөсөн. Энэ нь огт их мөнгө биш, төгрөгөөр гэрээлэх заалтаар валютын эрсдэлтэй харагдаж байна. Дэд бүтцийн томоохон төслүүд өртгийн 5 хувь орчимд зөвлөх үйлчилгээ авдаг. Миний ажиллаж байсан төслүүд ихэвчлэн 100-200 сая ам.долларт 10 жил орчим гэрээтэй байдаг. Чиглэл бүртээ нарийн мэргэшсэн зөвлөхүүдийг цуглуулсан баг олон жил ажиллахад ийм хэмжээний зардал гардаг нь хэвийн зүйл. Одоо миний ажиллаж байгаа метроны төсөлд  5 компанийн нэгдэл бүхий 13 улсаас 80 гаруй экспертүүд ажиллаж байна. Жайка олон улсын байгууллага Улаанбаатар хотын метротой холбоотой судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа тул төслийн сүүлийн  хоёр шатыг 6 жилд гүйцэтгэх боломжтой. Энэ төсөл шинээр эхлээгүй, их удаан гацсан ажил одоо үргэлжилж байна гэж харж байна. Мөн дэд бүтцийн томоохон ажлыг ямар нэг нам, улс төрч удирдан хянах боломжгүй. Тиймээс дэлхийн бусад хотууд том төслүүддээ олон улсын нарийн мэргэшсэн инженерүүдийг зөвлөх багтаа авч төслөө удирдуулдаг. Барих компаниас тусад нь зөвлөх үйлчилгээний баг авдаг шалтгаан нь барих компанийг ашиг сонирхлын зөрчилгүй, шударгаар хянаж, өртгийн өсөлт, аль болох хугацааг сунгахгүй, аюулгүй чанартайгаар метрогоо гүйцэт барихыг шаарддаг” гэв.

Түүний одоо ажиллаж буй Египет улс  өдөр бүр нэг цагийн цахилгааны хязгаарлалт хийдэг ч метроны хоёр шугам, Монорэйл, LRT, хот хоорондын өндөр хурдны төмөр замын төслүүдийг зэрэг барьж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох