Цаг үе
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэжээ. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх, улмаар сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.
Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.
Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Туваан, Д.Ганбат, Т.Энхтүвшин, Ц.Идэрбат нар асуулт асууж, хариулт авав.
Энэхүү зээлийн дүнг төгрөгт шилжүүлвэл 380 тэрбум гаруй төгрөг гэдгийг Н.Алтанхуяг гишүүн хэлээд саяхан баталсан улсын ирэх оны төсөвтөө тусгах боломж байсан гэв. Энэ хэмжээний дүнтэй зээл авч, зам засах нь оновчтой эсэхийг лавлаж, авто замын бүтээн байгуулалттай холбоотой бодлогын баримт бичгүүдийг дурдаж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ жилийн улсын төсвийн төслийг боловсруулахдаа Ерөнхий сайд 21 аймагт ажиллаж, иргэдийн санал, мөн Улсын Их Хурлын гишүүдийн саналыг түлхүү тусгасан онцлогтой гэдэг хариултыг С.Бямбацогт сайд хэлэв. Авто замын арчлалт, засварын зардлыг төсөвт тусгаж чадаагүй гээд “Жилд 50 тэрбум орчим төгрөгийг авто замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр ердөө нөхөөс л хийдэг. Гэтэл замуудад 5-10 жил тутам ээлжит засвар, үүнээс дээших хугацаанд их засвар хийх шаардлагатай байдаг. Ийм ажилд огт төсөв тавьж байгаагүй. 2023 онд 35 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км замыг зассан. Одоо бол сүүлийн 30 жилийн хугацаанд бүтээж, ашиглаж ирсэн авто замуудаа засах шаардлагатай болсон учраас 2020 оноос асуудлыг тавьсаар тодорхой хэсгийг ийнхүү шийдэж байна” гэдэг тайлбарыг өгсөн. Монгол Улсын авто замын үндсэн сүлжээнд засвар хийхэд 1 их наяд төгрөг шаардлагатай гэх мэдээллийг тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Ирэх оны улсын төсөвт энэ чиглэлээр төсөв хуваарилаагүй учраас 2024 онд ердөө энэ зээлийн хэлэлцээрийн дүнгээр буюу 360-370 тэрбум орчим төгрөгийг замын арчлалт, засварт зарцуулна гэлээ. Энэ хүрээнд 236 км авто замын их засвар хийгдэх бөгөөд өртөг нь 69 сая ам.доллар аж. Авто замын ээлжит засварт 13 сая ам.доллар, 1200 м гүүрийн засварт 9 сая ам.доллар, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд тавих 51 км замын бүтээн байгуулалтад 11 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байгаа гэлээ. Засгийн газраас Завхан-Говь-Алтай аймгийг дамнуулсан, мөн Булган-Өвөрхангай-Өмнөговь аймгийг дамнуулсан, Дорнод-Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байгааг мөн хариултынхаа үеэр С.Бямбацогт сайд мэдээллээ. Түүнчлэн Дорнодоос Баян-Өлгий хүртэл, Хэнтийгээс Ховд хүртэл нийслэлээр дайрахгүй хэвтээ чиглэлийн замуудыг бүтээн байгуулахаар, цаашлаад аймгуудыг авто замаар холбох ажлуудыг төлөвлөж байгаа гэв.
Зээл ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулахдаа “Зээлийн хөрөнгөөр засвар, арчилгаа хийх авто замууд нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ашиглалтад оруулснаас хойших 20-30 жилийн хугацаанд арчилгаа, засвар хийгээгүй. Иргэдийн хамгийн их зорчдог энэ чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэй, эрсдэлтэй хэсгийг тогтоож, ээлжит болон их засвар хийхээр төлөвлөсөн байгаа” гэв.
Авто замын арчлалт, бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч сонгосон чиглэл нь оновчтой эсэх талаар, Монгол Улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт болж чадах эсэх, ТЭЗҮ бүрэн эсэхийг нягталсан эсэхийг гишүүд тодруулж байлаа. Засгийн газраас авто замын арчлалт, бүтээн байгуулалтын эрэмбийг хийж, нэн тэргүүн Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусгахаар ажиллаж байгааг С.Бямбацогт сайд хэлсэн. Улмаар Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжин ОХУ-ын хил хүртэлх чиглэлийн авто замын арчлалт, бүтээн байгуулалтын ажилд концесс зарлаад байгаа гэлээ. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх авто замын ажлын концессын сонгон шалгаруулалтыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр зарласан байгаа гэв. Улаанбаатар хотыг тойруулаад Богд уулын урдуур Хөшигтийн хөндийгөөр дайруулаад нэг авто зам, мөн Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Улаанбаатар хотод тууш авто зам барихаар төлөвлөн мөн л концесс зарласан байгаа гэх мэдээллийг өгсөн. Авто замын эвдрэлийн нэг шалтгаан нь стандартаас давсан даацтай тээврийн хэрэгслүүдээр тээвэр хийж байгаагаас үүддэг. Стандарт мөрдсөн тохиолдолд авто замын эвдрэл үүсэхгүй. Тиймээс цаашид стандартаа өөрчлөх үү, эсвэл тусгай зориулалтын зам тавих уу гэдэг бодлого гаргах шаардлага бий гэв.
Олон улсын хучилтын тэгш байдлын индексийг шинээр баригдсан болон одоо ашиглагдаж байгаа авто замууд дээр хэмжиж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Энэхүү хэмжилтийг тусгай тоноглол бүхий хоёр машинаар хийдэг байна. Хэмжилтээр 2 байх ёстой үзүүлэлт нь зээлийн хөрөнгөөр засварлах, арчлалт хийхээр төлөвлөөд буй авто замуудынх 6-гаас дээш буюу тэгш байдал алдагдсан, маш их хэмжээний эвдрэлтэй байгаа. Тодруулбал, 2021, 2022 онд хийсэн хучилтын тэгш байдлын индексийн судалгааг үндэслэн төсөл дэх авто замын чиглэлүүдийг тодорхойлсон болохыг ажлын хэсэг тайлбарласан. Авто зам ашигласны төлбөр хураамжийн талаарх асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн юм. Зам тээврийн хөгжлийн сайд хэлэхдээ “Манай одоогийн зам ашигласны төлбөр 1000 төгрөг байгаа нь маш бага. Өнөөдрийн байдлаар 1000 км замаар зорчихдоо 300 орчим мянган төгрөгийн түлш, шатахуун хэрэглэдэг бол авто замын төлбөрт 3000 төгрөг төлдөг. Олон улсын жишгээр түлш, шатахууны зардалтай нь тэнцэх хэмжээтэй байдаг юм билээ. Ингэж байж авто замаа байнга арчилж, засварлах төсөв, санхүүгээ бүрдүүлдэг юм билээ. Манай тухайд энэ ажлууд нэлээд хоцрогдсон байна. Цаашдаа бид иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, гэхдээ авто замын арчлалт, засварыг тогтмол хийхүйц төсөв, санхүүжилтийг бүрдүүлэх талаар бодлого, шийдвэр гаргах шаардлага бий” гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулна хэмээн мэдэгдлээ.
Цаг үе
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Цаг үе
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
Цаг үе
Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй.
Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.
Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.
Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна.