Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЭЗБХ: Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 09-ний хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр эхэлж, Сангийн сайд Б.Жавхлан төслийн талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлаас “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн.

Төсвийн төслийг дахин боловсруулахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмжийг бууруулахгүй байх зарчмыг баримталсан хэмээн Сангийн сайд танилцуулав. Мөн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж зэрэг өрхийн орлогыг дэмждэг төсвийн бүхий л зардлуудыг хэвээр үлдээжээ. Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос төсвийг нь хянаж, ирүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн зарим байгууллагын урсгал зардлыг бууруулаагүй байна.

Харин зардлыг бууруулах хүрээнд төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулсан гэв. Тодруулбал, салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг бууруулсан байна.

Соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагын үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг хассан байна.

Мөн эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад байгууллагын тээвэр, шатахууны зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулжээ.

Эдгээрээс гадна  байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын  тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар ашиглалтын зардлыг тус тус 10 хувиар бууруулахаар төсөлд тусгажээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг нь эхлүүлсэн төслүүдийг яаралтай дуусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгасан. Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулахаар төсөл санаачлагч шийдвэрлэжээ. Мөн зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулахаар төлөвлөсөн байна. Гадаад зээлийн ашиглалтыг бууруулж, хэлэлцээрийн шатанд байгаа Үндэсний хиймэл дагуулын төсөл болон бусад төслийн зээлийн ашиглалтыг хойшлуулах юм байна. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгаж байгаа аж.

Нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцсон гэлээ. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн эерэг байхаар төлөвлөснийг Б.Жавхлан сайд танилцуулав.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан нь ач холбогдолтой болсон” хэмээн тэмдэглэв. Үргэлжлүүлэн тус Байнгын хороонд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Эрчим хүчний сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга зэрэг төсвийн 10 ерөнхийлөн захирагчийн төсвийн орлогыг 529.9 тэрбум төгрөгөөр, зарлагыг 2,612.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлал, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн боловч анхаарах шаардлагатай зургаан асуудал бий гээд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав дэлгэрэнгүй танилцууллаа.  

Хуралдаанд оролцож буй гишүүд Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт авсан.

Мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх, үүнтэй уялдан зээлийн хүүг бууруулах, бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг Ж.Ганбаатар гишүүн асууж, Л.Гантөмөр сайдаас хариулт авав. Засгийн газрын зүгээс төсвийн зардлыг бууруулснаар мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулах зорилт тавьсан хэмээн хариуллаа. Ипотекийн зээл, тэр дундаа ногоон орон сууцыг дэмжих санхүүжилтийг хэрхэн тусгасан талаар П.Сайнзориг гишүүн тодруулахад “Ногоон орон сууцны хөтөлбөр үргэлжилнэ. Суурь нь амжилттай тавигдсан, санхүүжилтийн схемийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байна. Дотоодын банкуудын эх үүсвэр, МИК корпорацын нэгэнт бий болсон санхүүгийн энэ дэд бүтцийг ашиглан үргэлжлүүлнэ. Үүн дээр дэд бүтэц талаасаа хувийн хөрөнгө оруулалтуудыг дэмжих, өртгийг бууруулах зорилгоор орон нутаг, аймгуудад дэд бүтэц барих, ялангуяа нийслэлээс шилжин суурьшсан, тэндээ тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс байшинг биш харин дэд бүтцийг шийдэх санхүүжилт төсвийн төсөлд хангалттай тусгагдсан. Мэдээж таналтын хүрээнд 20 хувь буурч, 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүний дээр Баялгийн сангаас Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулар хуваарилалтаар багадаа 300-400 тэрбум төгрөгийн эх үүсвэр нэмэгдэнэ. Үүгээр ногоон орон сууцны хөтөлбөрийг голлон санхүүжүүлэх байх” гэдэг хариултыг Сангийн сайд өгсөн. Б.Мөнхсоёл гишүүн аудитын дүгнэлтээс үндэслэн асуулт асууж, төсөл дэх зарим төрлийн зардлын багцын задаргааг тодорхой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Б.Найдалаа гишүүн Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдаас өргөн мэдүүлсэн төсвийн хүрээнд ирэх онд үйл ажиллагаагаа явуулахад ямар нөлөө гарахаар тооцож байгааг, зайлшгүй шаардлагатай ч хасагдсан санхүүжилт бий эсэхийг тодруулж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ж.Алдаржавхлан, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж нар асуулт асууж, Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Байнгын хороонд хамаарах төсвийн 10 ерөнхийлөн захирагчаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Ийнхүү Эдийн засгийн байнгын хорооны гишүүд төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэв. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцээд, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.10.03/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 76 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын /2025.10.01/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох

· Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

· Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.26-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

15.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төсвийн байнгын хорооны хуралдаан  үргэлжилнэ.

· Байнгын хорооны тогтоолын төсөл  /Ажлын хэсэг байгуулах тухай/

-

“Жанжин Д.Сүхбаатар”

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох