Цаг үе
Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутаг, Увс болон Хяргас нуурын хотгороор цас орно.
2023 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 2024 оны 01 дүгээр сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө -5-10 хэм хүйтэн байна.
Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Цаг үе
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нараас Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж энэ үеэр онцолсон.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын холбогдох гэрээ, конвенц болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн төслийн хамт дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
