Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.12.25/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээний санал болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

334 тоот

2

УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан

Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

11.00

“Их засаг”

3

УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Жагсагчдын шаардлагыг хүлээн авав

Огноо:

,

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын дарга Д.Дондогмаа, УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, УИХ-ын даргын зөвлөх Н.Отгончимэг болон албаны бусад хүмүүс 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр жагсагчдын төлөөлөлтэй уулзан, шаардлагыг хүлээн авлаа.

Тэрхүү шаардлагад, УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд гадаадаас ажиллах хүч авахад хязгаарлалт тогтоохгүй байхаар тусгасан нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөнийг дурдаад, УИХ-ын гишүүд өргөсөн тангарагаасаа няцсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тиймээс тэдгээр гишүүдийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай агуулгыг тусгажээ.

УИХ-ын даргын зөвлөх, Ажлын албаны дарга Т.Төрболд, “Энэхүү шаардлагыг УИХ-ын даргад танилцуулна. Олон нийтийн санаа бодолд үл нийцэх аливаа асуудлыг анхаарч ажиллах бодлогыг УИХ-ын дарга баримтлан ажиллаж байна. Иргэн хүн хууль тогтоох байгууллагад хандаж, өргөдөл, гомдлоо гаргах, байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй. Та бүхний шаардлагыг хуулийн дагуу судлан үзэж, хариу өгнө” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн.

Хамтарсан хуралдааныг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар даргалсан бөгөөд  хуралдаанаар Байгаль орчны салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонслоо.


Тэрбээр мэдээлэлдээ, Байгаль орчин, уур амьсгалын салбарт 28 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөнгөн дүнгээр нийт 182.4 сая ам.долларын санхүүжилттэй байгааг дурдаад Байгаль орчны мэдээллийн санд байгаа мэдээллээр 1998-2023 оныг хүртэл үзэглэж, батлан хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 107 байна. Нийт дүнгээрээ 360 орчим сая ам.доллар эл салбарт зарцуулагдаад байна гэв.

Үүнээс онцолбол тусгай хамгаалалттай газар нутагт нийт санхүүжилтийн гуравны нэг нь ногдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 24 хувь зарцуулагдсан. Олон улсын байгаль хамгааллын чиглэлийн донор байгууллагуудын санхүүжилтийн гол сонирхол нь урт хугацаанд тогтвортой үр өгөөж өгөх, хамгаалагдсан газар, байгаль хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхийг илүүд үздэг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамгийн их санхүүжилт хийж байгаагийн нэг шалтгаан гэлээ.
2024 оны байдлаар Даян дэлхийн байгаль орчны сан, БНСУ, ХБНГУ, Уур амьсгалын ногоон сан, Европын холбоо, Япон, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр 28 төсөл хэрэгжиж байна.


Өнөөдрийн байдлаар 2028 он хүртэл 10 жилийн хугацаанд буюу 2018-2028 оны хооронд эдгээр төслүүдээр дамжин 170 орчим сая ам.долларын дотогшлох урсгал бий болж байна. Үүнийг эрчимжүүлэх, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ төслүүдийн зарим нь тухайн улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх нөхцөл тавьдаг тул Монгол Улсын Засгийн газраас ойролцоогоор 100 сая ам.долларын шууд бус санхүүжилтийг оруулах үүрэг хүлээсэн. Иймээс улсын болон орон нутгийн төсвөөс байгаль хамгаалалд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг дахин авч үзэх, сайтар судлах шаардлагатай байна. Эдгээр төслүүдээс 2028 он хүртэл ямар хэмжээний санхүүлжилт хийх боломжтойг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.


Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд жил бүрээр төслүүдийн санхүүжилтийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулан харвал хангалттай биш байна. Яамнаас шалтгаалж байгаа асуудлууд болон дэмжлэгтэйгээр сайжруулж болох асуудлуудыг тодорхойлж байгаа гээд удаашралтай байгаа төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.
2024 оны байдлаар хэрэгжиж буй 28 төслийн хувьд авч үзэхэд Хөвсгөл, Завхан, Ховд, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад 2-5 төсөл хэрэгжиж байна. Төслийн санаачилга гараад эцэслэн батлагдаж хэрэгжих хүртэл ойролцоогоор 2 жилээс багагүй хугацаа зарцуулагдаж байгаа тул 2024 оны байдлаар хэрэгжиж эхэлж байгаа төслийн үндсэн концепц хэрэгжих байршил нь 2022 он, түүнээс өмнө батлагдсан болохыг сайд онцлоод төслийг хэрэгжүүлэхдээ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хил хязгаарт тулгуурладаггүй бөгөөд байгалийн бүс, бүслүүр, экосистемийн хил хязгаар, хамгаалалтын дэглэмийн нөхцөлүүдэд тулгуурлан тогтоодог нийтлэг шинж чанартай гэлээ.


