Үзэл бодол
Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшнээс давсан сайн гүйцэтгэлтэй байна

Монгол Улсын Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой 2024 оны нэгдүгээр улирлын макро эдийн засгийн гүйцэтгэлийн талаар ярилцлаа.
-2023 оны хувьд уул уурхайн жил болж, эдийн засаг эргэн сэргэлээ. Тэгвэл 2024 оны эхний улиралд эдийн засаг ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд дэлхий дахин эдийн засаг, санхүүгийн хувьд тааварлахын аргагүй олон сорилтуудтай тулгарлаа. Манай улсад эдгээр сорилтууд бусад хөгжиж буй улсуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн гэж бодож байна. Гэсэн хэдий ч Засгийн газар цаг тухайд нь оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд бид эдгээр сорилтуудыг амжилттай давж гарлаа.
Тухайлбал, Засгийн газар хил, гааль, тээврийн асуудлуудыг шийдвэрлэж, томоохон төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулсны үр дүнд өнгөрсөн онд Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортоллоо. Үр дүнд нь эдийн засагт эерэг дохио болдог төсөв, төлбөрийн тэнцлийн хос ашигтай гарч, валютын нөөц 5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Цаашилбал, инфляц зорилтот түвшинд хүрч тогтворжин, эдийн засаг 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ оны хувьд, эхний 2 сарын байдлаар уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын өсөлтийн нөлөөгөөр, эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүлсэн.
Мөн нэгдүгээр улирлын байдлаар, экспорт өмнөх оны өндөр түвшинд хадгалагдаж, гадаад валютын нөөц 5.2 тэрбум долларт хүрлээ. Түүнчлэн, төсвийн орлого өмнөх оноос 2.5 их наяд төгрөгөөр өсөж, тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна.
-Эдийн засгийн үзүүлэлтүүд эхний улиралд эерэг гарсан ч гадаад худалдаа буурсан байна. Үүнд юу голлон нөлөөлөв?
-Эхний улирлын байдлаар манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.доллар гарч өмнөх оноос 31.9 хувь буурсны гол шалтгаан нь импортын дүн өмнөх оноос 25 хувиар өсөж 2.4 тэрбум ам.долларт хүрсэн юм. Нэг талаараа импорт өсөж байгаа нь дотоодод эдийн засгийн идэвхжил сайн, хэрэглээ нэмэгдэж байгааг илэрхийлдэг.
Мөн экспорт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны түвшнээс 2.9 хувиар буурсан байна. Манай улсын нийт экспортын 60 орчим хувийг нүүрс, 14 хувийг зэсийн баяжмал, 2 орчим хувийг цайрын баяжмал бүрдүүлдэг. Эхний улирлын байдлаар цайрын баяжмал, нүүрсний экспорт буурсан нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой. Хэдийгээр бид нүүрсний биет хэмжээг өмнөх оноос 4 сая тонноор өсгөж, оны эхнээс 18 сая тн нүүрс экспортолж чадсан боловч Ганцмод боомтын үнэ тонн тутамд 193 ам.доллар болж өмнөх оноос 37 доллараар бага байгаа нь нүүрсний экспорт буурах шалтгаан болсон.
-Нүүрсний үнийн бууралтыг хэрхэн харж байгаа вэ? Цаашид үнийн талаар та ямар таамаглалтай байна вэ?
-Ерөнхийдөө манай коксжих нүүрсний үнэ нь БНХАУ-ын гангийн эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой гэж ойлгож болно. Өнгөрсөн 3 сарын хугацаанд БНХАУ-ын гангийн зах зээл уналтад орж, тус улсын дотоодын коксжих нүүрс хэрэглэдэг үйлдвэрүүдийн эрэлт суларснаар коксжих нүүрсний үнэ буурахад хүрлээ.
Хэдийгээр Ганцмод боомтын коксжих нүүрсний үнэ 3 дугаар сарын дунджаар 1,399 юань буюу 193 ам.доллар болж буурсан боловч Ковид-19 цар тахлын өмнөх үе болох 2019 оны мөн үеэс 33 хувиар өндөр байгааг дурдах нь зүйтэй.
