Улстөр нийгэм
УИХ-ын тогтоолын төслийг баталж, 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонслоо
УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан холбогдох хууль, Монгол УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Монгол УИХ-ын 2024 оны “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” 38 дугаар тогтоол, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 39 дүгээр тогтоол, ““Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-д нэмэлт оруулах тухай" 40 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 41 дүгээр тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсныг дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан дээрх хууль, Монгол УИХ-ын тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт заасныг баримтлан Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолыг хүчингүй болсонд тооцохыг дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, О.Номинчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газар, Сангийн яам төсвийн алдагдалгүй хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай гээд хуулийн төслүүдийг хэдий хугацаанд хэлэлцэн батлах талаар тодорхой зохицуулах нь зүйтэй гэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа аймаг, нийслэл, орон нутаг төсвөө ирэх оноос өмнө хэлэлцэн батлахад хугацаа тулсан байгааг бодолцож, Засгийн газар төсвийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналтай байлаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярбаатар төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, хэлэлцэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, Байнгын хороод дор бүрнээ алдаа гаргахгүй байхад онцгой анхаарч, ажиллах шаардлагатай хэмээсэн.
Харин Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газраас төсвийн төслийг шинээр өргөн мэдүүлсэн нөхцөлд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ талаар зохицуулалт байхгүй. Уг хуульд Засгийн газраас төсвийн тухай хууль эсвэл төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэхтэй холбоотой зохицуулалт бий. Төсвийн төсөл маш нарийн дэгтэй тул 12 дугаар сарын 10-ны өдөр гээд яаралтай хугацаа заавал төсвийн төслийг бэлтгэж амжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Сангийн сайдын хэлсэн саналтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариу тайлбар хийв. Тэрбээр, Бид Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг л баримтлах ёстой. Хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8 дахь хэсэгт нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, хоёрдугаарт шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно гэсэн хоёр зохицуулалтыг тусгасан байна. Үүнээс өөр дэг зохиовол асуудал үүсгэнэ гэсэн хариулт өгсөн юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслүүдийн санал хураалтыг гар өргөн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шатруу шилжүүлэх Байнгын хороодын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 70 гишүүний 68 нь дэмжлээ.
Иймд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно.” гэж мөн уг хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно.” гэснийг уншиж, танилцуулав.
Ингээд дээр дурдсан 6 хууль, 1 тогтоолын төсөл тус бүрээр эцэслэн батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул эцсийн найруулгыг сонслоо.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


-
Улстөр нийгэм2020/09/28
Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газарт ажиллалаа
-
Улстөр нийгэм2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргө...
-
Улстөр нийгэм2021/06/30
Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд баяр хүргэж, амжи...
-
Улстөр нийгэм2022/04/05
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
