Улстөр нийгэм
Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болголоо
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Улстөр нийгэм
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.
Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна.
Улстөр нийгэм
“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.
Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.
Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан болов
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцэв.
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцлов.
