Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцах болсонтой холбогдуулж 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч уулзлаа. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Кобаяши Хироюкид Монголын ард түмнийг төлөөлж Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ноён Элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг зэрэг бүх салбарт өргөжин хөгжиж шинэ шатанд гарсан. Хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласныг онцоллоо.

Ялангуяа, цар тахлын хүнд үеийг Япон Улс Монголын ард түмэнтэй хамт даван туулж, 25 тэрбум иений хөнгөлөлттэй, яаралтай тусламжийн зээл олгосон. НҮБ-ын Хүүхдийн сан /UNIСEF/-гаар дамжуулан шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 2 сая 300 мянга орчим тун файзер /Pfizer/ вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд Элчин сайдын хувиар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэлээ.

Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ажил хэрэгчээр хамтран ажилласандаа баяртай байдгаа илэрхийлэв. 2021 оны долдугаар сард Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлт болон 2022 оны есдүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон нь Монголын ард түмний элгэмсүү, найрсаг нөхөрлөлийн илэрхийлэл болсон гэдгийг тэмдэглэв.
Мөн “Монгол Улс миний хувьд эх орноос минь өөрцгүй, хүндтэй сайхан орон. Миний сэтгэл зүрхэнд чухал байр суурь эзэлдэг. Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын нөр их хүчин чармайлтын үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа. Коронавируст халдварыг бид хамтдаа богино хугацаанд даван туулж чадсан. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ

Огноо:

,

АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.

Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.

Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.

Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна. 

Эх сурвалж: ГИХГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.

Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.

Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.

Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.

Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.    

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжинэ

Огноо:

,

Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40 хувь, эх үүсвэр тогтоогдсон үйлдвэрийн бохирдол 19 хувь, эх үүсвэр үл тогтоогдсон бохирдол 36 хувь, хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлдэг.

Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд бохирдол үүсгэхэд ихээхэн нөлөөлж байна.

Тиймээс бохирдуулагч үйлдвэрүүдийг бүртгэлжүүлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлэх ажлуудыг зохион байгуулахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болголоо.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сараалжийн байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг. Үүнд нойтон хуурай салфетка, усанд уусдаггүй 00-ын цаас, үйлдвэрийн хог хаягдал, үс, ноос, хялгас, малын гаралтай дотор гэдэс, сэвс, цустай ус, өөх тос болон механик, органик бохирдлын агууламж өндөртэй бохир ус хамгийн ихээр бохирдлыг үүсгэдэг байна.

Улаанбаатар хотод 470 боловсруулах чиглэлийн үйлдвэр, 131 эмнэлэг, 170 ресторан, цайны газрыг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулж байна. Гэсэн хэдий ч урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байдаг аж. Урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, ААН-үүдийг дэмжиж ажиллахаа хотын дарга Х.Нямбаатар хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол12 цаг 8 минут

Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэ...

Үзэл бодол12 цаг 13 минут

Г. Агааноров: “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн...

Улстөр нийгэм12 цаг 16 минут

АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсы...

Цаг үе12 цаг 18 минут

Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад...

Цаг үе12 цаг 21 минут

Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна

Цаг үе12 цаг 24 минут

Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлд...

Цаг үе12 цаг 33 минут

Үер, усны аюулаас болгоомжил!

Цаг үе13 цаг 3 минут

Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд...

Цаг үе13 цаг 6 минут

УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь

Шударга мэдээ13 цаг 21 минут

МИАТ: Цаг уурын онцгой нөхцөлөөс шалтгаалан нислэгийн цагийн хуваарь...

Санал болгох