Төслүүдийн санхүүжилтийн дийлэнх нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментэд чиглэж байгаа нь (53%, 97.5 сая ам.доллар) байгаль хамгаалал, биологийн төрөл зүйлийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт болохыг харуулж байна. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлт (16 хувь буюу 29.1 сая ам.доллар), химийн хортой бодисын аюул (6 хувь буюу 11.9 сая ам.доллар), цөлжилт (8 хувь буюу 14.6 сая ам.доллар) зэрэг бусад чухал асуудлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч байна. Ойжуулалт, ойн салбарын шинэчлэл, цөлжилтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 8 хувь буюу 14.6 сая ам.долларын гурван төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 16 хувь буюу 29.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Химийн хорт, аюултай бодисын чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 хувь буюу 11.9 сая ам.долларын 3 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 7 хувь буюу 12.1 сая ам.долларын 5 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлд одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 10 хувь буюу 18.1 сая ам.долларын 6 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгааг С.Одонтуяа сайд  мэдээлэлдээ онцолсон.


Мөн тэрбээр цаашид Монгол Улс нь байгаль орчны төслүүдээ хэрэгжүүлэхэд гадаадын санхүүжилтийг татах шаардлагатайг дурдаад үүний тулд олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт хийх (co-financing) шаардлага үүсч байна. Ингэснээр санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, төслийн хэрэгжилтийг сайжруулах боломжтой гэв.
Түүнчлэн төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулахын тулд үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, зорилгодоо төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог шинэчлэх, Сангийн яамны мэдээллийн сантай бүрэн нийцүүлэх, байгаль орчны салбарт санхүүжилтийг хуваарилахдаа зөвхөн нэг чиглэлд төвлөрөхгүй, харин цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, химийн хортой бодис зэрэг бусад чухал асуудлуудад ч анхаарал хандуулах нь зүйтэй гэж  үзэж байна гэлээ. 


Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Замира, М.Мандхай, Ц.Идэрбат М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа нар үг хэлсэн. Гишүүд эл салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг цаашдаа олон шалгуур үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь илүү тодорхой нарийвчлалтай гаргадаг болох, мөн салбарын яамнаас урт хугацаандаа байгаль орчны салбарт хэрэгжүүлж буй төслүүдээр дамжуулан ямар үр дүнд хүрэх талаараа тодорхой танилцуулж, иргэд, малчдыг мэдээллээр хангахад бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Мөн цаашид хэрэгжүүлэх төслүүдийг уур амьсгалын өөрчлөлт, өвөлжилтийн хүндрэлтэй холбоотойгоор малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, тэднийг малжуулах, амьжиргааг нь дэмжих, цаашлаад бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг тодорхой чиглэлд хандуулахад онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  

Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тоонд хүрсэн тул 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий уг ажлын хэсгийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон. Ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, сонсгол явуулах сэдэв, тов тогтоох асуудлаа хэлэлцсэн гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Н.Наранбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Ерөнхий хяналтын сонсголыг утаа багасдаг хоёрдугаар сард зохион байгуулахаар товлосон шалтгаан, нөхцөлийг тодруулахын зэрэгцээ сонсголд зөвхөн нийслэлийн асуудлыг хамруулж ярилцах эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ажлын хэсгийнхэн сонсголын хугацааны тухайд олон талаас нь ярилцсан. Сонсгол хийх  болон бусад зохион байгуулалтын ажлуудын явцыг тодорхой ярилцаад иргэдийн дунд санал асуулга явуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгуулагын төлөөлөл, иргэдийг сонсголд өргөнөөр оролцуулах боломжийг хангах зэрэг арга хэмжээнүүдийг авахад, хамгийн богино хугацааг тооцохоор нэгдүгээр сарын 23-ны өдөр болж байгаа юм. Үүнээс нааш зохион байгуулах боломжгүй байна. Мөн ажлын хэсгээс энэ хугацаанд утааны бохирдол иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй байдал, энэ чиглэлийн бодлого, шийдвэрүүдийн үр дүн, технологийн шийдэл гэх зэрэг чиглэлээр дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг баримт нотолгоонд тулгуурлаж явуулах, цаашлаад шинжээч нэмэх шаардлага ч үүсч болзошгүй байгааг харгалзан хугацааг хоёрдугаар сард явуулахаар тохирсон. Түүнчлэн утааны сонсголыг нийслэл хотоор хязгаарлалгүй, Монгол Улсын хэмжээнд асуудлыг тавьж хөндөнө хэмээн хариулж байлаа.

Байнгын хорооны тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтиин үр дүн шийдэл” сэдвээр, зохион байгуулах, мөн уг сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр явуулахаар тусгасан байв. Ингээд уг тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  78.6 хувь нь дэмжлээ.

Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, А.Ганбаатар нарыг нэмэхээр тусгасан байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох