Улстөр нийгэм
Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя!
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.
Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.
Тэрбээр хэлсэн үгэндээ энэ жилийн номын баяр хэд хэдэн онцлогтой болж буйг дурдав. Улсын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна. “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”, “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье гэв.
Мөн тухайн жилд хамгийн шилдэг бүтээл туурвисан зохиолч, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан уншигч, номын зүтгэлтнүүдэд Улсын Их Хурлын даргын нэрэмжит “Мэргэн ном” цом, батламж гардуулдаг уламжлал тогтсон. Энэ жилийн номын баярын дээд шагналаар залуу уншигч Б.Алтанхуяг, дунд үеийн утга зохиолын шилдэг төлөөлөгч, үргэлжилсэн үгийн зохиолч Ц.Ганболд болон өдгөө 85 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарч нар “Мэргэн ном”-ын эзнээр тодорсныг зарлан мэдэгдэхдээ таатай байна гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэн, номын баярын асарт дэлхийн олон орны зохиолчдын бүтээл, англи ном нэг гол хэсэг нь болж байгааг дурдаад номын ертөнцөөс өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. Иймээс илүү их уншъя хэмээн уриаллаа.
Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын бас нэгэн гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг Номын баяртаа оролцуулахаар урилга илгээснийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дуулгалаа.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Үндэсний номын баяр”-т оролцогчид жил бүр өргөжиж байна. Тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн Үндсэн хуулийн боловсрол, Парламентын боловсрол, Цахим Парламент, Сонгогчдын боловсрол, Статистик, өгөгдлийн боловсрол зэрэг олон чиглэлээр Улсын Их Хурал болон холбогдох бусад байгууллагууд “Номын баяр”-т оролцдог болоод байгаа юм. Тиймээс цаашдаа Монгол Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу Үндэсний бичиг, соёлоо түгээн дэлгэрүүлэхэд энэ баярын үйл ажиллагааны нэг зорилгыг чиглүүлэхээр зорьж байгаа аж.
34 дэх удаагийн Үндэсний номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор ‘Номын нээлт” “Ногоон зүлэг“ гэсэн хоёр тайзыг бий болгосноос гадна тус тусдаа хөтөлбөртэй байгаа аж.
Мөн номын баярт оролцож буй гадаадын зохиолчид, тодруулбал ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм.
Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр”-ын 34 дэх удаагийн арга хэмжээ энэ сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байна. Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг 2019 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн байдаг.
Номын баярын үйл ажиллагаанд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Шударга мэдээ2023/06/27
Нийслэлийн хэмжээнд 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 сургууль байна
-
Цаг үе2021/03/23
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргаа...
-
Цаг үе2026/05/13
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр BRT төслийг хэрэгжүүлж байна
-
Үзэл бодол2020/12/14
Бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо
