Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрбээр, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлаж иргэдийн бодит орлогыг хамгаалахад чиглэсэн бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Засгийн газраас авч  хэрэгжүүлсэн арга хэмжээний  үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. 

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтын нэг болох “Хот хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны  төсвийн төсөлд тусгасан болно гэлээ. 

Ирэх оны төсөвт тусгасан  онцлог арга хэмжээг дурдвал,

  1. Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмж, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмжийг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд 217.7 мянган төрийн албан хаагч, 499.2 мянган тэтгэвэр авагч, давхардсан тоогоор нийт 146.9 мянган нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хүн хамрагдах аж. 
  2. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан малчдын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэний шимтгэлийг 100 хувь тус тус төрөөс хариуцах, нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгажээ.
  3. Боловсролын шинэчлэлийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах тэтгэлгийг ирэх оноос олгож эхлэх юм байна.
  4. Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг  хүрэх үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулан 80 хувиар нэмэгдүүлж 14.3 тэрбум төгрөгт хүргэхээр  төлөвлөөд байна. Энэ нь хүүхдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлэхэд хүрэлцэхгүй хэдий ч салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийг оновчтой хуваарилбал тодорхой үр дүн гарах боломжтой гэж үзжээ.  
  5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн дэмжиж хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай арга хэмжээний төсөв болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж  ирэх онд нийт 223.7 тэрбум төгрөг хуваарилах аж.
  6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн үр ашиг, ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд төсвийн төсөлд нийтдээ 6.1 их наяд төгрөгийн хөрөнгийн зардлыг төлөвлөсөн нь ДНБ-ний 8.2 хувь, нэгдсэн төсвийн нийт зардлын 22.6 хувьтай тэнцэж байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1050 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  7. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг төсөв өргөн мэдүүлэхийн өмнө бүх аймгуудад ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд иргэдийн саналыг авах, иргэдээр эрэмбэлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулсан билээ. Үүний дагуу хот, хөдөөгийн хөгжлийг хурдасгах, эрчим хүч, автозамын төслүүдэд  зориулж ирэх онд 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 154 төсөл, арга хэмжээний 593.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаад байна. Эдгээр төслүүдийг эхлүүлэх төдий бус харин хамгийн багадаа 1 жил хамгийн ихдээ 3 жилд багтаан хэрэгжүүлж, ашиглалтад оруулах зорилт тавьж, үүний дагуу 2024 онд хамгийн багадаа 30 хувийн санхүүжилтийг тусгажээ.
  8. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, тэргүүлэх ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг гадаад зээл тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдгээрээс томоохон төслүүдийг дурдвал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл, “Чойбалсан Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл, Улаанбаатар хотын ундны ус хангамжийг сайжруулах болон төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл болон арван аймагт дулааны станц барих төсөл зэрэг байгаа аж.  

Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэлээ. Үүнд:

  • Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх;  
  • Төсвийн төлөвлөлтийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг төсвийн алдагдлыг 2 хувиас бага байлгах эдийн засгийн зохист харьцааг баримтлан төсвийн тогтвортой байдлын үндсэн зарчмыг хангаж төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах; 
  • Улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байх;
  • “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах;
  • Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төсвийн төслийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн эсэх хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж удирдан зохион байгуулах;
  • Гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам арга, аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах асуудлуудыг багтаажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асуусан. Тэрбээр, 2017 онд манай улсад хэрэгжсэн Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд өндөр насны тэтгэврийг үргэлжилсэн долоон жилийн хөдөлмөрийн хөлсний дунджаас тооцон тогтоох шийдвэр гарч 2018-2023 онд ийм аргачлалаар тэтгэврээ тооцуулсан 58 мянган иргэн байна гэлээ.

2023 оноос эхлэн тэтгэврийг үргэлжилсэн таван жилийн дунджаас тооцон тогтоох болсон ч дээрх хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүст нөхөн олговор олгох асуудал шийдэгдэлгүй үлдсэн хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлэх ямар бодлого барьж байна вэ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас тодруулсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийт даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгоход баримтлах дараалсан 7 жилийг 5 жил болгож бууруулах, тэтгэврийн хуримтлалын нөөц санг мөнгөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасныг тодотгоод, хуульд нөхөн олговор олгох асуудал тусгагдаагүй ч ирэх оны төсөвт тусгаснаар дээрх иргэдийн тэтгэвэр нэмэгдэж тооцогдохоор байгаа гэсэн хариултыг өглөө.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаан даргалагч, тус дэд хорооны дарга Б.Пүрэвдорж үг хэлсэн. Тэрбээр, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардал бол сүүлийн хэдэн жилд өссөн нь  зарлагаа эхэлж тооцоод дараа нь орлогоо бичдэгээс үүдэлтэй хэмээсэн. Түүнчлэн төсвийн зарим хөрөнгө оруулалтыг хойшлуулж, төсвийн зардлаа бууруулж байж орж ирж буй орлогын зарим хэсгийг Ирээдүйн өв сандаа хуримтлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь 2018-2023 он хүртэлх хугацаанд тэтгэврээ үргэлжилсэн 6-7  жилээр тооцуулан тогтоолгосон 58 мянган иргэний тэтгэврийн зөрүү болох 93 тэрбум төгрөгийг нөхөн олгох зардлыг ирэх оны төсвийн төсөлд тусгах зарчмын зөрүүтэй санал гаргасан бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр хуралдаан өндөрлөж Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ

Огноо:

,

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.

Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.

Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.

Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох