Цаг үе
ШӨХТГ: Өнгөрсөн сард 21 иргэний хохирлыг барагдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн тавдугаар сард нийт 379 иргэн хандсанаас 115 утсанд 324, чатботод 21, и-баримт аппликейшнд 24, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 10 гомдол мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 349 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 5 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 4 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 21 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 6.556.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх нь худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, банк, санхүү, даатгалтай холбоотой асуудлаар иргэд, хэрэглэгчид хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
Цаг үе
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.