Олон улсын байгууллагуудын төсөөллөөр нүүрсний үнэ цаашдаа тодорхой хэмжээгээр буурах хандлагатай ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын эрчим хүч, гангийн хэрэгцээ болон түүхий эдийн эрэлт өндөр хэвээр байхаар байна. Иймд нүүрсний үнэ буурсан ч биет хэмжээ буурахгүй гэж харж байна. Үүнээс гадна БНХАУ-ын гангийн эрэлт энэ оны 4 дүгээр сарын дунд үеэс сайжирч байгаа нь коксжих нүүрсний үнийг тогтворжуулж, ойрын хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг Sxcoal онцолсон.
-Та сая БНХАУ-ын гангийн эрэлт сайжирч байгаа талаар дурдлаа. Гэтэл зарим эдийн засагчид тус улсын эдийн засгийг төдийлөн сайжрахгүй байна, тодорхой эрсдэлүүд байна, үүнээс шалтгаалаад манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эрсдэл учирч болзошгүй гэж үзэж байна?
-Бид БНХАУ—ын эдийн засгийн нөхцөл байдал, дотоодод нь өрнөж буй нийгэм, улс төрийн үйл явдал, болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг тогтмол ажиглаж, судалгаа хийдэг. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь гэж танилцуулсан нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон. Үүнд цахилгаан машины үйлдвэрлэлтэй холбоотойгоор аж үйлдвэрийн салбарын өсөлт голлон нөлөөлжээ. Энэхүү тоон мэдээлэл зарлагдсаны дараагаар “Goldman Sachs”, “Citigroup” зэрэг олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг шинэчилж, 5.0 хувь болгон нэмэгдүүлсэн юм.
Мөн өнгөрсөн 3 дугаар сард БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ерөнхийлөгч Ши Жиньпин шинжлэх ухаан, техник технологид суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа талаар мэдэгдсэн. Энэ нь түүхий эдийн зах зээлд эерэг мэдээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цахилгаан машин, хагас дамжуулагч зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдаа ч үргэлжлэн өсөн нэмэгдэхийг илэрхийлж байна. Тэдгээр бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь зэс, ган учир манай түүхий эдийн экспорт тогтвортой байх дохиог өгч байна.
-Хэдийгээр нүүрсний үнэ буурч байгаа ч нөгөө талаас зэс, алтны үнэ харьцангуй өсөлттэй байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Энэ оны эхний улиралд зэсийн үнэ дунджаар 8,300 ам.доллар орчимд хэлбэлзэж байсан. Харин 4-р сарын 22-ны байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж дээрх зэсийн үнэ 9,815 ам.доллар болж сүүлийн 2 жилийн дээд хэмжээнд хүрээд байна. Үүнд БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сэргэж эхэлсэнтэй зэрэгцэн 3 дугаар сарын сүүлээс БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүд нийлүүлэлтээ бууруулах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байгаа. Улс орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгаа дэмжих бодлого болон цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь зэсийн эрэлтэд эергээр нөлөөлж, цаашдаа зэсийн үнэ тогтвортой хадгалагдах төсөөллийг олон улсын байгууллагууд гаргаж байна.
Харин алтны тухайд Ойрх дорнод болон зүүн европ дахь геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Төв банкууд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх болсон нь алтны үнийг өсгөж, дөрөвдүгээр сарын 18-нд үнэ 2,417 ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсөөд байна. Алт нь хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэгддэг тул алтны үнэ өсөх нь эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байгаа дохио гэж шинжээчид хардаг. Иймд бид гадаад орчны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, шаардлагатай тооцоо, судалгааг тогтмол хийж байна.
-Манай эдийн засагт уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж байна гэж та ярилаа. Тэгвэл энэхүү өсөлт нь төсвийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?
-Уул уурхайн салбарын орлого АМНАТ болон бусад татварын орлогуудаар дамжин манай төсвийн орлогын 30 хүртэлх хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Тухайлбал 2023 онд АМНАТ-ын орлого 4.2 их наяд төгрөгт хүрч дангаараа төсвийн орлогын 17 хувийг бүрдүүлсэн. Харин 2024 онд бид АМНАТ-ын орлого 4.5 их наяд төгрөгт хүрнэ гэж төлөвлөснөөс эхний улирлын байдлаар аль хэдийн 1.5 их наяд төгрөгийг бүрдүүлээд байна.
АМНАТ-ын орлогоос гадна энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 90 хувиар, НӨАТ-ын орлого 30 хувиар, НДШ-ийн орлого 10 орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Эдийн засаг идэвхжиж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч голлох татварын орлогууд өсөж байгаатай холбоотойгоор 2024 онд төлөвлөсөн нийт татварын орлогын 30 орчим хувь нь мөн бүрдээд байна. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарлаа.
