Шударга мэдээ
Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад арга хэмжээ авна

Өнөөдрөөс буюу энэ сарын 7-ноос эхлэн автобуснуудад суурилуулсан камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчиж журам зөрчсөн автомашинуудад зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор боллоо. Хотын төвийн гудамжаар том оврын автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулах шийдвэрийг 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мөрдсөөр ирсэн. Энэ журам төдийлөн хэрэгжихгүй байгаагаас замын түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна хэмээн иргэд шүүмжилдэг.
Иймд зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулагдсан тэмдэг бүхий эгнээгээр явж байгаад камер харангуутаа буцаж эгнээндээ орох гэж бусдад хүндрэл учруулдаг, халтуур хийж автобусны буудал дээр байнга зогсдог, явган хүний зам дээр машинаа орхиод явдаг зэрэг зөрчлүүдэд торгууль ногдуулахаар болжээ.
Шударга мэдээ
Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын нийт дөрвөн байршилд нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг буулгасан. Чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулж тохижилтын ажлыг тус тус гүйцэтгээд байна.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксдаймонд” ХХК, “Ай Вай И Зэт групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Шударга мэдээ
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо.
Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ дагуу чиглэл өгч ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаягдлыг хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Иймд, олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх тал дээр сургалт, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгааг мөн онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа.
Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.
Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.
Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Шударга мэдээ2022/03/24
Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай боллоо
-
Улстөр нийгэм2023/11/15
УИХ: Байнгын болон түр хороо хуралдана
-
Шударга мэдээ2024/06/18
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
-
Урлаг спорт2020/04/24
“Нандин нас” хүүхдийн киног гаргаж буй “Боловсрол суваг ТВ&rdq...