Цаг үе
Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байна

Ирэх зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна, хур тунадас Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Цаг үе
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.