Цаг үе
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 12,13-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
2025 оны хоёрдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтний эрч суларч 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хүйтний эрч суларч 7-9 хэм хүйтэн байна.
2025 оны хоёрдугаар сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12,15-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэмийн хүйтэн, өдөртөө 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Цаг үе
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Леогийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ.
Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн Хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхана.
Монгол Улс Гэгээн Ширээт Улстай 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй өрнөж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис-ын хийсэн төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн түүхтэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх түүхэн айлчлал болсон.
Пап IV Инносентээс 1245 онд Гүюг хаанд бичсэн болон 1246 онд Их хаанаас хариу болгон илгээсэн захидал нь хоёр улс олон зуун жилийн өмнө харилцаж байсныг нотлох үнэт эх сурвалжид тооцогддог юм.
Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Данбадаржайлин хийдэд ажиллаж, тус хийдийн 4.5 га газрыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгохоор төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Түүнчлэн энэ үеэрээ ирэх онд Улаанбаатар хотын явган хүний зам болон дугуйн замын сүлжээг өргөтгөх талаар дурдсан юм.

Энэ талаар тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 101.7 км урт дугуйн зам байна. Дугуйн замын нийт уртыг 2040 онд 1677 км хүргэхээр төлөвлөжээ. Ингэхдээ “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан, авто замын хөдөлгөөнөөс тусдаа, бие даасан дугуйн тээврийн хэрэгсэл явах боломжтой, ногоон байгууламжийг тусгасан байдлаар төлөвлөж байна.
Энэ онд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 54.2 км урт, 205,414 ам.метр талбай бүхий дугуйн болон явган замын 14 төсөл, арга хэмжээнд хяналт тавин хэрэгжүүлж байна. Үүнээс 73,410 ам.метр талбайг угсарч дууссан бөгөөд нийт ажлын явц 41 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн энэ онд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас 11770 ам.метр талбайд дугуйн зам, явган замын ажлыг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотод хүн ам олноор суурьшиж байгаа учраас дугуйн замыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байдлаар явган хүний зам, авто замтай уялдуулан төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар хэлж байв.
Цаг үе
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
