Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

ЗГ: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.

Соёлын сайд Ч.Номингийн танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, циркийн урлагийн цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай тул Засгийн газрын хуралдаанд дээрх асуудлыг танилцуулж байгаа гэв.

Мэдээллийн дараа Засгийн газрын хуралдаанаар циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт хангасан болгон сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болголоо.

Түүнчлэн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.

Харин “Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах, хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Соёлын сайдын танилцуулгад дурдсанаар, өнөөдрийн байдлаар Монгол Улсад циркийн урлагийн салбарт:

· Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага,

· 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж буй 650 орчим уран бүтээлч,

· Мэргэжлийн сургуульд суралцагч 64 оюутан,

· 15 багш, дасгалжуулагч ажиллаж байна.

1970-2007 он хүртэлх хугацаанд Монголын цирк 10 гаруй цогц үзүүлбэр, амьтны үзүүлбэр, агаарын болон шидэлттэй үсрэлт, тулах тэнцвэр зэрэг хүч тамирын шилдэг үзүүлбэрүүдтэй, урын сангийн баяжилттай байсан бол өнөөдрийн байдлаар 5 хүрэхгүй төрлөөр үзүүлбэрээ бэлтгэн хөгжүүлж байна.

Мөн 2018-2021 онд 37 үзүүлбэр, уран бүтээлийг 22 удаагийн тоглолтоор 20007 хүнд, 2022 оны байдлаар Монгол бөхийн өргөө болон Буянт-Ухаа цогцолборын байранд 2 уран бүтээлийг 12 удаагийн тоглолтоор 100 гаруй мянган үзэгчид хүргэжээ.

2022 оны байдлаар Хөгжим Бүжгийн Коллежид 64 оюутан суралцаж байгаа бөгөөд тус сургуулийн боловсон хүчин бэлтгэх хүчин чадал нь манай улсын циркийн урлагийн салбарт шаардлагатай байгаа хүний нөөцийг хангахгүй байгаа юм байна.

Циркийн барилгын асуудлаар:

Монгол Улсад циркийн урлагийн зориулалтаар барьсан ганц барилгыг 2005 онд Улсын Их Хурал хувьчлах жагсаалтад оруулж, 2008 онд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Аса консалтинг” ХХК-д шилжүүлсэн байдаг. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан ч 2020 оны 7-р сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байна.

Байр талбайн хомсдолоос үүдэн мэргэжлийн циркийн урлагийн төрөл хэлбэр цөөрч, орон зай шаардсан томоохон үзүүлбэрүүд хасагдсан нь мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүсгэж цаашдаа циркийн урлагийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэж Соёлын яам дүгнэж байгаа юм.

Мөн циркийн урлаг тайзны хэлбэрт шилжиж, тоглолт хийх нөхцөл багасаж, тоглолтын тоо эрс буурч, урын сангийн бодлого алдагдан, орон зай шаардсан агаарын үзүүлбэрүүд тоглогдохгүй байгаа талаар Соёлын сайд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Соёлын яам “Аса консалтинг” ХХК-д хандан засварын үйл явц, бусад үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг ирүүлж, циркийг зориулалтын дагуу ашиглахыг удаа дараа шаардаж ирсэн юм.

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Урлаг спорт

“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно

Огноо:

,

Нүүдлийн соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Nomadic education” зуны хөтөлбөртэй зусланг хүүхэд багачууддаа зориулан Хэнтий, Өвөрхангай, Дундговь аймгийн таван байршилд албан ёсоор нээж байна.

Тус зусланд 21 улсын 60 гаруй сургуулийн сурагчид хамрагдаж, язгуур соёлоо таньж анд найзууд болох юм.

"Нүүдлийн соёлын боловсрол" хөтөлбөрийн нээлт 2023 оны тавдугаар сарын 26-28-нд, нэгдсэн арга хэмжээ 2023 оны зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болно. 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ДАШТ-ээс медаль хүртсэн бокс, жүдогийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Олимпын угтвар жилийн ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцсоор байгаа. Тухайлбал, жүдо бөхийн ДАШТ-ээс Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтнууд болсон.

Түүнчлэн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгө, Б.Мишээлт хүрэл медальтай ирсэн юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнд амжилттай өрсөлдөж, медальтны эгнээнд багтсан тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, жүдогийн шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар, П.Нямлхагва, боксын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар байлцав.

Ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийгээс медаль хүртсэн тамирчдад баяр хүргээд, Парисын олимпын мөчлөгт тамирчдаа бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Боксын тамирчид зургадугаар сард Германд хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа бол жүдочид ирэх зургаадугаар сарын 23-25-нд Улаанбаатар хотноо зохиогдох Их дуулга тэмцээний бэлтгэлдээ ороод байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна

Огноо:

,

Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй  “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.

Дэлхийн  хотуудын урлагийн 7 хоног буюу “АRT WEEK” урлагийг хөгжүүлэх, урлагийн бүтээлч байдал,  инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдлэгээ хуваалцах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд ART “FAIR 2023”  буюу мэргэжлийн уран бүтээлчдийн дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа нь  улс хэмжээнд олон нийтийг хамран өргөн хүрээнд зохион байгуулагдаж буй онцлогтой юм.

Соёлын салбарын түншлэлийг бэхжүүлэх, уран бүтээлчид болон салбар холбоод, нэгдлүүд, үйл ажиллагааны чиглэл ижил байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих,   олон нийтэд сурталчлан таниулах, урлагийн боловсрол олгох зорилттой энэхүү үзэсгэлэн, худалдаа нь 2023 оны 05 сарын 24-өөс 30-ны  өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд нийтийн дүрслэх урлагийн, гоо зүйн боловсролд зориулсан Хөрөг, Натур, Натюрморт зургийн өдөрлөг, Керамик болон Воркшоп өдөрлөг, Кино, фото зургийн өдөрлөг, Шог зургийн өдөрлөг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүдийг өдөр бүр зохион байгуулна.

Энэхүү ART FAIR 2023 арга хэмжээ нь  2200 метр квадрат үзэсгэлэнгийн талбайд МУЭ болон дүрслэх урлагийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн салбар холбоодын дүрслэх урлагийн бүх төрлийн 1000 гаруй уран бүтээл дэлгэгдлээ.  

Эх сурвалж: Соёлын яам

Дэлгэрэнгүй унших

Санал болгох