Улстөр нийгэм
Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.
Энэхүү станцыг байгуулах гэрээг өнгөрсөн сарын 06-нд байгуулсан бөгөөд өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.
Төвийн болон дорнод бүсийг эрчим хүчээр хангах гол зангилаа нь Багануур дүүрэг учраас энэхүү Батарей хураагуурын станц ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, өдрийн оргил ачааллын үед төвийн системд буцаагаад нийлүүлэх тохируулгын систем бий болно. Цаашид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгож, батарей хураагуурын станцтай холбохоор төлөвлөж буйгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүтээн байгуулалтын хүрээнд батарей станц, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам, багануур дэд станцын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ. Монгол Улсын хилээр эрчим хүчний хуримтлуур батарейны эхний хэсэг орж ирсэн бөгөөд суурилуулалтын ажил эхэлсэн. Батарей хураагуурын станц нь бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудтай харьцуулахад богино хугацаанд суурилуулдаг. Засвар, үйлчилгээг тогтмол хийснээр батарейн станц нь 20-иос дээш жил ажиллах бүрэн боломжтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байв.
Батарей хуримтлуурын станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын тэргүүлэгч “Энвижн энержи”, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компаниуд ажиллаж байна. “Энвижн энержи" компани нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, салхин сэнс, эрчим хүчний хуримтлуур буюу батарей үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниудын нэг аж.

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Үүний эхний блок буюу 150 МВт хүчин чадалтай станцыг өнөөдөр ашиглалтад хүлээж авсан. Үүн дээр нэмэгдээд 2027 онд ашиглалтад оруулахаар Төв аймгийн Баян суманд баригдаж эхэлсэн 660 МВт-ын цахилгаан станц, мөн Багануурын Батарей хуримтлуурын 50 МВТ-ын станцыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулснаар нийслэлд дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлж 2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах Засгийн газрын зорилт биелнэ гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Улстөр нийгэм
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Улстөр нийгэм
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.


Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.
Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.



“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.
Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.









Улстөр нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Шударга мэдээ2022/03/22
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засги...
-
Цаг үе2021/01/29
Хүнс, худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна
-
Шударга мэдээ2022/01/25
Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна
-
Улстөр нийгэм2023/11/16
ЗГ: Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулж, журмыг баталлаа
