Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр% байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Цаг үе
П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна
Багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар БШУ-ны сайд П. Наранбаяр энэ сарын 29-ний өдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрөөс хэлэлцээрийн ширээнд суух байх. Ажил хаялт ойрын хугацаанд зогсоно гэх итгэл байна. Боловсрол урагшаа явах ёстой, хүндээ зориулсан хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой гэдэг дээр ижил байр суурьтай байгаа. Засгийн газраас багш нарын цалинг 30 хувь нэмэх саналтай байгаа. Мөн Багш нарын цалингийн оновчтой бүтцийг бий болгох замаар үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэхээр зорьж байна.
Бид сайтар ярилцах хэрэгтэй. Хоорондоо ярилцаж тохиролцох ёстой. Суурь буюу үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх асуудал яригдаж байгаа тул аль болох ойрын хугацаанд яаж хүргэх вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаад, цаашдаа цалин тойрсон улс төржилт, цалингийн асуудал бүх зүйлийг харахгүйгээр урагшилъя гэсэн зорилго тавьж байна.
Энэ жил төсөв хэлэлцэж байгаа үед 3,5 сая болгох боломжгүй. Ирэх жилүүдэд Монгол Улсын олох орлого, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээмжийн өсөлт зэргээс шалтгаалж аль болох 3.5 сая төгрөгт хүргэхийг зорино. Үндсэн цалинг өндөр тогтоож, нэмэлт цалинг нэрлэсэн дүнгээр тооцъё гэж өчигдөр ярилцсан. Гэхдээ гүйцэтгэлийн үнэлгээний ач холбогдлыг бууруулахгүй.
Нийслэлийн сургуулиудын 60 орчим хувь нь ажил хаясан. Харин орон нутагтай нэгтгэж тооцвол сургуулиудын дунджаар 30 хувь нь ажил хаяж байгаа. Ажил хаялт сая бие даалтын долоо хоногтой зэрэгцсэн. Үүнээс цааш үргэлжилбэл мэдлэгийн хоцрогдол үүсэх аюултай тул хэлэлцээгээ хурдан эхлүүлэх шаардлагатай байгаа. Үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн, тоонуудаа магадлаад ярилцъя гэсэн" гэлээ.
Цаг үе
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Дэлгэцгүй долоо хоног” аяныг зохион байгуулж байна
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан энэ долоо хоногт хүүхдүүдийн цахим хэрэглээг зохистой болгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, унших соёлыг дэмжих зорилготой “Дэлгэцгүй долоо хоног” аяныг эхлүүлээд байна.
Аяны хүрээнд хүүхэд, залуус төдийгүй гэр бүлүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Тухайлбал,
- “Ном бол миний дэлгэц” уншлагын өдөрлөг
- “Дэлгэцээ унтраа, өөрийгөө асаа!” гар зураг болон эссэ бичлэгийн уралдаан
- “Гэр бүлийн өдөрлөг”
- Зохиолч–уншигчдын уулзалт
- “Аймшигтай, бүтээлч Хэллоуины үдэшлэг” зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд багтаж байна.
Эдгээр арга хэмжээ нь уншигчдыг цахим хэрэглээнээс түр ч болов ангид байлгаж, номын ид шидээр дүүрэн ертөнцтэй ойртуулах, гэр бүлээрээ чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж буйгаар онцлог юм.
Номын сангийн хамт олон уншигчдаа бүтээлч сэтгэлгээ, зорилготой уншлагыг түгээх энэхүү аянд идэвхтэй хамрагдаж, номын үнэт ертөнцөд дахин дурлахыг уриалж байна.
Цаг үе
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн прокурорын газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2025 оны эхний 8 сарын байдлаар судлахад нийт 245 зөрчил бүртгэгджээ.
Үүнээс “Хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй” зөрчил 62 буюу 24.4 хувь; “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон” зөрчил 60 буюу 24.4 хувь; “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн” зөрчил 17 буюу 7 хувийг эзэлж байна.
Судалгаагаар дээрх төрлийн зөрчил Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хамгийн их үйлдэгджээ. Тодруулбал, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдах, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зөрчил Нарантуул захын ойр орчим, Барс худалдааны төвд зонхилон үйлдэгдсэн бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, стандарт зөрчсөн зөрчил Сонгинохайрхан дүүрэгт ихээр бүртгэгдсэн.
Иргэн, аж ахуйн нэгж нь Хүнсний тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэггүй, тухайн ажил хариуцсан ажилтны хариуцлагагүй байдал, түүнд тавих дотоодын хяналт хангалтгүй зэрэг нөхцөл байдал дээрх зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн байна.
Нийслэлийн прокурорын газраас судалгааны дүнг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудад танилцуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