-Эдийн засаг, төсвийн энэхүү өсөлт тэгвэл иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлээд, бизнесийн идэвхжил нэмэгдээд ирэхээр ажил эрхлэлт, цалин нэмэгдэж, улмаар иргэдийн амьжиргааг дэмжих суурь нөхцөл болдог. Үүнийг 2023 оны гүйцэтгэлийн тоо мэдээнүүдээс харж болж байна.
Нэгдүгээрт, Сангийн яам аж ахуйн нэгжүүдийн 2023 оны санхүүгийн тайланг цахим тайлангийн системээрээ авч, тодорхой тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд цахим тайлангийн систем дэх бизнесийн байгууллагуудын хөрөнгө өмнөх оноос 22 хувиар, цэвэр ашгийн хувь 11.2 хувьд хүрч өсөн цах тахлын өмнөх өсөлтийн түвшинд хүрсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын 2023 оны татвар төлөлтийн тайлангаас харахад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо 8 хувиар өсөж, үүнээс 6 тэрбумаас дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 27 хувиар, 1.5-6 тэрбумын борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн тоо 19 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Хоёрдугаарт, хөдөлмөрийн зах зээлд нийт ажиллагчдын тоо 38.6 мянгаар өсөж 1.2 саяд хүрчээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо ч мөн 33 мянгаар өсөж 730 мянга хүрсэн бөгөөд дундаж цалин нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ажил эрхлэлт өссөн, бизнесийн ашигт ажиллагаа сайжирсан, ажилчдын дундаж цалин нэмэгдсэн нь иргэдэд эдийн засгийн өсөлтийг бодитой хүргэх, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх гол суваг болж байна гэж үзэж байна.
-Сүүлийн жилүүдэд инфляц гол сорилт байлаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас тодорхой ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд үүссэн сорилтууд нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг хөөрөгдөж 2022 оны 6 дугаар сард манай улсын инфляц 16.9 хувьд хүрсэн. Тус инфляцын задаргааг харвал 9.9 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалж байсан. Өөрөөр хэлбэл манай улсад импортоор орж ирж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь инфляцын суурь шалтгаан болж байв. Тиймээс үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас гаалийн албан татварыг хөнгөлөх, нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох гэх зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлснээр инфляц аажмаар саарч 2024 оны 3 дугаар сард 7 хувьтай гарлаа.
Хэдийгээр импортын гаралтай инфляц буурсан боловч дотоодын хүнсний бүлгийн үнийн өсөлт өндөр хэвээр байна. Үүнд хамгийн гол нөлөө үзүүлсэн нь гурил болон махны үнэ байгаа юм. Тухайлбал, 2024 оны 3 дугаар сард үхрийн махны үнэ өмнөх оны мөн үеэс 15, дээд гурилын үнэ 14 хувиар тус тус нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар гурил, махны үнийг бууруулах чиглэлд ажиллаж байна.
-2024 оны эхний улиралд нэгдсэн төсөв 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрсэн, валютын ханш, инфляц тогтворжсон зэрэг эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд эерэг дүр зурагтай гарсан талаар та хэллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байгаа вэ?
-Энэ оны үлдсэн хугацаанд гаднаас гэнэтийн томоохон шок үүсэхгүй бол эдийн засгийн өсөлт хадгалагдаж, 6 орчим хувиар өсөх төлөвтэй байна.
Засгийн газар ирэх 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулаад байна. Хуулийн хугацаагаар тавдугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барих ёстой бөгөөд төсөлд Шинэ сэргэлтийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 7-8 хувьд хадгалах боломжтой гэж тооцож байна. Үүнд уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлөх бөгөөд дотоодын худалдаа, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өсөлтийг дэмжинэ гэж төсөөлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Сангийн яам
Үзэл бодол
О.Батнайрамдал: Бакалаврын төвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын төвшинд бол зээл олгохоор зохицуулах нь зөв байна
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?
-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?
- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.
Тэгэхээр бакалаврын төвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан төвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан төвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.
- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?
- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм.
-Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
Үзэл бодол
Харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр орны төрийн тэргүүн оролцож, харилцан хөрөнгө оруулж, хамтран ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.
Хоёр Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,
Эрхэм хүндэт бизнесийн төлөөлөгчид өө,
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр бизнес форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар үзэсгэлэнт сайхан Чех Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын хамтарсан бизнес форумыг Эрхэм Ерөнхийлөгч тантай хамтран нээж байгаадаа баяртай байна.
Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй хэдий ч хоёр орны ард түмний харилцаа, худалдаа, эдийн засгийн харилцаа үүнээс ч олон жилийн түүхтэй билээ.
1920-иод оны эхээр тухайн үеийн Чехословак иргэд манай улсад анхны шар айрагны үйлдвэр байгуулах, цахилгаан холбоо суурилуулахад гар бие оролцож байсны зэрэгцээ Замын-Үүд чиглэлийн зургаан морин өртөөг хоёр иргэн зургаан жилийн хугацаатай түрээсэлж байсан мэдээ байдаг.
1990 оныг хүртэлх хугацаанд Чех Улс нь манай улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хоёр дахь том түнш байсан бөгөөд уул уурхай, ашигт малтмал, дэд бүтэц, аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, барилгын салбарт хамтран ажиллаж байсан түүхэн уламжлалтай.
Тиймээс энэ уламжлалаа өнөө цагт улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа онцлон хэлье.
Чехийн “Шкода” автомашин, “Кароса” автобус, “Ява” мотоцикль, “Татра” хүнд оврын машин, гутал, буу зэвсэг, болор, шаазан эдлэл зэрэг нь монголчууд бидний хэзээний танил, хэрэглэж сурсан бараа, бүтээгдэхүүн бөгөөд эдгээрийн цаана “чех чанар” гэсэн ойлголт ямагт хамт байдаг билээ.
Чехийн Засгийн газар 1996-2017 онд манай улсад 50 гаруй сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлсэн нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулсан. Энэ хамтын ажиллагааг цаашид улам харилцан ашигтай хөгжүүлэхэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн төрийн айлчлалаар хоёр улс “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Хамтарсан тунхаглал” гаргасны зэрэгцээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд чехийн дэвшилтэт техник, технологи, ноу-хау, инновац нутагшуулж, бизнес эрхлэгчдээ дэмжихээ илэрхийллээ.
Монгол Улсын төр, засаг “Халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод” шилжих суурь шинэчлэл хийж байна. Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ хүрээнд аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч, эдгээр санал, санаачилга, зорилтыг хэрэгжүүлэхэд бидний найдвартай түнш, өндөр аж үйлдвэржсэн чехийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй.
Энд хуран чуулсан бизнес эрхлэгч та бүхэнд ч бидэнтэй хамтран ажиллах хүсэл, сонирхол дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэл хийж байгааг хэлэхэд таатай байна.
Далайд гарцгүй манай хоёр улсын хувьд ачаа бараа тээвэрлэлт бидний тулгамдсан асуудал байдаг билээ. Монгол Улс төмөр зам, автозам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг “гуравдагч хөрш” улсуудтай өргөжүүлэн хөгжүүлэх зарчим баримталж байна.
Чехийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг эрэлхийлэх сонирхолтой байна.
Хоёр улсын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч манай экспортын хэмжээ чамлалттай хэвээр байна. Иймд Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, бизнесийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалж байна.
Бизнес форумыг зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагуудад гүн талархал илэрхийлье.
Та бүхнийг Монгол Улсад хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг урьж байна.
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Эрхэм сайд Липавский,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Өнөөдөр Чех-Монголын бизнес форумын нээлтэд оролцож, үг хэлэх завшаан тохиож байгаад баяртай байна.
Хоёр талаас ийм өндөр ирцтэй оролцоно гэж төсөөлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс хэдийгээр хүн амын хувьд жижиг зах зээл хэдий ч манай аж ахуйн нэгжүүдийн хувьд маш сонирхолтой зах зээл болсны илрэл гэж үзэж байна.
Бизнес форумыг зохион байгуулсан хоёр талын бүх хүн, байгууллагад талархал илэрхийлье.
Монгол бол бидний олон арван жил хамтран ажиллаж ирсэн уламжлалт түнш юм. Өнөөдөр миний бие Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хэлэхдээ, Монгол Улсын үйлдвэржилт, хөгжилд манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулсанд бахархаж явдгаа илэрхийллээ.
Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн Чехословакийн геологичид, Улаанбаатарын томоохон эмнэлгүүдийн нэгийг барьсан инженерүүд, цахилгаан станцуудад ажилласан мэргэжилтнүүдийг энд дурдаж болно.
