Улстөр нийгэм
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.
Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулсан, хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай.
Номын удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга, агуулгыг нь ойлгомжтой байдлаар тайлбарласан юм.
Номыг түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран 2022-2023 онд, жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирдсан.
“Монголын нууц товчоон” нь Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүний амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээлд тооцогддог.
Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.
“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.
Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн юм.
Мөн номын сангуудад Угсаатны зүйч Б.Отгонбаатарын “Монголын угсаатны зүйн судалгаа I, II” ботийг хүлээлгэн өглөө.
I ботид монголчуудын оршуулгын зан үйл (ХХ зуун), малчдын нүүдэл, нүүдэллэх уламжлал (ХХ зууны эцсээс ХХI зууны эхэн) зэрэг нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл, дурсамж, II ботид хээрийн шинжилгээ, эх хэрэглэгдэхүүн болон дурсамж зураг зэрэг багтжээ.
Улстөр нийгэм
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.
Зөвлөл нь үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ шуурхай авах, нөөц, чанар, үнэ бүрдэлтэд хяналт тавих, зорилтот стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, яамд хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад ороход оновчтой шийдэл болно гэж үзжээ.
Улстөр нийгэм
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэ суманд цасны зузаан 20 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор (5 аймгийн 7 суманд) цагаан зудтай, Увсын Өндөрхангай, Завханы Цэцэн-Уул, Түдэвтэй, Тэс, Өвөрхангайн Сант, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Баяннуур, Хангал, Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Дархан-Уулын Орхон, Төвийн Цээл, Угтаалцайдам, Дорнодын Дашбалбар, Гурванзагал, Сэргэлэнд цагаанаар зудархуу (9 аймгийн 17 суманд) байдалтай, цаашид сумдын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
Түүнчлэн зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа тул эдгээр бүсийн өвөлжилт, хаваржилтад анхаарал хандуулах шаардлага байгааг илэрхийлж байна.
Улстөр нийгэм
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
Газар зүйн нэрийн асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг, Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг хойч үедээ өвлүүлэн ашиглуулах үүрэгтэй юм.
Газар зүйн нэр нь аливаа улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн байдлын үндэс бөгөөд улсын хил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагийг тогтоох, хаягжуулах, бүх төрлийн масштабтай газрын зураг, атлас дээр тэмдэглэн олон нийтэд таниулахаас гадна иргэд төрсөн газар нутгаа байршлаар нь хайж олох зэрэг олон чиглэлээр ашигладаг чухал зүйл юм.
Газар зүйн нэрийн тодруулалтын ажил улс орон даяар хийгдэж байгаа бөгөөд 17 аймгийн 134 сум, нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж дуусаад байна.
-
Цаг үе2023/03/30
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Цаг үе2023/11/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уул...
-
Шударга мэдээ2020/06/29
Хоёр алба хаагчийг гэр, хашаатай болгов
-
Цаг үе2020/04/24
Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна
