Улстөр нийгэм
АҮББХ: Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонслоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр технологийн паркийн төслийг хариуцан ажиллаж байна. Харин “Монэксалл” ХХК Говьсүмбэр аймагт мал аж ахуйн шинжлэх ухаан, технологийн үйлдвэрлэлийн эко парк ажиллуулахаар тусгай зөвшөөрөл авсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөнгөн үйлдвэрийн паркийн байршлыг Улаанбаатар хотод Эмээлт дэх арьс, ширний, Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэр технологийн, мөн Ховд, Говьсүмбэр, Дорнод аймагт төвлөрүүлэн байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгааг тэрбээр дурдаад, эдгээрийг нэгбүрчлэн танилцууллаа. Тухайлбал, Ховд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 2022 оноос улсын төсвийн хөрөнгөөр хийж эхэлсэн бөгөөд ирэх 2025 онд дуусах ажээ. Тус паркад 100 үйлдвэр ашиглалтад орж, 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох юм. Төслийг Ховд аймгийн өмчит “Шинэ Ховд” ХХК хариуцаж байна. Мөн Дархан-Уул аймагт байгуулагдах Төвийн бүсийн хөнгөн, хүнсний үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд 2025 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг тусгагдсан байна. Олдоогийн байдлаар паркийн байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зургууд хийгдээд, магадлуулах шатдаа явж байгаа аж.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ажил үндсэндээ 2009 оноос эхэлж, 2022 оноос нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхлээд байна. Төслийн эрчим хүчнй эх үүсвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар нийслэлийн 2025 оны төсөвт тусгагджээ. Харин Говьсүмбэр аймгийн Баянтал дахь мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэр технологийн паркийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр бэлтгэж байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа үйлдвэрлэл технологийн паркууд хуулийн дагуу НӨАТ-ын төлбөрийг дөрвөн жил хүртэл хугацаанд хойшлуулах, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг мөн хугацаагаар чөлөөлөх, үл хөдлөх эд хөрөнгийн татвар чөлөөлөх зэрэг бодлогын дэмжлэг үзүүлж буй юм. Алтанширээ технологийн паркад гаалийн татвараас 39.0 тэрбум төгрөг чөлөөлөх, НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөгдсөн байна. Тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар 40.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа аж.
Үүнд, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12.0 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж байна 2028 онд бүрэн ашиглалтад орох эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 432 тэрбум орчим төгрөгийн татвар төлөх бөгөөд 2000 гаруй ажлын байр шинээр бий болгох ажээ.
Харин Эрдэнэтийн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцэд Эрдэнэт үйлдвэр 137.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Зэс баяжуулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрүүд баригдах тус паркийн 12.6 км авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэл 45 хувьтай, төмөр замын ажил 91 хувьтай, ус хангамж, ариутгах татуургын ажлын гүйцэтгэл 76 хувьтай байна. Цахилгаан хангамжийн бүтээн байгуулалт үндсэндээ дуусчээ. Үйлдвэрүүд 2029 онд ашиглалтанд орж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38 тонн мөнгө, 182 мянган тонн элементийн хүхэр, 118 мянган тонн хүхрийн хүчил боловсруулахаар төлөвлөгджээ.
Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар танилцуулгадаа Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй нь ажилд гацаа үүсгэж байгааг онцолсон юм. Үйлдвэрлэл технологийн парктай холбоотой 12 журам батлахаас долоо нь батлагдаад байгаа бөгөөд газрыг тусгай хэрэгцээнд авах, түүхий эдийн баталгаа, дэд бүтцийн хангамжид хөнгөлөлт үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүчийг төлбөрөөс чөлөөлөх, АМНАТ-ыг хөнгөлөх зэрэг асуудлыг зохицуулах журмууд гараагүй байгаа юм.
Тэрбээр, Монголын ард түмнийг аж үйлдвэрлэл ажилтай, орлоготой байлгана гэх бодлого, зорилтоо бид хэрэгжүүлж чадахгүй маш их хугацаа алдаж байна гээд, Улсын Их Хурлын гишүүд үүн дээр бодитой шийдэл гаргах хэрэгтэй байна гэлээ. Сайд нарын мэдээллийг сонссоны дагуу Байнгын хороо удирдамж баталж, ажлын хэсэг байгуулан яамд болон үйлдвэр технологийн паркуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шийдэл гаргана гэв. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар идэвхтэй ажиллана гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороодод чиглэл өглөө

Улстөр нийгэм
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1.291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгосон.
Иймд иргэдийг Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриаллаа.
Улстөр нийгэм
Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг өнөөдөр (2026.03.12) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилттой, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилт, 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан.
Үүнээс мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу хяналт-шинжилгээ хийсэн байна.
Хяналт-шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийжээ. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсныг Эдийн засаг, хөгжлийн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
-
Цаг үе2024/07/22
Дахин төлөвлөсөн 290 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна
-
Цаг үе2021/07/06
Энэ онд малчид ямар компанид ноосоо тушааснаар урамшуулалд хамрагдах боломжтой в...
-
Үзэл бодол2022/07/08
"Солонгост байгаа монголчууд Төрийн банкаар дамжуулан орон сууцтай болох бо...
-
Цаг үе2023/11/07
ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