Эрдэнэт бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон. Чехийн аж ахуйн нэгжүүд энд орон сууц барьж, дулаанаар хангаж, үйлдвэр барихаар төлөвлөж, чех шар айраг хүртэл исгэж байна.
Бид аж ахуйн нэгжүүдээ зөвхөн бараа, бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй, Монголын эдийн засагт бодитой, урт хугацааны нэмүү өртөг бий болгохын төлөө зорьж ажиллахыг дэмжиж ирсэн.
Бид үүнийг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа нь гарцаагүй. Энэ бизнес форум, бизнес эрхлэгчид ч үүнд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр 70 шахам жил хамтран ажиллаж байгаа шигээ хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, барилга, усны менежмент, байгаль орчныг хамгаалах, батлан хамгаалах, тээвэр зэрэг бусад салбарт ч хамтарч ажиллах хүсэлтэй байна.
Энэ танхимд байгаа чехийн аж ахуйн нэгжүүд энэ талаар ярилцахад бэлэн байна. Бидний харилцан яриа гэж нэрлэдэг зүйлийг зөвхөн улстөрчид бус бизнесменүүд, эрдэмтэд, тамирчид, аялагчид бий болгодог.
Иймд өнөөдөр та бүхэн эдгээрийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд бодит ажлууд хийгдэж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Үзэл бодол
Ц.Идэрбат: Малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Иймд хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор байгуулан, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, гишүүдэд Ж.Батжаргал, С.Ганбаатар, Р.Сэддорж, У.Отгонбаяр нар ажиллаж байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатаас чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн үйл ажиллагааны явц байдлын талаар зарим зүйлийг асууж тодрууллаа.
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх, сайжруулах цаг үеийн хэрэгцээ шаардлага нь юу байгаа бол…?
-Хөдөө аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний 10-12 хувь, ажиллах хүчний 27-28 хувийг бүрдүүлдэг томоохон салбар. Ялангуяа мал аж ахуй нь газар нутгийн хувьд томоохон га талбайг эзэлж, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон талын онцлогоос шалтгаалсан өндөр эрсдэлтэй салбар. Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Улмаар Улсын Их Хурлаас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлан хэрэгжүүлснээс хойш 10 жил болж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ““Алсын хараа-2050” хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны хүрээнд хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, гэнэтийн эрсдэлээс учирч болох эдийн засгийн хохирол, эрсдэлийг бууруулна” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг өөрчлөн, уян хатан тогтоох, улмаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан малын хорогдлын дүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох хоёр томоохон зохицуулалтыг тусгасан байгаа.
-Ажлын хэсгээс хуулийн төслийг сайжруулахаар хэрхэн ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хоёр, дэд ажлын хэсэг нэг удаа хуралдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг сайжруулахын төлөө ажиллаж байна, бид. Учир нь УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл тул тэдний дэвшүүлсэн саналыг төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, Сангийн яамнаас өгсөн мэдээллээр уг даатгалын системийн 80 хувийг арилжааны хоёрхон банкаар дамжуулан хамруулсан байдаг. Мөн бодит амьдрал дээр малчид зээл авах, эсвэл шагналын бүрдүүлбэрт ашиглах үүднээс даатгалд хамрагдсаар иржээ. Өөрөөр хэлбэл, малчдыг даатгалд бүрэн хамруулах, эрсдэлээс хамгаалах үндсэн агуулгадаа чиглээгүй байна гэж үзэж болно. Иймд Ажлын хэсгээс тооцооллыг сайтар нягтлан үзэх улмаар даатгалын нөхөн төлбөр олгох 6 хувийн босго үзүүлэлтийг бууруулах зайлшгүй шаардлагатай гэдэгтэй санал нэгтэй байна. Мөн олон жил даатгалд хамрагдсан иргэд даатгалын үр шимийг огт үзээгүй байх жишээтэй. Иймд тогтмол даатгалд хамрагдсан малчдад нэг удаа нөхөн төлбөрийг нь ахиухан олгох, урамшуулал, хөнгөлөлт олгох зэргээр уян хатан зохицуулалтыг тусгахаар зорьж байна. Мөн ажлын хэсгээс малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчдын даатгалын мөнгө ямар сангуудад хуваарилагдаж, хэдэн төгрөгийн хураамж авч байгаа зэргээр санхүүгийн схемийг тодорхой болгоход чиглэж ажиллана.
