Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголын тайлан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тэрбээр сонсгол, түүний үе шат, явуулсан ажиллагааны танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хуралдаанд нэр дэвшигч М.Алтан-Очирын талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ нэр дэвшигч С.Энхбаатарын талаар тус тус танилцуулсан юм.


Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол С.Эрдэнэболд гишүүн хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах ажиллахыг нэр дэвшигчдэд захив. М.Нарантуяа-Нара гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингээд нэр дэвшигч С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн бол  нэр дэвшигч М.Алтан-Очирыг дээрх зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.



“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын сонсгол зохион байгуулсан гэлээ. Сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан 37, иргэн, хуулийн этгээд 85, цахимаар 2, ажиглагчаар 2 иргэн, нийт 126 оролцогч хамрагдсан байна.
Тус сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын илэрхийлсэн саналыг нэгтгэн, ийнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа П.Сайнзориг гишүүн хэллээ. Үүнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонсголын үеэр олон давтамжтай хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулах хэмээжээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг албажуулан, нэр томьёог нэг мөр болгож, улмаар Эрүүгийн хууль дахь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох шаардлагатай гэжээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх талаар чиглэл өгөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай  хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн талаар цогц судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх, шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөц, төсөв, санхүүжилт, чиг үүргийн талаар бодлогын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээсэн байна.


Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа, харилцан үзүүлэх гэрээг гадаад улс орнуудтай байгуулах, Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг холбогдох байгууллага нарийвчлан гаргаж, энэ талаараа Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж, шаардлагатай тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байх талаар санал олонтаа давтагдсан хэмээн тайланд дурдав. Албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнийг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын талаарх мэдээллийн сан үүсгэх, Төрийн албаны тухай хууль болон болон холбогдох бус хуульд заасны дагуу арга хэмжээ авах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нэгнээ хянадаг одоогийн бүтэц, тогтолцоог өөрчлөх асуудлыг судлан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлаас эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахтай холбоотой  асуудлаар цогц хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар мөн тусгажээ. Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.


П.Сайнзориг гишүүний танилцуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, Х.Номинчимэг, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлээд, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив. 
Дараа нь "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зарим асуудлыг гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, саналууд гаргасан учраас төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа

Огноо:

,

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.

Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төлөвлөгөө нь:

-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх

-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх

-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.

Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын  төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Огноо:

,

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.

Үүнд:
    Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
    Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
    Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох