Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
2024 оны долоодугаар сарын 22-ноос долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 28, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18..23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 23-нд дуу цахилгаантай, бага зэргийн аадар бороо, 24, 25-нд бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Цаг үе
“Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна.
Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, ногоон байгууламжийг цогцоор нь шийдсэн бүтээн байгуулалтыг хийх юм.
Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зөвлөх, багийн ахлагч Вальтер Отто Франкенбергер “Иж бүрэн гудамж” төслийн уг замууд нь сургууль, цэцэрлэг ихтэй суурьшлын бүсэд хэрэгжиж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч бүх талын аюулгүй байдлыг хангасан жишиг гудамж, зам болгон хөгжүүлэхийг зорьж байна. Тус хоёр замыг энэ оны долоодугаар сарын 25-нд ашиглалтад оруулна. Өнөөдрийн байдлаар замын хашлага, трассын өөрчлөлтийн ажлыг хийж дуусаад байна. Үргэлжлүүлэн асфальтан хучилт болон зорчих хэсгийн ажлуудыг хийнэ.
Иргэдийн дунд буруу ойлголт үүсгээд буй “Муруй” хашлага бүхий хэсгүүд нь явган хүний гарцтай холбоотой шийдэл. Тодруулбал, явган хүний гарц орчимд замын хашлага өндөрсөж, зам бага зэрэг мурийснаар жолооч нар хурдаа сааруулж, анхаарал болгоомжтой зорчих нөхцөл бүрдэх юм. Энэ нь тээврийн хэрэгсэл гарцаар хэт өндөр хурдтай нэвтрэхээс сэргийлж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилготой. Мөн тухайн хэсгүүдэд аюулгүйн арал, замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гүйцээж хийнэ. Ажил бүрэн дууссаны дараа замын зохион байгуулалт илүү ойлгомжтой болно” гэв.
Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг иж бүрэн гудамж байдлаар шинэчилснээр замын чанар сайжирч, орчны тохижилт нэмэгдэн, иргэдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин бүрдэх юм.

Цаг үе
ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хууль сахиулах байгууллагуудын хэмжээнд хэрэгжүүлж буй хүний эрхийн сургалт, нөлөөллийн ажлын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудыг тусгасан.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2025 оны 77 дугаар тогтоолын 6.3-д хууль сахиулагч бэлтгэх сургалтын тогтолцоо, хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийх, хүний эрхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Энэ арга хэмжээний хүрээнд хүний эрхийн боловсролын үзэл баримтлал, агуулга, арга зүйг төрийн цэргийн болон хууль сахиулах сургалтын байгууллагуудын сургалтын үйл явцад бүрэн хэвшүүлж, ахлагч, офицер, удирдах ажилтан бэлтгэх бүх түвшний сургалтын хөтөлбөрт тусган баталгаажуулж, тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах зорилгоор “Аюулгүй байдлыг хангах үйлчилгээ(103)” чиглэлийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн үнэлгээ хийж байна.

Эдгээр сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийж, сайжруулснаар батлан хамгаалах, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвших, алба хаагчдын хүний эрхийн чадамжийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, үнэлгээний багийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль болон Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын төвийн удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, үнэлгээний ажлын удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.
Цаг үе
Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ
АНУ-ын Нью-Жерси мужид зорчигч тээврийн онгоц буух үеэрээ зам дагуух гэрлийн шонг мөргөсөн хэрэг гарчээ. Холбооны Нисэхийн захиргааны мэдээлснээр, уг хэрэг орон нутгийн цагаар 2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 14:00 цагийн орчимд болж, Юнайтед Эйрлайнсийн 169 дугаар нислэг Ньюарк хотын нисэх буудалд буух үедээ Нью-Жерси мужийн хурдны замын хажуугийн гэрлийн шонтой шүргэлцжээ.
Италийн Венец хотоос ниссэн тус Бойнг 767 онгоц мөргөлдсөн ч хэвийн газардаж, зорчигч болон багийн гишүүд гэмтээгүй байна.
Харин онгоц шонтой мөргөлдөх үед замаар явж байсан ачааны машины жолооч бага зэргийн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ. Одоогоор онгоцонд учирсан гэмтлийг шалгаж, нислэгийн багийг түр хугацаанд үүргээс нь чөлөөлөөд байна. Мөн National Transportation Safety Board болон холбогдох байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.