-Хуулийн төсөлд малын индексжүүлсэн даатгалыг албан журмын даатгал болгохоор өөрчилсөн мэт мэдээлэл иргэдийн дунд түгсэн. Энэ асуудалд таны байр суурь?
-Ийм ташаа ойлголтууд байгаа. Тиймээс нэг зүйлийг онцлон хэлэхэд малын индексжүүлсэн даатгал цаашдаа ч албан журмын даатгал болохгүй гэдгийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд албан ёсоор хэлье.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд төрөөс хөнгөлөлттэй зээл авч байгаа нөхцөлд даатгалд хамрагдах шаардлагатай гэсэн зүйлийг “Үндэсний давхар даатгал” ХК-ийнхны зүгээс тусгасан байсан. Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үед гишүүд даатгалыг албан журмынх мэт ойлгогдохоор хуульчлан тусгаж болохгүй, журмаар зохицуул гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Гэхдээ нийгэмд ийм ташаа ойлголт төрүүлэх болсон бас нэгэн шалтгаан нь малчид банкнаас зээл авахад даатгал шаарддаг нь албан журмынх мэт ойлголтыг төрүүлдэгтэй холбоотой. Мөн нэг даатгалын компанид даатгуулсан байхад тухайн банк түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй заавал өөрийн санал болгосон команид даатгуулахыг шаарддаг. Энэ нь нэг бус компанид давхар даатгал хийлгэхээс эхлээд малчдад чирэгдэл үүсгэдэг талаар гомдол санал их ирдэг.
Эцэст нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан журмынх болгох агуулгыг тусгаагүй, ажлын хэсгийн хуралдаан дээр ч ийм зүйл яриагүй, ярих ч үгүй гэдгийг тодорхой хэлье.
-Чуулганы завсарлагаанаар хуулийн төслийн талаар санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үйл ажиллагаа хэр эрчимтэй өрнөж байгаа болон малчдын зүгээс даатгалтай холбоотой ямар саналыг дэвшүүлж байна вэ?
-Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгийн гишүүд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцогч талууд болох малчид, даатгалын компаниуд, банк, даатгалын зуучлагч нартай уулзалт зохион байгуулах, бүсчилсэн байдлаар орон нутагт ажиллаж байна. Мөн анх 2014 онд хуулийн төслийг боловсруулж байсан эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний саналыг сонсоно.
Түүнчлэн хуулийн төслийг танилцуулах, малын индексжүүлсэн даатгалын хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар малчид, даатгуулагч бусад этгээд, даатгагч нараас санал, асуулга авах зэрэг ажлын хэсгийн баталсан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Тухайлбал, миний хувьд орон нутгийн баг, малчдын хотонд очиж иргэдийн төлөөлөлтэй уулзан хуулийн төслийн талаар танилцуулж, саналыг сонсон ажиллаж байна. Өнгөрсөн онд зүүн бүсэд тохиосон байгалийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахад малын индексжүүлсэн даатгал тодорхой хэмжээнд нэмэр болсон гэж малчид ярьж байна. Малчид Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийг илүү сайжруулж, ахуй амьдралд нь ойр, бодитой хэрэгжихэд анхаарч ажиллахыг хүсэж байна. Тодруулбал, олон жил малын индексжүүлсэн даатгал төлсөн малчдад тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгох асуудлыг төсөлд тусгах шаардлагатай талаарх саналыг олонтаа хэлж байна. Мөн зудын нөхцөл байдал сум, орон нутгийн багуудад хамрах хүрээ нь харилцан адилгүй байдаг тул малын хорогдлын босго үзүүлэлтийг уян хатан тогтооход илүү анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
-Ажлын хэсгийн ажлын үр дүнг хэрхэн тооцоолж байна вэ?
-Ажлын хэсгээс ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гэхэд хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Ажлын хэсгийн гол зорилго амьдралд ойрхон, малчид даатгалын мөн чанарыг ойлгож, итгэдэг, тэдэнд үр өгөөжөө өгдөг даатгалын эрүүл схемийг бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
-
Цаг үе2024/01/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Улстөр нийгэм2021/02/23
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ КОВИД-ын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хи...
-
Улстөр нийгэм2021/03/22
Б.Сарнай тэргүүтэй хохирсон иргэд хонгилын шүүгчийг 48 цагийн дотор түдгэлзүүлэн...
-
Улстөр нийгэм2021/06/17
Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна