Улстөр нийгэм
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.
Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.
Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.
Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ. Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Улстөр нийгэм
Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.


