Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.
Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно.
Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулж, тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарсангүй.
Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.
Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна.
Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасан байдаг.
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно.
Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.
Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна.
Тиймээс Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлд тусгагдсан “…нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэсэн тохиролцлоо үл хайхран, зөрчсөн байдалтайгаар 2020 оны төсвийг боловсруулж, батлуулсныг хэлэлцээрийн талууд илт буруушаан, эсэргүүцэж байгааг мөн анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой болно.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчиж байна.
Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм.
Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна.
Түүнчлэн инфляцын түвшин 8-9 хувьд хүрэхийг гипер инфляц буюу хямралд тулсан босго үзүүлэлт гэж үздэг. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид дүгнэлт хийж, инфляцыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улам алдагдалтай төсөв батлах замаар инфляцын одоогийн байгаа өндөр түвшинг ирэх 3 жилд ч буулгаж чадахааргүй, өөрсдийн явцуу эрх ашгийг өнөөдөр гүйцэлдүүлж байвал улс орны маргаашийн амьдрал, ирээдүй огт хамаагүй мэт бодлого явуулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.
Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна.
Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий онцгой ач холбогдолтой, бодлого, зарчмынх нь дагуу цаг алдахгүйгээр хэрэгжүүлбэл зохих хууль мөн.
Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө” гэсэн утга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна.
Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх” зэрэг зарчим болон эдгээрийн хүрээнд хэрэгжих ёстой хуулийн бусад зохицуулалтууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хуулиар мөн чанараа бүрэн алдаж, хэрэгжих ямар ч бололцоогүй болж байна.
Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.
Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
